Шүтээн дагасан буруутал

44 1 Египет нутагт амьдарч буй буюу Мигдол, Тахпанхес, Мемфис болон Патросын нутагт амьдарч буй хамаг иудейчүүдийн төлөө Иеремиад ирсэн үг энэ болой.
2 Түг түмдийн ЭЗЭН, Израилын Бурхан ингэж айлдаж байна. “Йерусалим болон, Иудагийн бүх хот дээр Миний авчирсан бүх гай гамшгийг та нар өөрсдөө харсан билээ. Үзэгтүн, одоо тэд балгас болсон бөгөөд хэн ч дотор нь амьдардаггүй. 3 Энэ бол тэд өөрсдөө ч, та нар ч, та нарын эцэг өвгөд ч мэддэггүй байсан өөр бурхдад утлага уугиулан үйлчлэхээр явж, Намайг уурлуулсан бузар муу явдлаас нь болсон юм. 4 Гэсэн хэдий ч Би та нарт Өөрийн бүх зарц болох эш үзүүлэгчдээ илгээж «Миний үзэн яддаг энэ жигшүүрт зүйлийг бүү хийгээч» гэж хэлүүлсэн. 5 Гэвч тэд өөр бурхдад утлага шатаах тэрхүү хорон муу явдлаасаа эргэхийн төлөө чих тавьсангүй, сонссон ч үгүй. 6 Тиймээс хилэн минь, уур минь асгарч, Иудагийн хотуудад, Йерусалимын гудамжнуудад шатсан бөгөөд энэ өдөр байгаа шигээ тэдгээр нь балгас, зэлүүд газар болсон»” гэсэн. 7 Тиймээс түг түмдийн Бурхан ЭЗЭН, Израилын Бурхан ингэж айлдаж байна. “Иудагийн дундаас эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд ба нялхсыг тасалж, өөрсдийгөө үлдэгсэдгүй орхин юунд өөрсдөдөө үлэмж хор хөнөөл учруулна вэ? 8 Цагаачлахаар орж ирсэн энэ Египет нутагтаа та нар өөр бурхдад утлага уугиулан гарын бүтээлээрээ юунд Намайг уурлуулна вэ? Та нар таслагдаж, дэлхийн бүх үндэстний дунд хараал, зэвүүцэл болох гээ юү? 9 Иудагийн нутагт ба Йерусалимын гудамжнуудад үйлдсэн эцэг өвгөдийнхөө бузар муу явдлыг, Иудагийн хаад ба эхнэрүүдийнх нь хорон муу үйлсийг бас өөрсдийнхөө мөн эхнэрүүдийнхээ хийсэн элдэв муу явдлыг та нар мартсан уу? 10 Тэд энэ өдрийг хүртэл номхорсонгүй, эмээсэн ч үгүй, бас та нарын болон эцэг өвгөдийн чинь өмнө Миний тогтоосон хууль, зарлигуудаар минь алхсан ч үгүй.”
11 Тиймээс түг түмдийн ЭЗЭН, Израилын Бурхан ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би та нарын дээр гамшгийг авчрахаар, бүх Иудаг эцэс болгохоор шийдсэн. 12 Египетийн нутагт цагаачлан явахаар шийдсэн Иудагийн үлдэгсдийг Би зайлуулах бөгөөд тэд бүгд Египет нутагт дуусгавар болж унана. Тэд илдэнд залгигдаж, өлсгөлөнгөөр үхнэ. Их бага аль аль нь илд ба өлсгөлөнгөөр үхнэ. Тэд хараал, аймшиг, зүхэл ба зэвүүцэл болно. 13 Би Йерусалимыг шийтгэсэн шиг Египет нутагт амьдарч буй тэднийг илд, өлсгөлөн, тахлаар шийтгэнэ. 14 Египет нутагт цагаачлахаар тийшээ орсон Иудагийн үлдэгсдээс зугтах юм уу, амь гарах эсвэл Иудагийн нутагт эргэж ирэх хэн ч байхгүй. Хэдийгээр тэд амьдрахаар буцаж ирэхийг тэмүүлэвч, хэдэн оргодлоос өөр хэн ч буцаж ирэхгүй” гэв.
15 Тэгтэл эхнэрүүдээ өөр бурхдад утлага уугиулж байсныг нь мэддэг бүх эрэгтэйчүүд, хажууд нь зогсож байсан бүх эмэгтэйчүүдийн хамт буюу Египет нутгийн Патрост амьдарч буй бүх ард олны их чуулган Иеремиад хариулан
16 ЭЗЭНий нэрээр бидэнд хэлсэн таны эдгээр үгсийн тухайд, бид чамайг сонсохгүй! 17 Харин ч бид өөрсдөө, эцэг өвгөд маань, хаад ба ноёд маань Иудагийн хотуудад мөн Йерусалимын гудамжнуудад үйлдсэн шиг тэнгэрийн хатанд утлага уугиулж, ундаан өргөлүүдийг цутгаж, амнаасаа гаргасан үг бүрээ заавал биелүүлнэ. Тэр үед бид элбэг хоол хүнстэй, баян чинээлэг байсан бөгөөд ямар ч золгүй явдлыг хараагүй. 18 Харин тэнгэрийн хатанд тахилууд шатааж, ундаан өргөл цутгахаа больсноос хойш бид бүхий л юмаар дутагдаж, илд болон өлсгөлөнгөөр ирэх төгсгөлтэйгөө учирсан гэв. 19 Эмэгтэйчүүд нь
—Бид заавал тэнгэрийн хатанд тахилууд шатааж, түүнд ундаан өргөлүүдээ цутгана. Бид түүний төрхөөр боов хийж, ундаан өргөл цутгахдаа эр нөхрүүдээ оролцуулаагүй гэж чи бодоо юу? гэцгээв. 20 Тэгэхэд Иеремиа бүх ард түмэнд, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд буюу өөрт нь хариулт өгч байсан бүх хүнд
21 Иудагийн хотуудад болон Йерусалимын гудамжнуудад та нар, та нарын эцэг өвгөд, та нарын хаад, та нарын түшмэд болон энэ нутгийн ард түмний шатаасан утлагат тахилуудын хувьд, ЭЗЭН тэднийг санахгүй бас, тоохгүй өнгөрнө гэж үү? 22 Тиймээс та нарын бузар муухай үйл, та нарын үйлдсэн жигшүүрээс болж ЭЗЭН цаашид тэвчиж чадахаа больсон. Тэгээд танай нутаг энэ өдрийнх шиг балгас, аймшиг, хараал болж, оршин суугчгүй болжээ. 23 Та нар ЭЗЭНий дуу хоолойг дагалгүй элдэв тахил шатааж, ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдэн, Түүний хууль, тогтоолууд ба зарчмуудынхa нь дагуу алхаагүй тул энэ өдрийнх шиг ийм гай гамшиг та нарын дээр буув гэж хэлэв.
24 Тэгээд Иеремиа бүх ард түмэнд мөн бүх эмэгтэйчүүдэд
—Египет нутагт буй бүх Иуда! ЭЗЭНий үгийг сонсогтун. 25 Түг түмдийн ЭЗЭН, Израилын Бурхан дараах зүйлсийг ингэж айлдаж байна. “Та нар болон та нарын эхнэрүүд «Тэнгэрийн хатанд тахилууд шатааж, түүнд ундаан өргөлүүдийг цутгахаар тангарагласан тангаргаа бид заавал биелүүлнэ» гээд та нар амаараа ярьж, гараараа биелүүлэв. Явж, тангаргуудаа баталж, тангаргуудаа заавал биелүүл!” 26 Түүнчлэн ЭЗЭНий үгийг сонсогтун. Египет нутагт амьдарч буй бүх Иудагийнхан! “Үзэгтүн, Би аугаа нэрээрээ тангарагласан юм” гэж ЭЗЭН айлдаж байна. “Египетийн бүх нутагт байгаа Иудагийн аливаа хүний аманд «Эзэн БУРХАН амьд!» хэмээн нэр минь дахин хэзээ ч дуудагдахгүй. 27 Үзэгтүн, сайны төлөө бус, хор хөнөөлийн төлөө Би тэдний дээгүүр харж байгаа бөгөөд Египет нутагт буй Иудагийн бүх хүн бүрмөсөн устах хүртлээ илд ба өлсгөлөнгөөр ирэх төгсгөлтэйгөө учрах болно. 28 Илднээс зугтагч хүмүүс Египет нутгаас Иудагийн нутагт цөөхүүлээ эргэн ирнэ. Тэгээд Египет нутагт цагаачлахаар тийшээ явсан Иудагийн бүх үлдэгсэд нь хэний үг хүчтэйг, Минийх үү эсвэл тэднийх үү гэдгийг мэдэх болно. 29 Үгс минь та нарын эсрэг хор хөнөөлийн төлөө үнэхээр зогсох болно гэдгийг та нарт мэдүүлэхийн тулд энэ газарт Би та нарыг шийтгэнэ. Энэ нь та нарын хувьд тэмдэг болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 30 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би Иудагийн хаан Зедекиаг түүний дайсан буюу амийг нь эрж байсан Вавилоны хаан Небухаднезарын гарт тушаасан шигээ Египетийн хаан Фараон Хофраг түүний дайснуудын гарт буюу амийг нь эрэгч хүмүүсийн гарт тушаах гэж байна” гэж хэлэв.*


  • a44:23 евр. гэрчлэлүүд
  • 44:30 2Ха 25:1–7