Иеремиаг эсэргүүцсэн Хананиа үхэв
28 1 Тэр жил Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалын эхэн буюу дөрөвдүгээр оны тавдугаар сард Гибеоноос гаралтай, Аззурын хүү эш үзүүлэгч Хананиа, ЭЗЭНий өргөөнд тахилч нар болон бүх ард түмний өмнө надад ярихдаа*
— 2 Израилын Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би Вавилоны хааны буулгыг эвдэлнэ. 3 Вавилоны хаан Небухаднезарын авч яваад, Вавилонд аваачсан ЭЗЭНий өргөөний сав суулгуудыг Би хоёр жилийн дотор энэ газарт буцааж авчирна. 4 Би мөн Иудагийн хаан, Иехоиакимын хүү Иекониаг болон Вавилон руу явсан Иудагийн бүх цөлөгдөгчийг энэ газарт буцааж авчирна. Учир нь Би Вавилоны хааны буулгыг эвдэлнэ” гэж ЭЗЭН тунхаглаж байна гэв.
5 Тэгэхэд нь эш үзүүлэгч Иеремиа эш үзүүлэгч Хананиад болон ЭЗЭНий өргөөнд зогсож байсан тахилч нар болон бүх ард түмний өмнө ингэж хэлэв. 6 Эш үзүүлэгч Иеремиа
—Амен! ЭЗЭН ингэж үйлдэх болтугай. ЭЗЭНий өргөөний сав суулгууд болон бүх цөлөгдөгчийг Вавилоноос энэ газарт буцааж авчрахаар эш үзүүлсэн үгсийг чинь ЭЗЭН батлах болтугай. 7 Гэсэн ч чиний болон бүх ард түмний сонорт хүргэх миний энэ үгийг сонсогтун! 8 Надаас өмнө, бас та нараас өмнө байсан эш үзүүлэгчид эрт цагаас олон нутгийн эсрэг, их хаанчлалуудын эсрэг, дайн, гай гамшиг болон тахлын тухай эш үзүүлж байсан. 9 Харин амар амгалангийн талаар эш үзүүлдэг эш үзүүлэгчийн хувьд, тэр эш үзүүлэгчийн үг биелэгдэх үед үнэхээр ЭЗЭНий илгээсэн нэгэн гэж мэдэгдэх болно гэж хэлэв. 10 Тэгтэл эш үзүүлэгч Хананиа эш үзүүлэгч Иеремиагийн хүзүүнээс өнөөх буулгыг авч эвдлэв. 11 Тэгээд Хананиа бүх ард түмний өмнө ярьж,
—ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би үүнчлэн Вавилоны хаан Небухаднезарын буулгыг бүх үндэстний хүзүүнээс бүтэн хоёр жилийн дотор эвдэлнэ” гэжээ. Ингээд эш үзүүлэгч Иеремиа замаараа одов.
12 Эш үзүүлэгч Хананиа эш үзүүлэгч Иеремиагийн хүзүүнээс өнөөх буулгыг эвдэлсний дараа ЭЗЭНий үг Иеремиад ирж,
— 13 Явж, Хананиатай ярь. “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Чи модон буулгуудыг эвдэлсэн боловч тэдний оронд төмөр буулгуудыг хийнэ» гээд, 14 Учир нь Израилын Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Эдгээр бүх үндэстнийг Вавилоны хаан Небухаднезарт үйлчлүүлэхийн тулд Би тэдний хүзүүнд төмөр буулгыг тохно. Тэд түүнд үйлчлэх болно. Би бас түүнд талын араатан амьтдыг ч өгсөн»” гэж хэл гэв. 15 Тэгээд эш үзүүлэгч Иеремиа эш үзүүлэгч Хананиад
—Хананиа, одоо сонс, ЭЗЭН чамайг илгээгээгүй бөгөөд чи энэ хүмүүсийг худал юманд итгүүлэв. 16 Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би чамайг газрын гадаргаас зайлуулах гэж байна. Чи ЭЗЭНий эсрэг тэрслэлийг зөвлөсөн тул энэ жил чи үхэх болно” гэж хэлжээ. 17 Ингээд эш үзүүлэгч Хананиа яг тэр жилийн долдугаар сард үхэв.
- 28:1 2Ха 24:18–20; 2Шс 36:11–13