Хуйлмал номыг ЭЗЭНий өргөөнд уншив

36 1 Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөвдүгээр онд ЭЗЭНээс Иеремиад энэ үг ирж*
2 Хуйлмал ном авч, Миний чамд айлдсан өдрөөс буюу Иосиагийн өдрүүдээс авхуулан энэ өдрийг хүртэл Израил, Иуда болон бүх үндэстний талаар Миний чамд айлдсан бүх үгийг түүн дээр бич. 3 Өөр дээр нь авчрахаар Миний төлөвлөсөн бүх гай гамшгийг Иудагийн гэр сонсож магад. Ингэснээр хүн бүр муу замаасаа эргэх юм. Тэгээд Би тэдний хилэнц ба нүглийг уучилна гэжээ.
4 Дараа нь Иеремиа, Нериагийн хүү Барухыг дуудсан бөгөөд Барух хуйлмал номд Иеремиад ЭЗЭНий айлдсан бүх үгийг Иеремиагаар хэлүүлж бичив. 5 Иеремиа, Барухад тушааж
—Би хориотой учраас ЭЗЭНий өргөөнд орж болохгүй. 6 Тиймээс чи явж, миний хэлж бичүүлсэн хуйлмал дээрээс ЭЗЭНий өргөөн дэх хүмүүст мацаг барих өдөр ЭЗЭНий үгсийг уншиж өг. Мөн чи тэднийг хотуудаасаа ирдэг бүх Иудад унших ёстой. 7 Тэдний гуйлт ЭЗЭНий өмнө ирж, хүн нэг бүр нь муу замаасаа эргэж магад. Учир нь энэ ард түмний эсрэг ЭЗЭНий зарласан уур хилэн агуу гэлээ.
8 Нериагийн хүү Барух ЭЗЭНий өргөөнд ЭЗЭНий үгсийг номоос уншин эш үзүүлэгч Иеремиагийн түүнд тушаасан бүхний дагуу хийв. 9 Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын тавдугаар оны есдүгээр сард Йерусалим дахь бүх хүн болон Иудагийн хотуудаас Йерусалимд ирсэн бүх хүн ЭЗЭНий өмнө мацаг барихыг зарлажээ. 10 Тэгэхэд Барух, ЭЗЭНий өргөөний Шинэ хаалганы үүдэн дээр, дээд хашаанд, гүүш Шафаны хүү Гемариагийн танхимд буюу ЭЗЭНий өргөөнөө Иеремиагийн үгсийг номоос бүх хүнд уншиж өгөв.

Хуйлмал номыг гүүшийн танхимд уншив

11 Шафаны ач, Гемариагийн хүү Микаиа ЭЗЭНий бүх үгийг номоос сонсоод, 12 тэрээр хааны өргөө рүү, гүүшийн танхимд очив. Үзэгтүн, бүх түшмэл болох гүүш Елишама, Шемаиагийн хүү Делаиа, Ахборын хүү Елнатан, Шафаны хүү Гемариа, Хананиагийн хүү Зедекиа болон бүх түшмэл тэнд сууж байлаа. 13 Барухыг хүмүүст номоос уншиж өгч байхыг Микаиа сонсоод, сонссон бүх үгээ тэдэнд мэдээлэв. 14 Тэгээд бүх түшмэл Кушийн гуч, Шелемиагийн ач, Нетаниагийн хүү Иехудийг Барух руу явуулж, “Чи хүмүүст уншсан хуйлмалаа гартаа бариад хүрч ир” гэж хэлүүлэв. Тийнхүү Нериагийн хүү Барух хуйлмалыг гартаа аваад тэдэн дээр ирэв. 15 Тэд түүнд
—Сууж, бидэнд номыг уншиж өгнө үү! гэж хэлэхэд, Барух тэдэнд номыг уншиж өгөв. 16 Тэд бүх үгийг сонсоод, эмээн бие биеэ харж, Барухад
—Бид эдгээр бүх үгийг хаанд заавал мэдэгдэнэ гэцгээв. 17 Тэд Барухаас
—Бидэнд хэлээч, чи эдгээр бүх үгийг хэрхэн бичсэн юм бэ? Түүгээр хэлүүлж бичсэн үү? гэж асуув. 18 Тэгэхэд Барух тэдэнд
—Тэрээр надад эдгээр бүх үгийг хэлж, би тэднийг хуйлмал номд бэхээр бичсэн гэжээ. 19 Тэгээд түшмэд Барухад
—Яв, Иеремиа та хоёр нуугд. Хаана байгаагаа хэнд ч бүү мэдэгд гэцгээв.

Иехоиаким хуйлмал номыг шатаав

20 Ингээд тэд ордон дахь хаан руу явсан боловч хуйлмалыг гүүш Елишамагийн танхимд хадгалж, бүх үгийг хаанд мэдээлэв. 21 Дараа нь хаан уг хуйлмалыг авхуулахаар Иехудийг явуулсанд тэрээр гүүш Елишамагийн танхимаас номыг гаргаж авчирлаа. Иехуди уг номыг хаанд болон хааны хажууд зогсож байсан бүх түшмэлд уншиж өгөв. 22 Есдүгээр сар тул хаан өвлийн ордондоо, хоовонд асаж буй галын өмнө сууж байлаа. 23 Иехудийг гурав, дөрвөн багана унштал, хаан номыг авч гүүшийн хутгаар огтлоод хоовон дахь гал руу шидсээр хуйлмалыг хоовон дахь галд дуустал нь шатаав. 24 Хаан ба эдгээр бүх үгийг сонссон бүх зарц нар нь айсан ч үгүй, хувцсаа урсан ч үгүй. 25 Елнатан, Делаиа болон Гемариа нар хуйлмалыг шатаахгүй байхыг хаанаас гуйсан боловч тэрээр тэднийг сонссонгүй. 26 Хаан өөрийн хүү Иерахмеел, Азриелын хүү Сераиа болон Абдеелын хүү Шелемиад гүүш Барух, эш үзүүлэгч Иеремиа нарыг баривчлахыг тушаасан боловч ЭЗЭН тэднийг нуув.

Иеремиа дахин бичив

27 Иеремиагаар хэлүүлж Барухын бичсэн үг бүхий хуйлмалыг хаантан шатаасны дараа ЭЗЭНий үг Иеремиад ирж, 28 “Дахин өөр хуйлмал авч, Иудагийн хаан Иехоиакимын шатаасан эхний хуйлмал дээр байсан түрүүчийн бүх үгийг дээр нь бич. 29 Иудагийн хаан Иехоиакимын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. «Чи энэ хуйлмалыг шатааж, ‘Яагаад Вавилоны хаан лавтайяа ирж, энэ нутгийг сүйрүүлэн, эндээс хүн амьтныг устгана гэж бичив?’» гэж хэлжээ. 30 Тиймээс Иудагийн хаан Иехоиакимын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. «Давидын сэнтийд залрах хэн ч түүнд үгүй болох бөгөөд түүний үхсэн бие өдрийн бүгчим халуун, шөнийн хүйтэн жаварт хаягдах болно. 31 Би мөн түүнийг, үр удмыг нь бас зарц нарыг нь хилэнцийнх нь төлөө шийтгэж, тэдэн дээр болон Йерусалимын оршин суугчид, Иудагийн хүмүүс дээр Өөрийн тунхагласан бүх гай гамшгийг авчирна. Учир нь тэд сонсоогүй юм»” гэв.
32 Тэгээд Иеремиа ондоо хуйлмал авч, Нериагийн хүү гүүш Барухад хуйлмалыг өгсөнд тэрээр дээр нь Иудагийн хаан Иехоиакимын галд шатаасан номын бүх үгийг Иеремиагаар хэлүүлж бичив. Тэдэн дээр олон төстэй үг нэмэгдлээ.


  • 36:1 2Ха 24:1; 2Шс 36:5–7; Дан 1:1–2