Сайн ба муу инжир

24 1 Вавилоны хаан Небухаднезар нь Иудагийн хаан, Иехоиакимын хүү Иекониаг, Иудагийн түшмэд, урчууд болон дархчуудын хамт Йерусалимаас олзлон авч, Вавилонд авчирсны дараа ЭЗЭН надад үзүүлэв. Үзэгтүн, ЭЗЭНий сүмийн өмнө хоёр сагс инжир байв!* 2 Нэг сагсанд анх боловсорсон инжир мэт маш сайн инжир байв. Нөгөө сагсанд муудсан тул идэж болохооргүй маш муу инжир байв. 3 Тэгтэл ЭЗЭН надад
—Иеремиа, чи юу харж байна вэ? гэхэд би
—Инжир, маш сайн инжир бас идэж болохооргүй муу, маш муу инжир гэв. 4 Тэгэхэд ЭЗЭНий үг над дээр ирж, айлдахдаа
5 Израилын Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Энэ газраас халдеичуудын нутагт аваачсан Иудагийн олзлогдогсдыг Би эдгээр сайн инжиртэй адил сайнд тооцно. 6 Учир нь Би сайны төлөө мэлмийгээ тэдэн дээр тогтоох бөгөөд тэднийг энэ нутагт дахин авчирна. Би тэднийг барьж босгох бөгөөд унагахгүй, тэднийг тарьж суулгах бөгөөд зулгааж тастахгүй. 7 Би тэдэнд Намайг мэдэх зүрхийг өгнө. Учир нь Би бол ЭЗЭН. Тэд Над руу бүх зүрх сэтгэлээрээ буцаж ирэх тул тэд Миний ард түмэн, Би тэдний Бурхан нь болно. 8 Харин, үнэхээр ЭЗЭН ингэж айлдаж байна. Муудсан тул идэж болохооргүй болсон муу инжиртэй адил, Би түүнчлэн Иудагийн хаан Зедекиа ба түшмэдийг нь, мөн энэ нутагт үлдсэн Йерусалимын үлдэгсдийг бас Египет нутагт амьдардаг хүмүүсийг хаяна. 9 Би тэднийг дэлхийн бүх хаанчлалд аймшиг, ёр муу болгоно. Тэднийг тарааж бутаргах бүх газарт минь тэд зэмлэл, ёгт үг, тоглоом тохуу ба хараал болно. 10 Тэдэнд болон тэдний эцэг өвгөдөд Миний өгсөн газар нутгаас Би тэднийг устгах хүртэл тэдний дээр илд, өлсгөлөн болон тахлыг илгээнэ” гэв.


  • 24:1 2Ха 24:12–16; 2Шс 36:10