Цөлөгдөгсдөд илгээсэн захидал

29 1 Цөллөгт үлдсэн ахмадууд, тахилч нар, эш үзүүлэгчид гэхчлэн Йерусалимаас Вавилон руу Небухаднезарын олзлон авч явсан бүх хүнд Йерусалимаас эш үзүүлэгч Иеремиагийн илгээсэн захидлын үгс ийм юм.* 2 (Энэ нь Иекониа хаан, эх хатан, ордны түшмэд, Иуда болон Йерусалимын удирдагчид, гар урчууд болон дархчуудыг Йерусалимаас одсоны дараа байв.) 3 Иудагийн хаан Зедекиагаас Вавилон руу Вавилоны хаан Небухаднезарт илгээсэн, Шафаны хүү Еласа болон Хилкиагийн хүү Гемариагийн гараар үүнийг явуулжээ.
4 Израилын Бурхан, түг түмдийн ЭЗЭН нь Йерусалимаас Вавилон руу цөллөгт илгээсэн бүх цөлөгдөгч хүндээ ингэж айлдаж байна. 5 “Байшин бариад амьдар. Цэцэрлэг тариалж, бүтээгдэхүүнийг нь ид. 6 Эхнэр авч, хөвгүүд охидын эцэг болцгоо. Хөвгүүддээ эхнэр авч, охидоо гэрлүүл. Тэд чинь хөвгүүд, охидыг төрүүлэг. Тэнд олшир, бүү цөөр. 7 Миний та нарыг цөлж явуулсан хотод сайн сайхныг эрэлхийлж, өмнөөс нь ЭЗЭНд залбир. Учир нь түүний сайн сайхан нь та нарын сайн сайхан болно.” 8 Учир нь Израилын Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарын дунд байгаа танай эш үзүүлэгчид ба төлгөчдөөр өөрсдийгөө бүү мэхлүүл. Тэдний зүүдэлдэг элдэв зүүдийг бүү сонс. 9 Тэд нэрээр минь та нарт хуурмагаар эш үзүүлдэг. Би тэднийг илгээгээгүй билээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
10 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Вавилоны төлөө далан жил дуусахад та нарыг энэ газарт буцааж авчрахын тулд Би та нар дээр ирж, сайн үгээ та нарт биелүүлнэ.* 11 Учир нь та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөх гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 12 “Та нар Намайг дуудаж, ирж, Над руу залбирахад Би та нарыг сонсоно. 13 Та нар Намайг хайх бөгөөд бүхий л зүрхээрээ Намайг хайвал олно.* 14 Би Та нарт олдоно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би та нарын сайн сайхныг сэргээж, та нарыг бүх үндэстэн болон Миний та нарыг зайлуулсан бүх газраас цуглуулах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Та нарыг цөллөгт илгээсэн газраасаа Би та нарыг буцааж авчирна.”
15 Та нар “Бидний төлөө ЭЗЭН, эш үзүүлэгчдийг Вавилонд босгов” гэж хэлсэн учраас 16 Давидын сэнтийд суудаг хаан ба энэ хотод амьдардаг бүх хүн, түүнчлэн та нартай хамт цөллөгт яваагүй ах дүү нарын чинь талаар ЭЗЭН ингэж хэлж байна. 17 Түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. “Үзэгтүн, Би тэдний дээр илд, өлсгөлөн бас тахлыг илгээж байгаа бөгөөд Би тэднийг ялзарсан тул идэж болохооргүй болсон инжиртэй адил болгоно. 18 Би тэднийг илд, өлсгөлөн болон тахлаар мөшгөнө. Би тэднийг очсон бүх үндэстнийх нь дунд хараал, аймшиг, харуусал болон зэмлэл байлгахын тулд Би тэднийг дэлхийн бүх хаанчлалд айдас болгоно. 19 Учир нь тэд миний үгсийг тоогоогүй” гэж ЭЗЭН айлдаж байна. “Би тэдэнд Өөрийн зарц, эш үзүүлэгчдийг дахин дахин илгээсэн ч тэд сонсоогүй” гэж ЭЗЭН айлдаж байна. 20 “Тийм болохоор та нар, Йерусалимаас Вавилон руу Миний явуулсан бүх цөлөгдөгч та нар ЭЗЭНий үгийг сонсогтун. 21 Нэрээр минь та нарт хуурамчаар эш үзүүлж байгаа Колаиагийн хүү Ахаб болон Маасеиагийн хүү Зедекиагийн талаар Израилын Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би тэднийг Вавилоны хаан Небухаднезарын гарт тушаах бөгөөд тэрээр тэднийг та нарын нүдний өмнө алах болно.» 22 Тэднээс болж Вавилонд байгаа Иудагаас ирсэн бүх цөлөгдөгч «ЭЗЭН та нарыг Вавилоны хааны галд шарагдсан Зедекиа болон Ахабтай адил болгог» гэж хараана. 23 Учир нь тэд Израилд мунхаг юм хийж, хөршүүдийнхээ эхнэрүүдтэй садар самууныг үйлдэж, Миний тэдэнд тушаагаагүй үгсийг Миний нэрээр хуурамчаар ярьсан. Би Мэдэгч бас Гэрч билээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Шемаиагийн захидал

24 Нехелам хүн Шемаиад чи ярь. 25 Израилын Бурхан, түг түмдийн ЭЗЭН айлдав. “Чи өөрийнхөө нэрээр Йерусалим дахь бүх хүнд болон Маасеиагийн хүү тахилч Зефаниад мөн тахилч нарт бүгдэд нь захидал илгээж 26 «Эш үзүүлэгч шиг аашилдаг ямар ч галзууг цагдах харгалзагч нар ЭЗЭНий өргөөнд байж, түүнийг дөнгө ба төмөр мүглэнд оруулахын тулд ЭЗЭН чамайг тахилч Иехоиадагийн оронд тахилч болгосон. 27 Гэтэл чи яагаад чамд эш үзүүлэгч болж аашилдаг анатот хүн Иеремиаг буруушаасангүй вэ? 28 Учир нь тэрээр Вавилон руу бидэнд ‘Цөллөг удаан үргэлжилнэ. Гэрүүд барьж амьдар, цэцэрлэгүүд тарьж, гарсныг нь ид’ гэх юм» хэмээн бичжээ” гэв.
29 Тахилч Зефаниа энэ захидлыг эш үзүүлэгч Иеремиагийн сонорт уншив. 30 Тэгтэл ЭЗЭНий үг Иеремиад ирж 31 “Бүх цөлөгдөгсдөд үг илгээ. «Нехелам хүн Шемаиагийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. ‘Би түүнийг илгээгээгүй атал Шемаиа та нарт эш үзүүлэн та нарыг худалд итгүүлжээ. 32 Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. Үзэгтүн, Би нехелам хүн Шемаиаг болон үр удмыг нь шийтгэх гэж байна. Энэ ард түмний дунд тэднийхнээс хэн ч амьд үлдэхгүй бөгөөд хүмүүстээ Миний үйлдэх гэж байгаа сайныг тэрээр харахгүй’» гэж ЭЗЭН тунхаглаж байна. Учир нь тэрээр ЭЗЭНий эсрэг тэрслэлийг номлосон” хэмээн айлдлаа.


  • 29:1–2 2Ха 24:12–16; 2Шс 36:10
  • 29:10 2Шс 36:21; Иер 25:11; Дан 9:2
  • 29:13 Дх 4:29