Йерусалимыг Небухаднезар унагаана
21 1 Зедекиа хаан түүн рүү Малхиагийн хүү Пашхур болон Маасеиагийн хүү, тахилч Зефаниаг илгээх үед ЭЗЭНээс Иеремиад үг ирсэн юм.
— 2 Вавилоны хаан Небухаднезар бидний эсрэг довтолж байгаа тул бидний өмнөөс ЭЗЭНээс асууж өгөөч! ЭЗЭН бидэнд гайхамшигт үйлсийнхээ ёсоор хандаж магадгүй. Тэгвэл дайсан биднээс ухарч магад гэхэд* 3 Иеремиа тэдэнд
—Та нар Зедекиад хэлтүгэй. 4 Израилын Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, хэрмийн гадна талд чамайг бүсэлж байгаа Вавилоны хаан болон халдеичуудын эсрэг дайтахад чиний ашиглаж байгаа, гарт чинь буй зэр зэвсгийг Би эргүүлэх гэж байна. Би тэднийг энэ хотын төвд цуглуулах болно. 5 Би Өөрөө сунгасан гар, хүчит мутраар та нарын эсрэг уурлан хилэгнэж дургүйцэн тулалдана. 6 Би мөн энэ хотын оршин суугчдыг, хүн болон араатан амьтдыг ялгаагүй цохиж, тэд их тахлаас болж үхнэ. 7 Дараа нь Иудагийн хаан Зедекиаг мөн түүний зарц нар болон энэ хотын ард түмэн буюу энэ хотод тахал, илд болон өлсгөлөнгөөс амьд үлдсэн хүмүүсийг Би Вавилоны хаан Небухаднезарын гарт, дайснуудынх нь гарт мөн тэдний амийг хайгчдын гарт тушаана. Тэр тэднийг илдний ирээр цохиж, амьд үлдээхгүй, өрөвдөхгүй, энэрэх ч үгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.
8 Та нар мөн энэ ард түмэнд “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би та нарын өмнө амь болон үхлийн замыг тавьдаг. 9 Энэ хотод суусан хүн нь илд, өлсгөлөн, тахлаар үхнэ. Харин гадагш гарч яван та нарыг бүсэлж байгаа халдеичуудад бууж өгсөн хүн нь амьд гарч, амиа олз мэт олно. 10 Учир нь Би сайны төлөө бус, муугийн төлөө нүүрээ энэ хотын эсрэг чиглүүлсэн. ЭЗЭН тунхаглаж байна. Энэ хот Вавилоны хааны гарт өгөгдөх бөгөөд тэрээр үүнийг галдан шатаана»” гэж хэл.
Давидын гэрт хүргэх үгс
11 Тэгээд Иудагийн хааны гэрийнхэнд, “ЭЗЭНий үгийг сонсогтун, 12 Давидын гэр ээ, ЭЗЭН ингэж айлдаж байна.
«Өглөө бүр шударга ёсыг үйлд,
Үйлсийн чинь муугаас болж
Уур хилэн минь гал мэт гарч,
Юу ч унтрааж чадахгүйгээр шатахгүйн тулд
Дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар!»
13 ЭЗЭН тунхаглаж байна.
«Үзэгтүн, хөндий ба хадан цохионд суугч аа,
Би чиний эсрэг байна.
‘Хэн бидний эсрэг бууж ирэх юм бэ?
Хэн сууцанд маань орж ирэх юм бэ?’ гэж хэлэгч нар аа,
14 Би та нарыг үйлсийн чинь үр жимсний дагуу шийтгэнэ» гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
«Бүх орчин тойрныг нь залгиулахын тулд
Би ойд нь гал асаана»” гэж хэл гэв.
- 21:2 2Ха 25:1–11; 2Шс 36:17–21