Йерусалимын уналт
39 1 Иудагийн хаан Зедекиагийн есдүгээр оны аравдугаар сард Вавилоны хаан Небухаднезар болон бүх цэрэг нь Йерусалимын эсрэг ирж, хотыг бүслэв. 2 Зедекиагийн арван нэг дэх оны дөрөвдүгээр сард, тэр сарын есөнд хотын хэрэм цөмлөгджээ. 3 Тэгэхэд Вавилоны хааны бүх түшмэд болох Нергал-Сар-Езер, Самгар-Небу, ахлах тайган Сар-Сехим, тэргүүн мэргэч Нергал-Сар-Езерa болон Вавилоны хааны хамаг үлдсэн түшмэд орж ирэн Дунд гулдан хаалганы дэргэд сууцгаав. 4 Иудагийн хаан Зедекиа болон бүх дайчин эрс тэднийг хараад, хааны цэцэрлэгийн замаар хоёр хэрмийн хоорондох хаалгаар дамжин хотоос шөнөөр зугтан гарчээ. Тэрээр Арабагийн замаар явав. 5 Гэвч халдеичуудын цэргүүд тэднийг мөшгөн хөөж, Иерихогийн талд Зедекиаг гүйцэж барьсан бөгөөд тэд түүнийг бариад, Хаматын нутаг дахь Риблад буй Вавилоны хаан Небухаднезар дээр аваачсан ба тэрээр түүнд ял оноов. 6 Дараа нь Вавилоны хаан, Зедекиагийн хөвгүүдийг Риблад нүднийх нь өмнө алав. Вавилоны хаан бас Иудагийн бүх дээдсийг алав. 7 Тэрээр Зедекиагийн нүдийг ухаж хаяад, түүнийг Вавилонд аваачихаар хүрэл дөнгөөр дөнгөлжээ. 8 Халдеичууд хааны өргөө болон хүмүүсийн гэрийг галдан шатааж, Йерусалимын хэрмийг нураав. 9 Хааны ахлах хамгаалагч Небузарадан хотод үлдсэн ард түмний үлдэгдлүүдийг урвасан буюу түүн рүү оргосон хүмүүс мөн үлдсэн бусад хүмүүстэй цуг Вавилон руу цөллөгт аваачив. 10 Харин тэрээр юу ч үгүй хамгийн ядуу цөөн хэдэн хүнийг Иудагийн нутагт үлдээж, тэдэнд тэр өдөр усан үзмийн ба тариалангийн талбайнуудыг өгчээ.
Иеремиаг суллав
11 Вавилоны хаан Небухаднезар нь ахлах хамгаалагч Небузараданы гараар Иеремиагийн талаар тушаал буулгахдаа
— 12 Түүнийг аваад асрамжилж, түүнд ямар ч муу юм бүү хий. Харин тэр чамд юу гэж хэлсний дагуу түүнд үйлд гэв. 13 Тиймээс харуулын ахмад Небузарадан ахлах тайган Небушазбан, тэргүүн мэргэч Нергал-Сар-Езер болон Вавилоны хааны бүх удирдагчид хүн явуулав. 14 Тэд Иеремиаг харуулын хашаанаас хүн явуулж гарган аваад, түүнийг гэрт нь аваачуулахаар Шафаны ач, Ахикамын хүү Гедалиад хариуцуулав. Ингэж тэрээр хүмүүсийн дунд үлджээ.
15 Иеремиаг харуулын хашаанд хоригдон байх үед ЭЗЭНий үг түүнд ирж, 16 “Явж, этиоп хүн Ебед-Мелехтэй ярь. «Түг түмдийн ЭЗЭН, Израилын Бурхан ингэж айлдаж байна. ‘Үзэгтүн, энэ хотын дээр сайн сайхныг бус, гай гамшгийг буулгана гэсэн үгээ Би биелүүлэх гэж байна. Тэр өдөр тэдгээр үгс чиний өмнө биелэгдэх болно. 17 Харин тэр өдөр Би чамайг аварна’ гэж ЭЗЭН тунхаглаж байна. ‘Чи өөрийн айдаг хүмүүсийн гарт өгөгдөхгүй. 18 Учир нь Би чамайг заавал аварна. Чи илдэнд унахгүй. Харин чи Надад итгэж найдсан тул амиа олз болгон авна’ гэж ЭЗЭН тунхаглаж байна» гэж хэл” гэв.
- a39:3 Эдгээр эрсийн нэр цол нь тодорхой бус.