Моабын амсах шүүлт

48 1 Моабын тухай. Түг түмдийн ЭЗЭН, Израилын Бурхан ийн айлдаж байна.

“Небо сүйрч гутамшиг болно, хөөрхий еэ!
Кириатаим ичгүүр болж, олзлогдоно.
Өндөр бэхлэлт ичгүүр болж, нураагдана.*
2 Моаб дахин магтагдахгүй.
Хешбонд тэд түүний эсрэг гай гамшгийг сэдэж,
«Нааш ирцгээ, түүнийг үндэстнээс тасалцгаая!» гэсэн.
Мадмэн ээ! Чи ч гэсэн дуугүй болгогдоно.
Чиний араас илд дагах болно.
3 Хоронаимаас гарах хашхирааны дуу
«Сүйрэл, агуу их сүйрэл!»
4 Моаб хугарч, жижиг хүүхдүүд нь хашхирна.
5 Учир нь Лухитийн өгсүүрээр
Тэд уйлсаар өгсөнө.
Учир нь Хоронаимын уруудах замд тэд
Сүйрлийн зовж шаналсан хашхирааныг сонсоцгоолоо.
6 Зугт, амиа авар, ингэснээр та нар
Цөл дэх арц мод мэт болно.”

7 “Ололт ба эрдэнэс баялагтаа тавьсан
Итгэл найдвараасаа болж
Чи өөрөө олзлогдох болно.
Хемош ч тахилчид, түшмэдтэйгээ
Хамтдаа цөллөгт явах болно.
8 Хот бүрд устгагч ирэх бөгөөд
Ямар ч хот зугтахгүй.
ЭЗЭНий айлдсан ёсоор хөндий ч бас сүйтгэгдэж,
Тэгш тал ч сүйрэх болно.
9 Моабт далавчнуудыг өг.
Учир нь тэрээр зугтаана.
Хотууд нь оршин суугчидгүй
Зэлүүд газар болно.”

10 “ЭЗЭНий ажлыг хайнга хийгч нь хараагдах болтугай. Цуснаас илдээ татагч нь хараагдах болтугай.

11 Моаб залуугаасаа л тайван байв.
Тэрээр цөллөгт ч яваагүй,
Шавар саван дотроо бусниулагдаагүй,
Савнаас сав руу уудлуулаагүй тул,
Амтаа хадгалж, үнэр нь өөрчлөгдөөгүй байв.

12 Тиймээс, үзэгтүн, Би түүн рүү юүлэгч хүмүүсийг илгээх бөгөөд тэд түүнийг юүлэн асгаж, сав суулгуудыг нь хоослон вааруудыг нь эвдлэх өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 13 “Итгэл найдвар болсон Бетелээсээ Израилын гэр ичсэн шиг Моаб нь Хемошоос ичих болно.

14 Та нар «Бид хүчирхэг дайчид,
Тулалдаанд зоригтой эрчүүд билээ» гэж
Яаж хэлж чадна вэ?
15 Моаб устгагдсан бөгөөд
Эрчүүд хотууд руу нь явжээ.
Шилдэг залуус нь ч бас хядуулахаар явжээ” гэж
Түг түмдийн ЭЗЭН нэртэй
Хаан тунхаглаж байна.
16 “Моабын зовлон удахгүй ирж,
Гай гамшиг нь шаламгайлан яаравчлав.
17 Эргэн тойронд нь амьдрагч та бүхэн,
Нэрийг нь мэддэг та бүхэн ч
«Хүчирхэг очирт таяг,
Сүр жавхлант таяг хэрхэн хугарав!» хэмээн
Түүний төлөө гашууд.”

18 “Дибон охиныд оршин суугчид аа,
Алдраасаа буун ирж,
Хатаж хагарсан газар дээр суу.
Учир нь Моабыг устгагч нь
Чиний эсрэг ирж,
Бат цайзуудыг чинь нураав.
19 Ароерын оршин суугч аа,
Замын дэргэд зогсож, харуулдсаар бай.
«Юу болсон бэ?» гэж
Оргож буй эрэгтэйгээс асуу.
Зугтаж буй эмэгтэйгээс асуу.
20 Моаб нураагдсан тул, ичгүүр болжээ.
Уйлан хашхир.
Моаб устгагдсан гэж
Арнон хавиар тунхагла.”

21 “Шүүлт нь бас тал газар дээр, Холон, Иахза, Мефаат, 22 Дибон, Небо, Бет-Диблатаим, 23 Кириатаим, Бет-Гамул, Бет-Меон, 24 Кериот, Бозра, Моабын нутгийн хол ойрын бүх хотын эсрэг ирэв. 25 Моабын эвэр тастуулж, гар нь хугарав” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
26 “Тэр ЭЗЭНий эсрэг сагсуу онгироо болсон тул түүнийг согтууруул. Ингээд Моаб бөөлжсөн дотроо хөлбөрч, доог тохуу болно. 27 Израил чамд доог тохуу байсан биш гэж үү? Эсвэл тэрээр хулгайчдын дунд баригдаж байсан уу? Учир нь чи түүний тухай ярих болгондоо чичирдэг.

28 Моабын оршин суугчид аа,
Хотуудыг орхиж, хадны дунд амьдар.
Ангалын аман дээр үүрлэгч тагтаа мэт бай.
29 Бид Моабын бардам зангийн талаар сонссон.
Тэр үнэхээр бардам, сагсуу онгироо,
Өөрийгөө өргөмжилдөг.
30 Би уур хилэнг нь мэднэ” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.

“Гэвч энэ нь хоосон.
Дэмий сайрхал нь юуг ч бүтээгээгүй.
31 Тиймээс Би Моабын төлөө орь дуу тавих болно,
Бүх Моабын төлөө Би хашхирах болно.
Би Кир-Хересийн хүмүүсийн төлөө ёолно.
32 Иазерын төлөө уйлахаас илүүгээр,
Сибмагийн усан үзэм ээ,
Би чиний төлөө уйлах болно!
Мөчрүүд чинь тэнгис даван сунаж,
Иазерын тэнгист хүрэв.
Сүйтгэгч нь чиний зуны жимснүүд,
Усан үзмийн ургац дээр чинь буув.
33 Тиймээс үржил шимтэй талбайнууд буюу
Моабын нутгаас баяр хөөр,
Баяр баясгалан зайлуулагдав.
Дарс шахуургуудаас дарсыг Би зогсоолоо.
Хэн ч хашхиран гишгэлэхгүй,
Хашхираан нь ч хашхираан биш байна.”

34 “Хешбон дахь хашхираанаас Елеалег хүртэл, Иахазыг ч хүртэл, Зоараас Хоронаим, Еглат-Шелишиа хүртэл тэд дуу хоолойнуудаа өндөрсгөв. Учир нь Нимримийн ус ч хүртэл эзгүйрнэ. 35 Мөргөлийн өндөрлөгүүд дээр өргөдөг бөгөөд бурхдадаа утлага уугиулдаг Моабыг Би төгсгөх болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 36 “Тиймээс зүрх сэтгэл минь Моабын төлөө лимбэ мэт уйлна. Мөн Кир-Хересийн хүмүүсийн төлөө ч зүрх сэтгэл минь лимбэ мэт уйлна. Тиймээс түүний олж бүтээсэн баялгийг тэд алдсан. 37 Учир нь толгой бүр халзан болж, сахал бүр богино хайчлагдсан. Бүх гар дээр гүн огтлоос, ууц нуруунууд дээр таар байна. 38 Моабын бүх байшингийн дээвэр дээр болон гудамжнуудад нь газар бүр гашуудал байна. Учир нь Би Моабыг хүсэшгүй сав мэт эвдлэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 39 “Ямар их нурав аа! Тэд гашуудав! Моаб ичгүүртэйгээр хэрхэн нуруугаа харуулж байна вэ! Тиймээс Моаб эргэн тойрон дахь бүхэндээ доог тохуу бас айдас болно” хэмээв.

40 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Үзэгтүн, бүргэд мэт хурдан шаламгай нэгэн нисэж,
Моабын эсрэг жигүүрээ дэлгэнэ.
41 Кериот олзлогдож, бат цайзууд эзлэгдэж,
Тэр өдөр Моабын хүчит эрчүүдийн зүрх
Төрөхөөр дуншиж буй эмэгтэйн зүрхтэй адил болно.
42 ЭЗЭНий эсрэг Моаб сагсуу онгироо болсон тул
Тэрээр хүмүүсээс устгагдана.
43 Моабын оршин суугч аа,
Айдас, нүх болон урхи дээр чинь байна” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.

44 “Айдсаас зугтдаг нэгэн нүхэнд унаж,
Нүхнээс авирч гардаг нэгэн урхинд орно.
Учир нь Би Моаб дээр,
Шийтгэлийнх нь жилийг авчирна” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.

45 “Хешбоны сүүдэрт оргодлууд хүчгүй зогсоно.
Учир нь гал Хешбоноос, галын дөлнүүд
Сихоны дундаас гарч,
Моабын духыг, үймээн дэгдээгчдийн хуйхыг залгив.
46 Моаб аа, чи золгүй еэ!
Хемошийн хүмүүс устав.
Учир нь хөвгүүд чинь олзлогдож,
Охид чинь цөлөгдөн явсан.
47 Гэсэн хэдий ч хожмын өдрүүдэд
Би Моабын сайн сайхныг сэргээнэ” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
Моаб дээр ирэх шүүлт ийм байна.


  • 48:1–47 Иса 15:1—16:14, 25:10–12; Езк 25:8–11; Амо 2:1–3; Зеф 2:8–11