Шүүлтийг сануулав
43 1 ЭЗЭН Бурханаас нь тэдэнд илгээгдсэн Иеремиа ард түмэнд өөрсдийнх нь Бурхан ЭЗЭНий бүх үг буюу энэ бүх үгийг хэлж дуусмагц 2 Хошаиагийн хүү Азариа, Кареагийн хүү Иоханан болон бусад ихэмсэг бардам хүмүүс Иеремиад
—Та худал ярьж байна! Бурхан ЭЗЭН маань “Та нар Египет рүү цагаачлахаар бүү яв” гэж хэлүүлэхээр таныг бидэн рүү илгээгээгүй. 3 Харин биднийг халдеичуудын гарт өгч алуулах эсвэл Вавилон руу цөлөхийн тулд Нериагийн хүү Барух таныг бидний эсрэг өдөөж байна гэж хэлэв. 4 Ингээд Кареагийн хүү Иоханан болон цэргийн бүх дарга нар мөн хамаг ард түмэн “Иудагийн нутагт үлд” гэсэн ЭЗЭНий дуу хоолойг дагасангүй. 5 Харин хөөгдөн очсон бүх үндэстнүүдээсээ Иудад суурьшихаар эргэн ирсэн Иудагийн үлдэгсдийг Кареагийн хүү Иоханан ба цэргийн бүх дарга нар авч явсан бөгөөд* 6 эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд, хааны охид мөн Шафаны ач, Ахикамын хүү Гедалиатай хамт байлгахаар ахлах хамгаалагч Небузараданы үлдээсэн бүх хүн төдийгүй эш үзүүлэгч Иеремиа ба Нериагийн хүү Барух нар үүнд багтжээ. 7 Ингээд тэд ЭЗЭНий дуу хоолойг дагалгүй, Египетийн нутаг руу орж, Тахпанхес хүртэл явав.
8 Тэгтэл Тахпанхест ЭЗЭНий үг Иеремиад ирж, айлдахдаа 9 “Гартаа том чулуунууд аваад, Иудагийн зарим эрчүүдийн нүдэн дээр, Тахпанхес дахь Фараоны ордны үүдэн дэх тоосгоны зуурмаг шавар дотор нуу. 10 Тэдэнд «Түг түмдийн ЭЗЭН, Израилын Бурхан ийн айлдав. ‘Үзэгтүн, Би Өөрийн зарц, Вавилоны хаан Небухаднезарыг авчирч, Өөрийн нуусан энэ чулуунуудын дээр түүний сэнтийг тогтоох гэж байна. Тэрээр асар саравчийг тэдний дээгүүр дэлгэнэ. 11 Тэр ирээд Египет нутгийг цохиж, үхэлд зориулагдсаныг нь үхэлд, олзлолд зориулагдсаныг нь олзлолд, илдэнд зориулагдсаныг нь илдэнд өгнө. 12 Би Египетийн бурхдын сүмүүдэд гал тавих тул тэр тэднийг шатааж, тэднийг олзлох болно. Хоньчин хүн хувцсаа бөөснөөс цэвэрлэх адил тэрээр Египет нутгийг цэвэрлээд, дараа нь тэндээс амар тайван гарч явах болно. 13 Тэрээр бас Египет нутагт буй Хелиополисын чулуун хөшөөнүүдийг хэмхлэх болно. Египетийн бурхдын сүмүүдийг тэрээр галдан шатаана’» гэж хэл” гэв.
- 43:5–7 2Ха 25:26