Израилын гэмшлийг Бурхан хүсэмжлэв
2 1 ЭЗЭНий үг надад ирж,
— 2 Яв, Йерусалимынхны чихэнд тунхагла. ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Залуу үеийн чинь зориулалт,
Сүйт бүсгүйнх мэт хайрыг чинь,
Тариалаагүй газар нутаг болох цөлд хүртэл
Намайг дагаж байсныг чинь
Би санаж байна.
3 Израил нь ЭЗЭНд ариун агаад
Ургацынх нь анхны жимс байлаа.
Түүнээс идсэн бүгд буруутан болж,
Тэдэнд хор хөнөөл учирсан
ЭЗЭН тунхаглаж байна” гэв.
— 4 Сонсоцгоо! Иаковын гэр ээ, Израилын гэрийн бүх ургаа, ЭЗЭНий үгийг сонсоцгоо. 5 ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Надаас ямар шударга бус зүйл олсон болоод
Та нарын эцэг өвгөд Надаас холдож
Хоосны араас явж, өөрсдийгөө хоосон болгов?
6 Тэд «Биднийг Египет нутгаас гаргаж,
Цөлөөр, эзгүй, бас ан цав бүхий газраар,
Хэний ч хөндлөн гарч үзээгүй,
Хэний ч оршин амьдарч байгаагүй
Ган гачиг бүхий үхлийн харанхуйн газраар
Биднийг хөтлөн удирдсан
ЭЗЭН хаана байна вэ?» гэж асуусангүй.
7 Би та нарыг арвин жимстэй газарт авчирсан нь
Үр жимс, сайн зүйлсээс нь хооллоосой гэснийх билээ.
Гэвч та нар ирж, газар нутгийг минь бузарлав.
Өвийг минь та нар жигшүүрт зүйл болгов.
8 Тахилч нар «ЭЗЭН хаана байна вэ?» гэж хэлсэнгүй.
Хууль гүйцэтгэгчид Намайг мэдсэнгүй.
Удирдагчид бас Надаас тэрсэлж,
Эш үзүүлэгчид Баалаар эш үзүүлэн,
Ашиг тусгүй зүйлсийн араас явсан.
9 ЭЗЭН тунхаглаж байна.
Тиймээс Би та нарыг буруутгах болно
Мөн та нарын хүүхдүүдийн хүүхдүүдийг
Би буруутгах болно.
10 Киттимийн эрэгт гатлан оч,
Кедар луу илгээн анхааралтай ажиглаж,
Үүнтэй адил зүйл болж байсан эсэхийг хар.
11 Үндэстний бурхад нь бурхад биш ч гэсэн
Тэд сольдог гэж үү?
Гэтэл Миний хүмүүс яруу алдраа
Ашиг тусгүй зүйлээр сольжээ.
12 Тэнгэрс ээ, хиртхийгтүн!
Чичирч, цөхрөгтүн
ЭЗЭН тунхаглаж байна.
13 Миний хүмүүс хоёр мууг үйлдсэн билээ.
Амийн усны ундарга Намайг умартаад,
Ус тогтоон барьдаггүй эвдэрхий усан санг
Өөрсдөдөө хийх гээд чулуу ухсан.
14 Израил боол юм уу?
Эсвэл төрөлхийн зарц юм уу?
Яагаад тэр бусдын олз болов?
15 Залуу арслангууд түүн рүү архирч, чанга дуугарчээ.
Тэд газар нутгийг нь зэлүүд хоосон болгожээ.
Хотууд нь оршин суугчидгүй болж галаар устгагдав.
16 Мемфис болон Тахпанхесын эрчүүд
Чиний толгойн титмийг хусав.
17 Чамайг замаар удирдан явж байхад
Чи ЭЗЭН Бурханаа орхисноороо
Өөр дээрээ үүнийг авчирсан бус уу?
18 Харин одоо чи Нил мөрний уснаас уух гээд
Египет орох зам дээр юу хийж байгаа юм бэ?
Эсвэл Евфрат мөрний уснаас уух гээд
Ассири орох зам дээр юу хийж байгаа юм бэ?
19 Хилэнцэт явдал чинь чамайг шийтгэнэ,
Урвалт чинь чамайг яллана.
Мэдэгтүн, харагтун,
ЭЗЭН Бурханаа чи умартсан
Иймд чиний хувьд ёр муу ба гашуун нь байна.
Надаас эмээхүй гэж дотор чинь алга” хэмээн
Түг түмдийн БУРХАН Эзэн тунхаглаж байна.
20 “«Би Танд үйлчлэхгүй» гээд
Чи аль хэдийн буулгаа хугалан эвдэж,
Дөнгөө авч хаяжээ.
Өндөр толгод бүрийн доор
Ногоон мод бүрийн доор
Чи янхан мэт хэвтэв.
21 Би чамд шилмэл усан үзэм, цэвэр үрийг тарьсан.
Гэтэл юунд чи өөрийгөө Миний өмнө
Харийн усан үзмийн муудсан мухар мөчир болгов?
22 Чи биеэ хужраар угааж,
Үлэмж ихээр хужир хэрэглэсэн ч
Чиний хилэнцийн толбо
Миний өмнө байсаар байна
Эзэн БУРХАН тунхаглаж байна.
23 «Би бузарлагдаагүй,
Би Баал бүрийн хойноос яваагүй» гэж
Чи яаж хэлж чадна вэ?
Хөндий дэх замаа хараач!
Юу хийснээ мэдэж ав, чи!
Чи бол замаа олохгүй хурдлах ингэ,
24 Эзгүй цөлд идээшсэн илжиг,
Ороо нь ороод салхи үнэрлэн давхихад нь
Хэн түүний хүслийг тогтоон барих вэ?
Сардa нь түүнийг тэд хялбар олох тул
Өөрсдийгөө цуцаан түүнийг хайхгүй.
25 Хөл чинь нүцгэрч, хоолой чинь хатах вий.
Гэвч чи «Найдах юм алга!
Тиймээс би харийнхныг хайрласан,
Тэдний хойноос явах болно» гэсэн.
26 Хулгайч илчлэгдэхээрээ шившиг болдог шиг
Израилын гэр болон тэдний хаад,
Амбан захирагчид нь, тахилч нар нь,
Бас эш үзүүлэгчид нь шившиг болов.
27 Тэд модонд «Та миний эцэг» гэдэг.
Чулуунд «Та намайг төрүүлсэн» гэдэг.
Ийнхүү тэд нүүрээ бус,
Нуруугаа Надад харуулав.
Харин зовлонгийнхоо цагт тэд
«Босож, биднийг авраач» гэх болно.
28 Тэгвэл өөрсдөдөө бүтээсэн бурхад чинь яасан бэ?
Зовлонгийн чинь цагт аварч чадах юм бол тэд босоцгоог.
Иуда чамд хотуудын чинь тоогоор бурхад бий шүү дээ?
29 Чи Надтай юунд маргана вэ?
Та нар бүгд Миний эсрэг нүгэл үйлдсэн.
ЭЗЭН тунхаглаж байна.
30 Үр хүүхдүүдийг чинь Би дэмий цохижээ.
Тэд ямар ч гэсгээлийг зөвшөөрөн авсангүй.
Илд чинь сүйтгэгч арслан мэт
Эш үзүүлэгчдийг чинь залгив.
31 Энэ үеийнхэн, ЭЗЭНий үгэнд анхаар.
Би Израилын хувьд цөл эсвэл гүн харанхуйн орон байв уу?
Яагаад миний хүмүүс «Бид хэрэн тэнүүчилнэ.
Бид Тан руу дахин ирэхгүй» гэж хэлнэ вэ?
32 Онгон охин гоёл чимэглэлээ,
Сүйт бүсгүй гоёлын хувцсаа мартаж чадах уу?
Гэтэл Миний хүмүүс Намайг
Дэндүү олон өдөр мартсан билээ.
33 Янаг хайх аргаа яасан сайн олно вэ, чи?
Явдалтай муу эмсэд ч замаа заах болжээ.
34 Эвдлэн орж ирээгүй атлаа
Эгэл ядуусын амин цус
Чиний хормой дээр байна.
Энэ бүхнээс гадна чи бас
35 «Би гэмгүй.
Түүний хилэн надаас үнэхээр зайлжээ» гэсэн.
Үзэгтүн, «Би нүгэл үйлдээгүй» гэсний чинь төлөө
Би чамайг шүүх болно.
36 Чи юунд замаа өөрчлөн ийм их хэрэн тэнүүчилнэ вэ?
Ассири чамайг шившиг болгосны адил
Египет ч бас чамайг шившиг болгоно.
37 Эндээс ч бас чи гараа толгой дээрээ тавиад гарна.
Учир нь ЭЗЭН чиний найддаг хүмүүсээс татгалзсан бөгөөд
Чи тэдний хамт өсөн дэвжихгүй” гэв.
- a2:24 Сард нь: Орооны үед нь гэсэн утгатай.