Буцаж ирэхүйн баяр хөөр
31 1 “Тэр үед Би Израилын бүх ургийн Бурхан байж, тэд ард түмэн минь болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
2 ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Илднээс амьд үлдсэн хүмүүс нь
Цөлд нигүүлслийг олсон,
Амралтаа хайхаар явсан Израил юм”
3 ЭЗЭН түүнд холоос үзэгдэн
“Би чамайг үүрдийн хайраар хайрласан.
Тиймээс Би чамайг хайр энэрлээр татсан билээ.
4 Би чамайг дахин барьж,
Чи дахин баригдах болно, онгон охин Израил аа!
Чи дахин товшууруудаа авч,
Баярлан цэнгэгчдийн бүжигт очно.
5 Чи дахин Самарийн толгод дээр
Усан үзмийн цэцэрлэгүүдийг суулгана.
Тариаланчид тарьж, таашаах болно.
6 Учир нь Ефраимын толгод дээрх харуулууд
«Босоцгоо, Сион өөд, ЭЗЭН Бурхандаа очицгооё» гэж хашхирах өдөр ирнэ.”
7 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Иаковын төлөө баяртайгаар чанга дуулж,
Үндэстнүүдийн ахлагчдын дунд хашхирагтун.
Тунхаглан магтаалыг өргөж,
«Аяа ЭЗЭН, Израилын үлдэгсэд болох ард түмнээ авраач» гэж хэл.
8 Үзэгтүн, Би тэднийг хойд зүгийн нутгаас авчирна.
Би тэднийг дэлхийн алслагдсан хэсгүүдээс цуглуулна,
Тэдний дунд сохор ба доголон,
Жирэмсэн эмэгтэй ба төрөхөөр өвдөж буй эмэгтэй
Бүгд хамтдаа байх болно.
Бөөн хүмүүс, энд буцаж ирнэ.
9 Тэд уйлан ирж,
Би тэднийг гуйлтаар удирдана.
Би тэднийг урсгал усны хажуугаар,
Бүдрэхээргүй тэгшхэн замаар алхуулна.
Учир нь Би Израилд Эцэг нь бөгөөд
Ефраим бол ууган хүү минь юм.”
10 Үндэстнүүд ээ, ЭЗЭНий үгийг сонсож,
Алс холын эргүүдэд тунхаглан
“Израилыг тараасан Нэгэн түүнийг цуглуулан
Хоньчин хонин сүргээ хамгаалдаг шиг
Түүнийг хамгаална” гэж хэлцгээ.
11 Учир нь ЭЗЭН Иаковыг зольж,
Илүү хүчирхэг нэгний гараас түүнийг чөлөөлсөн.
12 Тэд ирж, Сионы өндөрлөгүүд дээр баярлан хашхиралдана.
ЭЗЭНий хишиг, үр тариа, шинэ дарс, тос,
Мал сүргийн үр төлийн улмаас тэд гэрэлтэнэ.
Тэдний амьдрал услагдсан цэцэрлэг мэт болж,
Дахин хэзээ ч доройтохгүй.
13 Тэгээд онгон охин мөн залуу ба хөгшин хүн
Хамтдаа бүжиглэн баярлана.
“Би тэдний гашуудлыг баяр хөөр болгож,
Тэднийг тайвшруулан
Зовлонгийнх нь оронд тэдэнд
Баяр хөөрийг өгнө.
14 Би тахилч нарын сэтгэлийг
Тос нүнжгээр дүүргэж,
Ард түмэн минь Миний сайн сайхнаар
Хангалуун байх болно” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
15 ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Ихэд гашуудан уйлах дуу Рамад сонстов.
Рахел хүүхдүүдийнхээ төлөө уйлна.
Тэд нь үгүй болсон тул
Тэрээр тайтгарал авахыг үл хүсэв.”*
16 ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Уйлахаас дуу хоолойгоо,
Нулимснаас нүдээ тэвчин барь.
Учир нь үйлс чинь шагнагдана” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
“Тэд дайсны нутгаас буцаж ирнэ.
17 Та нарын ирээдүйд найдвар бий
“Хүүхдүүд нутаг дэвсгэртээ буцаж ирнэ” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
18 “Ефраим нь
«Та намайг гэсгээсэн бөгөөд
Би сургагдаагүй бух шиг гэсгээгдсэн.
Та миний Бурхан ЭЗЭН тул
Намайг буцаан авчраач,
Ингэснээр би сэргээгдэнэ.
19 Учир нь би буцаж эргэсэн
Тэгээд дараа нь гэмшсэн билээ.
Би зааварлуулсныхаа дараа гуяа балбасан.
Залуу үеийнхээ гутамшгийг үүрсэн тул
Ичиж, дорд болгогдсон» хэмээн
Гашуудаж байхыг нь Би үнэхээр сонслоо.
20 Ефраим хайрт хүү минь мөн үү?
Тэрээр тааламжит хөвгүүн мөн үү?
Үнэхээр Би түүний эсрэг ярих бүрдээ
Би түүнийг лавтайяа санадаг.
Тийм болохоор зүрх сэтгэл минь түүнд тэмүүлдэг.
Би гарцаагүй түүнд өршөөл үзүүлнэ” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
21 “Өөртөө замын тэмдгүүдийг тавьж,
Дохио тэмдгүүдийг байрлуул.
Оюун бодлоо явсан зам руугаа,
Их зам руу чиглүүл.
Эргэж ирээч, онгон охин Израил аа,
Өөрийнхөө эдгээр хотод эргэж ирээч.
22 Итгэлгүй охин, чи хэр удаан
Үүгээр түүгээр явах юм бэ?
Учир нь ЭЗЭН дэлхий дээр
Нэгэн шинэ зүйл бүтээв.
Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг хүрээлнэ.”a
23 Израилын Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би тэдний сайн сайхныг сэргээх үед тэд Иудагийн нутагт болон хотуудад нь дахин нэг удаа
«Зөв шударгын гэр, ариун толгод оо,b
ЭЗЭН чамайг ерөөх болтугай!»
гэх энэ үгийг хэлэх болно. 24 Иуда болон бүх хот нь, тариачин болон хонин сүрэгтэйгээ нүүдэллэгчид хамтдаа түүн дотор амьдарна. 25 Учир нь Би ядарч эцсэн хүмүүсийг хангаж, сульдсан хүмүүсийг сэргээдэг” гэв. 26 Сэрээд харахад минь миний нойр надад тааламжтай байлаа.
Хувьчилсан шийтгэл
27 “Үзэгтүн, Би Израилын гэр болон Иудагийн гэрийг хүний үр ба адгуус амьтны үрээр тарьж суулгах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 28 “Зулгаан зумлаж, эвдлэн хямруулж, хөмрүүлж, сүйтгэж мөн гай гамшгийг авчрахын тулд Би тэдэн рүү харж байсан шигээ тарьж ургуулахын тулд Би тэдэн рүү харах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 29 Тэдгээр өдрүүдэд тэд
“Эцгүүд гашуун усан үзэм иджээ.
Харин хүүхдүүдийнх нь шүд мохно” гэж дахин хэлэхгүй.*
30 “Гэвч хүн бүр хилэнцийнхээ улмаас үхнэ. Гашуун усан үзмийг иддэг хүн бүрийн шүд нь мохох болно.”
Шинэ гэрээ
31 ЭЗЭН тунхаглаж байна. “Харагтун, Израилын гэр ба Иудагийн гэртэй Би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна.* * 32 Энэ нь тэднийг Египет нутгаас гаргахын тулд эцэг өвгөдийнх нь гараас хөтөлсөн тэр өдөр тэдэнтэй байгуулсан боловч, хань нөхөр нь болсон Намайг байсаар байтал тэдний зөрчсөн тэр гэрээтэй минь адилгүй юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 33 “Тэр өдрүүдийн дараа Израилын гэртэй Миний байгуулах гэрээ энэ юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би хуулиа тэдний дотор хийж, Би тэдгээрийг зүрхэн дээр нь бичнэ. Би тэдний Бурхан, тэд Миний ард түмэн болно.* 34 Хүн бүр хөршдөө, ах дүүдээ «ЭЗЭНийг мэд» гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуу нь хүртэл тэд бүгд Намайг мэдэх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Учир нь Би тэдний хилэнцийг уучилж, нүглийг нь дахин эс санана.”*
35 Гэрэл болгож өдрөөр нарыг,
Шөнөөр сар болон оддыг
Зарлигаар тогтоосон,
Давлагааг нь хүржигнэтэл далайг хутгадаг
ЭЗЭН ингэж айлдаж байна.
Нэр нь түг түмдийн ЭЗЭН.
36 “Хэрэв энэ тогтоогдсон зарлиг
Миний өмнөөс холдвол,
Израилын үр удам бас
Миний өмнө үндэстэн байхаа үүрд болино” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
37 ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Хэрэв дээрх тэнгэрүүд хэмжигдэж,
Доорх газрын сууриуд тооцоологдож чадвал,
Би ч бас Израилын бүх үр удмыг
Үйлдсэн бүгдийнх нь төлөө зайлуулна” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
Йерусалим тэлэх болно
38 “Үзэгтүн, ЭЗЭНд зориулж Хананелын цамхгаас Булангийн гулдан хаалга хүртэл хот дахин баригдах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 39 “Хэмжүүр шугам нь цаашаа чигээрээ Гареб толгодод хүртэл явна. Дараа нь тэр Гоа руу эргэнэ. 40 Үхдэл чандруутай бүхий л хөндий болон Кидрон гуу хүртэлх бүх талбай, зүүн тийш Адууны гулдан хаалганы булан хүртэл ЭЗЭНд ариун болно. Энэ нь дахин зулгаан зумлагдахгүй эсвэл хөмрөгдөхгүй.”
- 31:15 Эх 35:16–19; Мт 2:18
- a31:22 Эх бичвэртээ сүүлчийн шад тодорхой бус.
- b31:23 Ариун толгод: Йерусалим дахь ЭЗЭНий өргөө болон ордны нэг хэсэг болсон Сион уул.
- 31:29 Езк 18:2
- 31:31 Мт 26:28; Мк 14:24; Лк 22:20; 1Ко 11:25; 2Ко 3:6
- 31:31–34 Евр 8:8–12
- 31:33 Евр 10:16
- 31:34 Евр 10:17