Шийтгэлийн дараах эдгэрэл
33 1 Дараа нь Иеремиаг харуулын хашаанд хоригдож байх үед ЭЗЭНий үг түүнд хоёр дахь удаагаа ирж 2 “Газар дэлхийг бүтээсэн ЭЗЭН, тогтоохын тулд түүнийг бүрэлдүүлсэн ЭЗЭН ингэж айлдаж байна. Түүний нэр бол ЭЗЭН. 3 «Намайг дууд, Би чамд хариулж, чиний мэдэхгүй аугаа хүчит зүйлийг Би чамд ярина.» 4 Бүслэлтийн далангууд, илдний өмнө нураагдсан энэ хотын гэрүүдийн талаар болон Иудагийн хаадын гэрүүдийн талаар Израилын Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. 5 «Уур хилэндээ Миний цохисон энэ хүмүүсийн хүүрээр хотыг дүүргэхийн тулд халдеичууд тулалдахаар ирж байна. Учир нь тэдний бузар муугийн улмаас Би энэ хотоос нүүрээ нуусан билээ. 6 Үзэгтүн, Би энэ хотод эдгэрэл, эрүүл мэндийг авчрах бөгөөд Би тэднийг эдгээх болно. Би тэдэнд амар амгалан болон үнэний элбэг дэлбэгийг илчилнэ. 7 Би Иуда болон Израилын сайн сайхныг сэргээж, анх байсан шиг нь тэднийг дахин барьж босгоно. 8 Тэд Миний эсрэг нүгэл үйлдсэн тэдний бүх хилэнцээс Би тэднийг цэвэрлэж, Миний эсрэг нүгэл үйлдэж, тэрсэлсэн тэдний бүх хилэнцийг Би өршөөнө. 9 Тэдэнд Миний үйлддэг бүх сайныг сонсох газар дэлхийн бүх үндэстний өмнө энэ хот Надад баяр хөөр, магтаал ба алдрын нэр болно. Түүнд зориулан Миний үйлддэг бүх сайн болоод бүх амар амгалангийн улмаас тэд эмээн чичрэх болно.» 10 ЭЗЭН ингэж айлдаж байна. «Чиний ‘Энэ бол хүн амьтангүй зэлүүд газар’ гэж хэлдэг энэ газарт буюу Иудагийн хотуудад мөн оршин суугчгүй, араатан амьтангүй, Йерусалимын эзгүйрсэн гудамжнуудад 11 баяр хөөр болон баяр баясгалангийн дуу, сүйт залуу болон сүйт бүсгүйн дуу буюу
‘Түг түмдийн ЭЗЭНд
Талархлыг өргөгтүн.
Тэрээр сайн,
Түүний хайр энэрэл мөнхийнх’
гэж хэлэх хүмүүсийн дуу сонсогдоно. Мөн ЭЗЭНий өргөөнд талархлын тахилуудыг авчрах хүмүүсийн дуу сонсогдох болно. Учир нь анх байсан шиг нь Би газар нутгийн сайн сайхныг сэргээнэ» гэж ЭЗЭН айлдаж байна.* 12 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хүн амьтангүй, зэлүүд энэ газарт болоод бүх хотод нь хонин сүргээ хэвтүүлэгч хоньчдын газар бий болно. 13 Уулархаг газрын хотуудад, нам дор газрын хотуудад, Негевийн хотуудад, Бениамины нутагт, Йерусалимын ойр орчимд болон Иудагийн хотуудад мал сүргүүд өөрсдийг нь тоолдог нэгний гар доогуур дахин өнгөрөх болно» гэж ЭЗЭН айлдаж байна.
Зөвт Мөчир ба Давидын гэрээ
14 «Үзэгтүн, Израилын гэр ба Иудагийн гэрийн талаар Өөрийн айлдсан сайн үгийг Би биелүүлэх өдрүүд ирж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна.* 15 «Тэр өдрүүдэд болон тэр цагт Би Давидын зөвт Мөчирийг гаргана. Тэрээр дэлхий дээр шударга ёс болон зөв шударгыг хэрэгжүүлэх болно. 16 Тэдгээр өдрүүдэд Иуда аврагдах бөгөөд Йерусалим аюулгүй оршин суух болно. ЭЗЭН бидний зөв шударга гэдэг нэрээр Тэр дуудагдах болно.»
17 Учир нь ЭЗЭН ингэж айлдаж байна. «Израилын гэрийн сэнтий дээр суух хүнээр Давид хэзээ ч дутагдахгүй.* 18 Шатаалт тахилуудыг өргөж, идээн өргөлүүдийг шатааж, тахилуудыг үргэлжлүүлэн бэлдэх, Миний өмнө байх хүнээр Левийн тахилч нар хэзээ ч дутагдахгүй»” гэжээ.*
19 ЭЗЭНий үг Иеремиад ирж, 20 “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хэрэв та нар өдөр ба шөнийн дээр тогтоосон Миний гэрээг зөрчиж, өдөр шөнө хоёр тогтоосон цагтаа ирэхгүй болгож чадвал 21 зарц Давидтай минь байгуулсан гэрээг ч зөрчиж, сэнтийд нь суух хүүгүй болгож, Миний үйлчлэгч Левийн тахилч нартай байгуулсан гэрээг минь зөрчиж чадна.
22 Тэнгэрийн эрхсүүд тоологдож, далайн элс хэмжигддэггүйн адил Би Өөрийн зарц Давидын үр удмыг болон Надад үйлчилдэг левичүүдийг олон болгоно»” гэжээ.
23 ЭЗЭНий үг Иеремиад ирж, 24 “Энэ хүмүүс «ЭЗЭН Өөрийн сонгосон хоёр ургаа голсон юм» гэж хэлснийг чи ажиглаагүй юм уу? Тэд ингэж хүмүүсийг минь басамжилдаг бөгөөд тэдний нүдэнд тэд үндэстэн мэт байхаа болив. 25 ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хэрэв өдөр шөнө дээр тогтоосон гэрээ минь байхгүй, тэнгэр ба газрын тогтоогдсон хуулийг Би тогтоогоогүй байсан бол, 26 тэгвэл л Би Иаков ба зарц Давидынхаа үр удмыг голж, Абрахам, Исаак, Иаковын үр хойчийг удирдах удирдагчийг Давидаас сонгохгүй байх байсан. Харин Би тэдний сайн сайхныг сэргээж, тэдэнд өршөөл үзүүлнэ»” гэжээ.
- 33:11 1Шс 16:34; 2Шс 5:13, 7:3; Езр 3:11; Дуу 100:5, 106:1, 107:1, 118:1, 136:1
- 33:14–16: Иер 23:5–6
- 33:17 2См 7:12–16; 1Ха 2:4; 1Шс 17:11–14
- 33:18 Тоо 3:5–10