Филистчүүдийн амсах шүүлт

47 1 Фараон Газыг эзлэхээс өмнө филистчүүдийн талаар эш үзүүлэгч Иеремиад ирсэн ЭЗЭНий үг.*

2 ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Үзэгтүн, хойд зүгээс ус босож,
Халгисан цутгалан болж,
Газар нутаг, бүх зүйл,
Хот ба түүн дотор амьдрагчдыг халиана.
Хүмүүс хашхирч, нутгийн оршин суугч бүр уйлна.
3 Азаргануудынх нь давхих туурайн чимээ,
Тэрэгнүүдийнх нь тарчигнаан,
Дугуйнуудынх нь нижигнэх чимээнээс болж
Гарынхаа сул доройн улмаас
Эцгүүд нь хүүхдүүдээ эргэж хараагүй.
4 Бүх филистчүүдийг устгаж,
Тир ба Сидоноос үлдсэн бүх холбоотныг таслах өдөр ирж байна.
Учир нь филистчүүдийг,
Кафторын эрэг хавийн нутгийн үлдэгсдийг
ЭЗЭН устгах гэж байна.
5 Газ нь халзан болов.
Ашкелон сүйрэв.
Тэдний хөндийн үлдэгсэд ээ,
Та нар өөрсдийгөө хэр удаан шархдуулах юм бэ?
6 Аяа, ЭЗЭНий илд ээ,
Чи дуугүй бололгүй хэр удах юм бэ?
Хуйндаа эргэн ор.
Амарч, нам жим бай.
7 ЭЗЭН түүнд тушаал өгсөн байхад
Тэр яаж дуугүй байж чадах билээ?
Ашкелоны эсрэг, далайн эргүүдийн эсрэг
Тэр түүнийг томилсон билээ.”


  • 47:1–7 Иса 14:29–31; Езк 25:15–17; Иое 3:4–8; Амо 1:6–8; Зеф 2:4–7; Зех 9:5–7