Иеремиагийн эш үзүүллэг

26 1 Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын хаанчлалын эхэнд ЭЗЭНээс ийм үг ирж, айлдахдаа*
2 ЭЗЭН ингэж айлдаж байна. “ЭЗЭНий өргөөний хашаанд зогсож, ЭЗЭНий өргөөнд мөргөхөөр ирсэн Иудагийн бүх хотынхонд хэлүүлэхээр Миний чамд тушаасан бүх үгийг тэдэнд хэлэгтүн. Нэг ч үгийг бүү хас! 3 Тэд сонсоод, хүн бүр нь муу замаасаа эргэж магадгүй. Тэгвэл үйлсийнх нь муугаас болж тэдэнд үйлдэхээр төлөвлөж байгаа гай гамшигтаа Би харуусах болно.” 4 Чи тэдэнд хэл. “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Та нарын өмнө тогтоосон хуулиар минь алхах тухайд та нар Намайг сонсохгүй, 5 Миний дахин дахин та нарт илгээсэн зарц нар, эш үзүүлэгчдийн минь үгсийг сонсохгүй бол 6 Би энэ өргөөг Шилоa шиг болгож, энэ хотыг ч Би дэлхийн бүх үндэстэнд хараал болгоно»” гэв.*
7 ЭЗЭНий өргөөнд Иеремиаг эдгээр үгийг ярихыг тахилч нар, эш үзүүлэгчид болон бүх ард түмэн сонслоо. 8 Тэгээд бүх ард түмэн, тахилч нар болон эш үзүүлэгчдэд сонсгохоор ЭЗЭНий тушаасан бүгдийг Иеремиа ярьж дуусгахад, бүх ард түмэн түүнийг барьж аван
—Чи үхэх ёстой! 9 Чи юунд “Энэ өргөө Шило шиг болж, энэ хот оршин суугчгүй, эзгүй болно” гэж хэлэн ЭЗЭНий нэрээр эш үзүүлэв? гэцгээв. Бүх ард түмэн ЭЗЭНий өргөөнд Иеремиаг тойрон цугларлаа.
10 Иудагийн түшмэд эдгээр зүйлсийг сонсоод, хааны өргөөнөөс ЭЗЭНий өргөөнд очиж, ЭЗЭНий Шинэ гулдан хаалганы орох үүдэнд сууцгаав. 11 Тэгтэл тахилч нар болон эш үзүүлэгчид нь түшмэд ба бүх ард түмэнд
—Энэ хүнд үхэх ял өг! Энэ хотын эсрэг эш үзүүлэхийг нь та нар чихээрээ сонслоо гэцгээв.
12 Тэгтэл Иеремиа бүх түшмэл ба бүх ард түмэнд хэлэв.
—ЭЗЭН намайг энэ гэрийн эсрэг болон энэ хотын эсрэг та нарын сонссон бүх үгийг эш үзүүл хэмээн илгээсэн. 13 Тиймээс одоо үйлс замаа засаж, ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг дага. ЭЗЭН, та нарын эсрэг зарласан золгүй явдлын талаар бодлоо өөрчилнө. 14 Харин миний хувьд би та нарын гарт байна. Та нар сайн, зөв зүйтэй гэж үзсэнээ л надад үйлд. 15 Хэрэв та нар намайг албал, та нар өөрсөд дээрээ, энэ хот болон оршин суугчид дээр нь гэмгүй цусыг авчрах болно гэдгийг л сайн мэдэгтүн. Учир нь үнэхээр та нарыг сонсож байхад эдгээр бүх үгийг хэлүүлэхээр ЭЗЭН намайг та нарт илгээсэн билээ гэв. 16 Тэгэхэд түшмэд болон бүх ард түмэн нь тахилч нар ба эш үзүүлэгчдэд
—Энэ хүнд үхэх ял өгөхгүй! Учир нь тэрээр ЭЗЭН Бурханы маань нэрээр бидэнд ярив гэж хэлжээ. 17 Дараа нь нутгийн ахмадуудын зарим нь босож, ард түмний хотол чуулганд
18 Иудагийн хаан Хезекиагийн үед Морешетын Мика эш үзүүлж, тэрээр Иудагийн бүх хүнд, “Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна.

«Сион талбай мэт хагалагдаж,
Йерусалим сүйрч,
Өргөөний уул нь ой модтой,
Өндөрлөгүүд адил болно»”* гэж байсан.
19 Иудагийн хаан Хезекиа болон бүх Иуда түүнийг алсан уу? Тэрээр ЭЗЭНээс эмээн ЭЗЭНий тааллыг гуйсан бөгөөд ЭЗЭН тэдний эсрэг зарласан золгүй явдлын талаар бодлоо өөрчлөөгүй гэж үү? Харин бид өөрсдийнхөө эсрэг асар их буруу муу зүйл үйлдэж байна гэж хэлэв.
20 Түүнчлэн ЭЗЭНий нэрээр эш үзүүлж байсан, Кириат-Иеаримын Шемаиагийн хүү Уриа хэмээгч хүн бас байсан агаад тэрээр энэ хот болон энэ нутгийн эсрэг Иеремиагийнхтай төстэй үгсээр эш үзүүлж байв. 21 Иехоиаким хаан болон хүчирхэг бүх эрс, бүх түшмэл нь эдгээр үгсийг сонссон агаад хаан түүнийг алахаар хайв. Харин Уриа үүнийг сонсоод, айн зугтаж Египет рүү явжээ. 22 Тэгэхэд Иехоиаким хаан Египет рүү Ахборын хүү Елнатаныг хүмүүсийн хамт илгээв. 23 Тэд Уриаг Египетээс авчирч, түүнийг Иехоиаким хаанд аваачсан бөгөөд тэрээр түүнийг илдээр хөнөөж, цогцсыг нь энгийн ардуудын оршуулах газарт хаяжээ.
24 Харин Шафаны хүү Ахикам нь Иеремиаг өмгөөлж байсан тул Иеремиаг алах гэсэн хүмүүсийн гарт түүнийг оруулсангүй.


  • 26:1 2Ха 23:36—24:6; 2Шс 36:5–7
  • a26:6 Шило: 7:12 үз.
  • 26:6: Иош 18:1; Дуу 78:60; Иер 7:12–14
  • 26:18 Мик 3:12