Ард олны үлэмж завхрал
5 1 “Йерусалимын гудамжаар нааш цааш хэрэн яв,
Тэгээд харж ажигла.
Шударгыг үйлддэг, үнэнийг эрэлхийлдэг ганц хүнийг олох гэж
Задгай талбайнуудаар хай.
Олбол Би тэр хотыг өршөөнө.
2 Хэдийгээр тэд «ЭЗЭН амьд!» гэдэг ч
Үнэндээ тэд хуурамчаар тангарагладаг.
3 Аяа ЭЗЭН, Таны мэлмий үнэнийг хайдаг бус уу?
Та тэднийг хөнөөсөн, тэд сульдаагүй.
Та тэднийг устгасан.
Гэвч тэд зөв болохоос татгалзсан.
Нүүр царайгаа хаднаас ч хатууруулж,
Тэд гэмшихээс татгалзсан.
4 Тэгэхэд би «Тэд зөвхөн ядуус, тэд мунхаг.
Учир нь тэд ЭЗЭНий зам,
Бурханыхаа тогтоолыг мэдэхгүй.
5 Би удирдагч нар дээр очиж, тэдэнтэй ярина.
Учир нь тэд ЭЗЭНий зам,
Бурханыхаа тогтоолыг мэддэг» гэж хэлэв.
Гэвч тэд ч мөн адил нэгэн санаагаар буулгыг эвдэж,
Холбоосоо тасалсан.
6 Тиймээс ойн арслан тэднийг алж,
Цөлийн чоно тэднийг устгана.
Ирвэс хотуудыг нь харж байна.
Хотоос гарах хүн бүр тасчуулах болно.
Учир нь тэдний гэмт үйлдэл нь их,
Итгэлээс няцах явдлууд нь тоолшгүй олон ажээ.
7 “Би яагаад чамайг уучлах ёстой билээ?
Хүүхдүүд чинь Намайг орхиж,
Бурхад биш тэдгээрээр тангарагласан шүү дээ.
Тэднийг Би цадтал хооллосон,
Тэд харин завхайрч, янхны гэрт бөөгнөрсөн.
8 Бордсон азарга шиг л тэд бүдүүрч
Бүгд хөршийнхөө эхнэрийн хойноос үүрсдэг.
9 Эдгээрийг Би үл шийтгэх гэж үү?” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
“Ийм үндэстнээс Би өшөөгөө эс авах гэж үү?” гэв.
10 Усан үзмийн талбайгаар явж сүйтгэ,
Гэхдээ бүрмөсөн бүү устга.
Мөчрүүдийг нь суга тат,
Учир нь тэд ЭЗЭНийх биш.
11 Учир нь Израилын гэр болон Иудагийн гэр
Надад маш итгэлгүй хандав” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
12 Тэд ЭЗЭНий тухай худал хэлж,
«Тэр юу ч хийхгүй.
Золгүй явдал бидэн дээр ирэхгүй.
Бид өлсгөлөн эсвэл илд үзэхгүй.
13 Эш үзүүлэгчид салхи мэт
Тэдний дотор үг байхгүй.
Иймээс тэдэнд ийнхүү үйлдэгдэнэ» гэдэг.
14 Тиймээс түг түмдийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Чи энэ үгийг хэлсэн тул
Үзэгтүн, Би аманд чинь үгсээ тургих гал болгон хийе,
Түүнд чинь энэ хүмүүс түлээ болон шатаг.
15 Үзэгтүн, Израилын гэр ээ!
Би алс холоос чиний эсрэг
Нэгэн үндэстнийг авчирна” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
“Энэ нь тэсвэртэй үндэстэн, эртний үндэстэн.
Хэлийг нь чи үл мэдэх үндэстэн.
Тэдний юу хэлж байгааг нь ч
Чи ойлгож чадахгүй.
16 Тэдний саадаг нь онгорхой булш мэт бөгөөд
Тэд бүгд хүчирхэг хүмүүс юм.
17 Тэд ургацыг чинь, хүнсийг чинь залгина.
Тэд хөвгүүдийг чинь, охидыг чинь залгина.
Тэд хонин сүргийг чинь, үхэр сүргийг чинь залгина.
Тэд усан үзмийг чинь, инжрийн моддыг чинь залгина.
Тэд чиний найддаг бэхлэгдсэн хотуудыг илдээр үгүй хийх болно.
18 Гэхдээ тэдгээр өдрүүдэд ч гэсэн чамайг Би бүрмөсөн устгахгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 19 “Тэд «ЭЗЭН Бурхан маань яагаад бидэнд энэ бүх зүйлийг үйлдсэн бэ?» гэж хэлэх үед нь чи тэдэнд «Та нар Намайг орхиж, нутагтаа харийн бурхдад үйлчилсний адил та нар өөрсдийн биш нутагт гаднынханд үйлчлэх болно» гэж хэлэгтүн.
20 Үүнийг Иаковын гэрт зарла,
Иудад ийнхүү тунхагла.
21 «Үүнийг сонсооч,
Нүдтэй боловч хардаггүй,
Чихтэй боловч сонсдоггүй,
Мунхаг, мэдрэмжгүй хүмүүс ээ,*
22 Та нар Надаас эмээхгүй юү?» гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
«Та нар Миний өмнө чичрэхгүй юү?
Учир нь Би тэнгисийг хөндлөн гаргуулахгүйн тулд
Хил хязгаар болгож элсийг мөнхийн тогтоолоор тавьсан.
Давлагаа хэдий хаялавч үүнийг давж чадахгүй.
Тэд хэдий хүржигнэвч хөндлөн гарч чадахгүй»*
23 Харин энэ ард түмэн зөрүүд, тэрслэгч зүрхтэй.
Хажуу тийш эргэж, тэд холдон оддог.
24 Тэд зүрх сэтгэлдээ
«Намар болон хаврын бороог цагт нь өгдөг,
Бидэнд ургацын тогтоогдсон долоо хоногуудыг хадгалдаг
ЭЗЭН Бурханаасаа одоо эмээцгээе» гэдэггүй.
25 Та нарын хилэнц эдгээрийг эргүүлсэн бөгөөд
Та нарын нүгэл өөрсдөөс чинь сайныг нуув.
26 Учир нь ард түмний минь дундаас
Буруу муу хүмүүс олдсон бөгөөд
Тэд хүлээж хэвтдэг шувуу баригчид шиг хардаг.
Тэд урхи тавьж хүмүүсийг барьдаг.
27 Шувуудаар дүүрэн тортой адил
Тэдний гэр заль мэхээр дүүрэн.
Тиймээс тэд хүчтэй, баян болжээ.
28 Тэд тарган бөгөөд дэгжин.
Тэд бас ёрын муу үйлсэд гаргууд.
Өнчний хэргийг тэд өмгөөлдөггүй,
Ядуусын эрхийг ч хамгаалдаггүй
Өсөж дэвжүүлдэггүй.
29 Эдгээрийг Би шийтгэхгүй байх гэж үү?” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
“Ийм үндэстнээс Би өшөөгөө эс авна гэж үү?” гэв.
30 Энэ нутагт аймшигт муухай зүйлс тохиолдов.
31 Эш үзүүлэгчид нь худал эш үзүүлж,
Тахилч нар үүнийг нь даган удирдах төдийгүй
Ард түмэн минь үүнд нь маш дуртайг яана!
Адаг сүүлд нь та нар яах улс вэ?
- 5:21 Иса 6:9–10; Езк 12:2; Мк 8:18
- 5:22 Иов 38:8–11