8 1 ЭЗЭН ингэж тунхаглаж байна. “Тэр үед Иудагийн хаад, захирагч нар, тахилч нар, эш үзүүлэгчид, Йерусалимын оршин суугчдын ясыг хүмүүс булшнаас нь гаргана. 2 Тэд тэдгээрийг өөрсдийнхөө хайрлаж үйлчлэн араас нь явж, эрэлхийлэн мөргөж байсан нар, сар болон тэнгэрийн бүх эрхсийн дор тарааж тавина. Тэр яс цуглуулагдахгүй, булшлагдахгүй харин газрын хөрсөн дээр бууц мэт болно. 3 Энэ бузар муу ургаас үлдсэн үлдэгсэд Миний тэднийг хөөн гаргасан газар бүрд аминаас үхлийг илүүгээр сонгох болно” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.
Үндэстэн даяарх гөжүүдлэл
4 Чи тэдэнд хэл.
“ЭЗЭН ингэж айлдаж байна.
«Хүмүүс уначихвал эргээд босдог бус уу?
Хэрэв тэд төөрвөл эргэж буцдаггүй гэж үү?
5 Тэгвэл яагаад Йерусалимын энэ хүмүүс
Үргэлжийн төөрөгдөлдөө эргэж буцна вэ?
Тэд худал хуурмагийг түргэхэн барьж
Эргэж буцахаас татгалздаг.
6 Би чагнаад сонсов.
Тэд зөв бусыг ярив.
Нэг ч хүн ‘Би юу хийчхэв?’ гэж
Буруу муугаа гэмшсэнгүй.
Хүн бүр тулаанд давхин орж буй морь шиг л
Өөрийнхөө зүгт эргэжээ.
7 Тэнгэрийн өрөвтас хүртэл улирлаа мэддэг.
Хүүрзгэнэ, хараацай болон хөөндэй нүүдэллэх цагаа ажигладаг.
Харин хүмүүс минь ЭЗЭНий тогтоолыг мэддэггүй.
8 ‘Бид мэргэн, ЭЗЭНий хууль бидэнд байна’ гэж
Та нар яаж хэлж чадна вэ?
Үзэгтүн, гүүш нарын худалч үзэг хуулийг худал болгожээ.
9 Мэргэн хүмүүс ичгүүрт орж, айн олзлогдоно.
Үзэгтүн, тэд ЭЗЭНий үгийг эсэргүүцсэн тул
Үнэндээ тэдэнд яаж мэргэн ухаан байх вэ?
10 Тиймээс Би тэдний эхнэрүүдийг бусдад,
Тэдний талбайнуудыг шинэ эзэмшигчдэд өгнө.
Учир нь хамгийн багаас хамгийн том нь хүртэл
Хүн бүр ашиг олох гэж шунах юм.
Эш үзүүлэгчээс тахилч хүртэл
Хүн бүр залилан мэхэлдэг.*
11 Тэд ‘Амар амгалан, амар амгалан’ гэж мэхлэн
Ард түмэн гэдэг охины минь бэртлийг өнгөцхөн эдгээдэг.
Амар амгалан гэтэл алга байна.*
12 Үйлдсэн энэ жигшүүрээсээ болж тэд ичсэн үү?
Огт ичээгүйгээр барахгүй
Ичиж улайхыг ч хүртэл эс мэдэх ажээ.
Тиймээс тэд унадаг хүмүүсийн дунд унана.
Шийтгэлийнхээ цагт тэд дорд болгогдоно»” гэж ЭЗЭН айлдав.
13 “Би тэднийг заавал булаан авах болно” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
“Усан үзмийн модон дээр ямар ч усан үзэмгүй,
Инжрийн мод ямар ч инжиргүй болж,
Навч нь хагдарна.
Миний тэдэнд өгсөн юмс үгүй болно” гэв.
14 Юунд бид амар сууна вэ?
Цуглараад, бэхлэлт хотууд руу явцгааж,
Тэнд хамтдаа сөнөе.
Учир нь бид ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн тул
ЭЗЭН Бурхан маань биднийг сөнөөхөөр яллаж,
Бидэнд хортой ус уулгахаар өгчээ.
15 Амар амгаланг хүлээвч сайн зүйл ирсэнгүй.
Эдгэрлийн үеийг хүлээсэн боловч
Үзэгтүн, аймшиг ирэв!
16 Данаас морьдын тургих нь сонсогдлоо.
Адууных нь янцгаах чимээнд бүх нутаг доргилоо.
Учир нь тэд ирж, газар нутаг болон бүхнийг нь,
Хот болон оршин суугчдыг нь залгина.
17 “Үзэгтүн, Би та нарын эсрэг могойнуудыг,
Ямар ч шид нөлөөлөхгүй хорт могойнуудыг илгээнэ.
Тэд та нарыг хатгах болно” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
Эш үзүүлэгчийн халаглал
18 Уй гашуу минь тайтгаршгүй агаад
Зүрх минь сульдуу байна.
19 “ЭЗЭН Сионд байхгүй юм уу?
Хаан нь түүний дотор алга уу?” хэмээн
Ард түмэн гэдэг охины минь
Алс нутгаас орилж буй дууг үзэгтүн!
“Яагаад тэд Намайг сийлмэл хөргүүдээрээ,
Харийн шүтээнүүдээрээ өдөөн хатгаж байна вэ?”
20 “Ургац хураалт өнгөрч, зун дууссан.
Гэвч бид аврагдаагүй л байна”
21 Ард түмний минь бэртэл намайг бэртээв.
Айдас намайг нөмөрч, би гашуудаж сууна.
22 Гилеададa ямар ч гавар байхгүй гэж үү?
Тэнд ямар ч эмч байхгүй гэж үү?
Тэгвэл яагаад ард түмэн гэдэг охин минь эдгэрсэнгүй вэ?
- 8:10–12 Иер 6:12–15
- 8:11 Езк 13:10
- a8:22 Гилеад: Йорданы зүүн эргийн бүс агаад эмийн ургамлаараа алдартай байжээ.