Цөллөгийн дараах сэргэлт

23 1 Хөөрхий еэ! “Бэлчээрийн минь хоньдыг тараан бутрааж, сүйтгэж байгаа хоньчид оо!” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 2 Тиймээс ард түмнийг минь хариулж байгаа хоньчдын тухайд Израилын Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нар хонин сүргийг минь тарааж, хөөж зайлуулан тэднийг эс анхаарав. Үзэгтүн, Би та нарын үйлс, бузар муугийн чинь улмаас та нарыг шийтгэх гэж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 3 “Тэгээд Би хонин сүргийнхээ үлдэгсдийг хөөн зайлуулсан бүх нутгаас Өөрөө цуглуулж, тэднийг бэлчээрт нь буцааж авчрах бөгөөд тэд өнөр өтгөн болж, олширно. 4 Би бас тэднийг хариулах хоньчдыг дээр нь томилох бөгөөд тэд цаашид айхгүй, түгшихгүй, хэн нь ч үгүй болохгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

Давидын зөвт Мөчир

5 “Харагтун, Би Давидад зөвт Мөчир ургуулах өдрүүд ирж байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
“Тэрээр хаан болон захирч,
Мэргэн ухаанаар үйлдэнэ.
Энэ газар шударга ёс, үнэн зөвийг үйлдэнэ.*
6 Түүний өдрүүдэд Иуда аврагдаж,
Израил аюулгүй амьдарна.
Дуудагдах нэр нь
«ЭЗЭН бидний зөвт байдал»” юм.
7 ЭЗЭН тунхаглаж байна “Тиймээс үзэгтүн, тэд «Израилын хөвгүүдийг Египет нутгаас гаргасан ЭЗЭН амьд!» гэж хэлэхээ больж, 8 харин «Израилын гэрийнхний үр удмыг хойд зүгийн нутгаас болон тэднийг зайлуулсан бүх орноосоо авчирч, удирдсан ЭЗЭН амьд!» гэж хэлэх өдрүүд ирж байна. Тэгээд тэд өөрсдийнхөө хөрсөн дээр амьдарна.”

Хуурамч эш үзүүлэгчдийн горьдлого

9 Эш үзүүлэгчдийн тухайд,
Зүрх минь миний дотор эмтэрч,
Бүх яс минь чичирнэ.
ЭЗЭНээс болон ариун үгсээс нь болж
Би согтуу хүн мэт,
Дарсанд дийлдсэн хүн мэт болов.
10 Энэ нутаг садар самууныг үйлдэгчдээр дүүрч,
Энэ нутаг хараалаас болж гашуудаж байна.
Хээрийн бэлчээрүүд гандаж байна.
Тэдний амьдралын зам нь буруу,
Хүч чадал нь зөв бус юм.
11 “Эш үзүүлэгч, тахилчийн аль аль нь бузарлагдсан тул
Өргөөндөө хүртэл Би тэдний
Хорон муу зүйлсийг оллоо” гэж ЭЗЭН айлдав.

12 “Тиймээс зам нь тэдэнд түнэр харанхуй руу туудаг,
Тийш унагах халтиргаатай зам мэт байна.
Учир нь Би тэдэн дээр гамшгийг буюу
Шийтгэлийнх нь жилийг авчирна” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
13 “Самарийн эш үзүүлэгчдийн дунд
Би эвгүй муухай зүйл харав.
Тэд Баалаар эш үзүүлж,
Миний ард түмэн Израилыг төөрүүлж байв.
14 Би мөн Йерусалимын эш үзүүлэгчдийн дунд
Аймшигтай муухай зүйл харав.
Тэр нь садар самуун болоод
Худал хуурмагаар алхах явдал билээ.
Тэд мууг үйлдэгчдийн гарыг бэхжүүлдэг.
Иймээс хэн ч бузар муугаасаа эргэсэнгүй.
Надад тэд бүгд Содом мэт болов
Оршин суугчид нь Гоморра мэт болов.*
15 Тиймээс эш үзүүлэгчдийн тухайд
Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
«Үзэгтүн, Би тэднийг шарилжаар тэжээж,
Тэдэнд хортой ус уулгах гэж байна.
Учир нь Йерусалимын эш үзүүлэгчдээс
Бүх газар нутагт бузар тарав»” гэв.

16 Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Та нарт эш үзүүлж байгаа
Эш үзүүлэгчдийн үгсийг бүү сонс.
Тэд та нарыг худлаа хоосон юмаар дүүргэж байна.
Тэд ЭЗЭНий амнаас бус,
Өөрсдийн төсөөлсөн үзэгдлийг ярьдаг.
17 Намайг басамжилдаг хүмүүст тэд
«ЭЗЭН хэлсэн.
Та нар амар амгалан байх болно» гэж хэлдэг.
Зүрхнийхээ гөжүүдлэлийн дагуу явагчдад тэд
«Та нар дээр гай гамшиг ирэхгүй» гэдэг.

18 Харин үгийг нь харж сонсохын тулд
Хэн ЭЗЭНий зөвлөмж дотор зогссон юм бэ?
Хэн үгийг нь анхаарч, сонссон бэ?
19 Үзэгтүн, ЭЗЭНий шуурга буюу хуйлрах хар шуурга
Уур хилэнгээр гарч,
Буруутуудын толгой дээр хуйлран эргэлдэнэ.
20 Зүрхнийхээ зорилгуудыг биелүүлэн үйлдэхээс нааш
ЭЗЭНий уур буцахгүй.
Сүүлчийн өдрүүдэд та нар
Үүнийг тодорхой ойлгох болно.
21 Би эш үзүүлэгчдийг илгээгээгүй,
Гэвч тэд гүйдэг.
Би тэдэнд яриагүй боловч
Тэд эш үзүүлдэг.
22 Хэрэв тэд Миний зөвлөмж дотор зогсдог бол
Үгсийг минь Миний ард түмэнд тунхаглаж,
Тэднийг ёрын муу замаас нь холдуулж
Хорон муу үйлсээс нь эргүүлэх байсан.

23 Би алс холын Бурхан биш,
Харин ойрхон байдаг Бурхан бус уу?” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
24 “Надад харагдахгүй байхаар
Хүн далд газруудад нуугдаж чадах уу?” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
“Би тэнгэрс хийгээд газрыг дүүргэдэг бус уу?” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.

25 Нэрийг минь барьж хуурамчаар эш үзүүлдэг эш үзүүлэгчид “Би зүүд зүүдэллээ, би зүүд зүүдэллээ!” гэхийг Би сонссон. 26 Хэдий болтол юм? Зүрхнээсээ хуурмагийг эш үзүүлж, худлаа хэлдэг эдгээр эш үзүүлэгчид эргэх үү? 27 Тэдний эцэг өвгөд Баалаас болж нэрийг минь мартсан шиг тэд бие биедээ хэлдэг зүүдээрээ Миний нэрийг хүмүүсээс минь мартуулахыг боддог. 28 Зүүд зүүдэлсэн эш үзүүлэгч зүүдээ хэлэг. Харин Миний үгтэй нэгэн нь үгийг минь үнэнээр хэлэг. Сүрэл нь үр тариатай юугаараа адил вэ? гэж ЭЗЭН тунхаглаж байна.
29 ЭЗЭН тунхаглаж байна. “Үг минь галтай адил бус уу? Чулууг бутлах алхтай адил бус уу? 30 Тиймээс үзэгтүн, үгсийг минь бие биеэсээ хулгайлдаг эш үзүүлэгчдийн эсрэг Би байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 31 “Үзэгтүн, хэлээ ашиглан «ЭЗЭН тунхаглаж байна» гэж тунхагладаг эш үзүүлэгчдийн эсрэг Би байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 32 “Үзэгтүн, Би хуурамч зүүдийг эш үзүүлэн хэлж, худал хуурмагаараа болон болчимгүй сайрхлаараа хүмүүсийг минь төөрүүлсэн тэдний эсрэг байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Би тэднийг илгээгээгүй, тэдэнд тушаал ч өгөөгүй тул тэд энэ ард түмэнд огтхон ч нэмэргүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
33 “Энэ хүмүүс эсвэл эш үзүүлэгч эсвэл тахилч чамаас «ЭЗЭНий зөнa юу вэ?» гэж асуувал чи тэдэнд «Юун ЭЗЭНий зөн? ЭЗЭН та нарыг хаяна гэж тунхаглаж байна» гэж хэл. 34 Тэгээд эш үзүүлэгч эсвэл тахилч хүмүүс «ЭЗЭНий зөн» гэж хэлбэл Би тэр хүн дээр болон гэрийнхэн дээр нь шийтгэл буулгана. 35 Хүн нэг бүр чинь хөршдөө болон ах дүүдээ «ЭЗЭН юу гэж хариулав?» эсвэл «ЭЗЭН юу гэж айлдсан бэ?» гэж хэлэх болно. 36 Харин та нар ЭЗЭНий зөнг дахин санахгүй. Учир нь хүн бүрийн үг нь зөн болсноор та нар бидний Бурхан, түг түмдийн ЭЗЭН, амьд Бурханы үгсийг гуйвуулна. 37 Чи эш үзүүлэгчээс «ЭЗЭН чамд юу гэж хариулав?» мөн «ЭЗЭН юу гэж айлдав?» гэх болно. 38 Гэвч хэрэв та нар «ЭЗЭНий зөн» гэж хэлбэл, үнэхээр ЭЗЭН ийнхүү айлдаж байна. «ЭЗЭНий зөн гэж бүү хэл» хэмээн Би та нарт илгээхэд та нар «ЭЗЭНий зөн» гэх энэ үгийг хэлсэн тул 39 үзэгтүн, Би та нарыг үнэхээр мартаж, та нарт болон эцэг өвгөдөд тань өгсөн хоттой хамт та нарыг оршихуйгаасаа зайлуулна. 40 Би та нарын дээр үүрдийн шившиг, үл мартагдах үүрдийн доромжлолыг тавина.”


  • 23:5–6 Иер 33:14–16
  • 23:14 Эх 18:20; Езк 16:49
  • a23:33 зөн: ЭЗО: Эзэний буулга эсвэл айлдвар