Бүслэлтийн үеэр Иеремиа талбай худалдаж авав

32 1 Иудагийн хаан Зедекиагийн аравдугаар онд буюу Небухаднезарын арван наймдугаар онд ЭЗЭНээс Иеремиад үг ирэв.* 2 Тэр үед Вавилоны хааны их цэрэг Йерусалимыг бүсэлж байсан бөгөөд эш үзүүлэгч Иеремиа, Иудагийн хааны ордны, харуулын хашаанд хоригдсон байв. 3 Учир нь Иудагийн хаан Зедекиа түүнийг хориод
—Чи яагаад эш үзүүлэн “ЭЗЭН айлдаж байна. «Үзэгтүн, Би энэ хотыг Вавилоны хааны гарт өгөх гэж байгаа бөгөөд тэр түүнийг авна. 4 Иудагийн хаан Зедекиа халдеичуудын гараас зугтаахгүй, харин тэрээр заавал Вавилоны хааны гарт тушаагдаж, түүнтэй нүүр нүүрээрээ, нүд нүдээ харж ярилцана. 5 Тэрээр Зедекиаг Вавилон руу аваачих бөгөөд Намайг түүн дээр очтол Зедекиа тэнд байна. Харин чи халдеичуудын эсрэг тулалдвал, амжилт олохгүй» хэмээн ЭЗЭН тунхаглаж байна” гэж хэлнэ вэ? гэжээ. 6 Иеремиа
—ЭЗЭНий үг надад ирж, 7 “Үзэгтүн, чиний авга ах Шаллумын хүү Ханамел чам руу ирж байгаа бөгөөд «Анатот дахь миний талбайг өөртөө худалдан авагтун. Учир нь худалдан авах золилтын эрх нь чамд бий» гэж хэлнэ” гэсэн. 8 Тэгтэл ЭЗЭНий үгийн ёсоор авга ахын минь хүү Ханамел, харуулын хашаанд над дээр ирээд надад “Бениамины нутагт орших Анатот дахь миний талбайг худалдан аваач. Учир нь эзэмших эрх чамд байгаа ба золилт нь чинийх билээ. Өөртөө худалдан аваач” гэж хэлэв. Тэгэхэд үүнийг ЭЗЭНий үг байна гэдгийг би мэдсэн юм. 9 Би Анатот дахь талбайг авга ахынхаа хүү Ханамелаас худалдан авч, түүнд арван долоон шекел мөнгө хэмжиж өгөв. 10 Би гарын үсгээ зурж, баримт бичгийг битүүмжлэн гэрчүүдийг дуудаж, мөнгийг жин дээр хэмжиж өгсөн ба 11 худалдан авсан юмны баримтыг, нөхцөл болзолтой битүүмжлэгдсэн хувь мөн битүүмжлэгдээгүй хувийг хоёуланг нь би авав. 12 Авга ахын минь хүү Ханамел болон худалдан авсан юмны баримтад гарын үсгээ зурсан гэрчүүдийн нүдэн дээр мөн харуулын хашаанд сууж байсан бүх иудейчүүдийн өмнө би худалдан авсан юмны баримтыг Махсеиагийн ач, Нериагийн хүү Барухад өгсөн. 13 Тэдний өмнө би Барухад тушаан 14 “Израилын Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Эдгээр баримтуудыг буюу худалдан авсан юмны битүүмжлэгдсэн баримт болон нээлттэй баримтыг аваад, тэднийг урт удаан хугацааны турш хадгалахын тулд шавар ваарт хий.» 15 Учир нь Израилын Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ нутагт гэрүүд, талбайнууд болон усан үзмийн талбайнууд дахин худалдагдан авагдах болно»” гэж хэлсэн.

Иеремиагийн залбирал

16 Худалдан авсан юмны баримтыг Нериагийн хүү Барухад өгсний дараа би ЭЗЭНд залбирч, 17 “Аяа, Эзэн БУРХАН! Үзэгтүн, Та аугаа хүч чадлаараа болон сунгасан мутраараа тэнгэрс ба газрыг бүтээсэн билээ. Танд юу ч дэндүү хэцүү биш. 18 Та мянга мянган хүнд хайр энэрэл харуулдаг боловч эцэг өвгөдийн хилэнцийг үр хүүхдийнх нь өвөрт буулгадаг аугаа хүчит Бурхан билээ. Нэр нь түг түмдийн ЭЗЭН. 19 Та хүн бүрд замынх нь болон үйлсийнх нь үр жимсний дагуу өгдөг бөгөөд мэлмий нь хүний хөвгүүдийн бүх замналыг харахаар нээлттэй байдаг, зөвлөгөөгөөрөө агуу, үйлдлээрээ хүчирхэг билээ. 20 Та энэ өдрийг хүртэл Израилд ч, хүн төрөлхтний дунд ч Египетийн нутаг дахь тэмдгүүд болон гайхамшгуудыг тогтоожээ. Энэ өдөр байгаатай адил Та Өөртөө алдар нэрийг бүтээжээ. 21 Та Өөрийн ард түмэн Израилыг тэмдгүүд, гайхамшгууд, хүчит гар, сунгасан мутраар болон агуу аймшгаар Египет нутгаас гарган авчирч, 22 эцэг өвгөдөд нь өгөхөөр Өөрийн амласан нутаг болох сүү балаар бялхсан нутгийг тэдэнд өгсөн билээ. 23 Тэд орж ирээд, түүнийг эзэмшсэн боловч тэд Таны дуу хоолойг дагаагүй, Таны хуулиар алхаагүй. Таны тэдэнд үйлд гэж тушаасан бүхнээс юуг ч тэд үйлдээгүй. Тиймээс Та энэ бүх гай гамшгийг тэдэн дээр авчирсан билээ. 24 Үзэгтүн, хотыг эзлэхээр бүслэлтийн далангуудыг босгожээ. Илд, өлсгөлөн болон тахлын улмаас хот өөрийнх нь эсрэг тулалдсан халдеичуудын гарт оров. Таны айлдсан зүйл биелжээ. Үзэгтүн, Та хардаг билээ. 25 Аяа Эзэн БУРХАН, хэдийгээр хот халдеичуудын гарт өгөгдсөн ч гэсэн Та надад «Өөртөө мөнгөөр талбай худалдан авч, гэрчүүдийг дууд» гэсэн билээ” гэсэн юм гэв.

Ард түмэн эргэж ирэх тухай

26 Тэгтэл ЭЗЭНий үг Иеремиад ирж, айлдахдаа 27 “Үзэгтүн, Би ЭЗЭН, бүх махбодын Бурхан. Надад ямар нэгэн дэндүү хэцүү зүйл гэж байх уу? 28 Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би энэ хотыг халдеичуудын гарт болон Вавилоны хаан Небухаднезарын гарт өгөх гэж байгаа бөгөөд тэрээр хотыг авах болно.* 29 Энэ хотын эсрэг тулалдаж буй халдеичууд хотод орж ирж, гал тавина. Дээвэр дээрээ Баалд утлага өргөсөн, Намайг уурлуулахын тулд өөр бурхдад ундаан өргөлийг асгасан байшингуудтай нь энэ хотыг шатаах болно. 30 Үнэндээ Израилын хөвгүүд болон Иудагийн хөвгүүд залуу үеэсээ нүдний минь өмнө зөвхөн муу муухайг үйлдэж байсан билээ. Учир нь Израилын хөвгүүд гарынхаа бүтээлээр Намайг ямагт уурлуулж байв» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 31 «Энэ хот баригдсан өдрөөсөө энэ өдрийг хүртэл уур хилэнг минь хөдөлгөсөн тул Би үүнийг хараанаасаа зайлуулна. 32 Учир нь Израилын хөвгүүдийн болон Иудагийн хүмүүсийн бүх нүглээс энэ нь болсон бөгөөд Намайг уурлуулахаар тэд, тэдний хаад, удирдагчид, тахилч нар, эш үзүүлэгчид, Иудагийн эрчүүд болон Йерусалимын оршин суугчид үүнийг үйлдсэн юм. 33 Тэд нүүрээ бус, нуруугаа Надад харуулав. Хэдийгээр тэдэнд дахин дахин заан сургасан боловч, тэд үл сонсож, зааврыг хүлээн авахгүй байв. 34 Харин тэд нэрээр минь дуудагдсан өргөөн дотор жигшүүрт зүйлсээ тавьж, өргөөг бузарладаг.* 35 Тэд хөвгүүд охидоо Молехт өргөхөөр Бен-Хинномын хөндийд Баалын мөргөлийн өндөрлөгүүдийг барьж, Иудаг нүгэлд хүргэжээ. Гэвч Би тэдэнд тушаагаа ч үгүй, бас ийм жигшүүрт зүйлсийг тэд хийнэ гэж Миний оюун бодолд ч ороогүй.»*
36 Тиймээс Израилын Бурхан ЭЗЭН «Илд, өлсгөлөн ба тахлаар Вавилоны хааны гарт тушаагдсан» гэж чиний хэлж буй энэ хотын талаар ингэж айлдаж байна. 37 «Үзэгтүн, уур, хилэн хийгээд их зэвүүцлээрээ Би тэднийг зайлуулсан бүх нутгаас цуглуулна. Би тэднийг энэ газарт буцаан авчирч, тэднийг аюулгүй амьдруулна. 38 Тэд Миний ард түмэн, Би тэдний Бурхан болно. 39 Тэд сайныхаа төлөө болон өөрсдийн дараах үр хүүхдүүдийнхээ төлөө Надаас үргэлж эмээхийн тулд Би тэдэнд нэг зүрх, нэг замыг өгнө. 40 Тэдэнд сайныг үйлдэн тэднээс эргэхгүй гэж Би тэдэнтэй үүрдийн гэрээ байгуулна. Тэд Надаас эргэхгүйн тулд Би тэдний зүрхэнд Надаас эмээхүйг хийнэ. 41 Би тэдэнд сайныг үйлдэхээр тэдэнд баярлан баясаж, бүх зүрх болон бүх сэтгэлээрээ тэднийг энэ нутагт итгэлтэйгээр тарьж суулгана.» 42 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би энэ ард түмэн дээр эдгээр бүх үлэмж гамшгийг авчирсантай адил түүнчлэн Би тэдэнд амлаж байгаа бүх сайныгаа бас Би тэдэн дээр авчрах гэж байна. 43 ‘Энэ нь хүн амьтангүй зэлүүд газар. Энэ нь халдеичуудын гарт тушаагджээ’ гэж чиний хэлж байгаа энэ нутагт талбайнууд худалдан авагдах болно. 44 Хүмүүс мөнгөөр талбайнуудыг худалдан авч, гарын үсгээ зурж, баримтуудаа битүүмжилж, Бениамины нутагт, Йерусалимын орчимд, Иудагийн хотуудад, уулархаг нутгийн хотуудад, нам дор газрын хотуудад болон Негевийн хотуудад гэрчүүдийг дуудна. Учир нь Би тэдний сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН тунхаглаж байна” гэв.


  • 32:1: 2Ха 25:1–7
  • 32:28 2Ха 25:1–11; 2Шс 36:17–21
  • 32:34 2Ха 23:10; Иер 7:30–31, 19:1–6
  • 32:35 Лев 18:21; 2Ха 23:10; Иер 7:31