Ваарчин ба шавар

18 1 ЭЗЭНий үг Иеремиа дээр ирж, айлдахдаа 2 “Босож, ваарчныд оч. Тэнд Би чамд үгээ айлдах болно” гэв.
3 Би ваарчныд очиход, тэр тэнд дугуйн дээр нэгэн зүйл хийж байв. 4 Гэтэл шавраар хийж байсан ваар нь түүний гараас мултран бутрахад тэр түүнийг өөрт нь таалагдсан ондоо ваар болгож дахин хийв. 5 Тэгтэл ЭЗЭНий үг над дээр ирж, 6 “Израилын гэр ээ, энэ ваарчинтай адил Би та нарыг мөн ингэж чадахгүй гэж үү? ЭЗЭН тунхаглаж байна. Үзэгтүн, ваарчны гар дахь шавартай адил, Израилын гэр ээ, та нар Миний мутарт мөн тийм билээ. 7 Би үндэстнийг эсвэл хаанчлалыг үндсээр нь тастаж, нурааж, устгах тухай нэгэнтээ ярьж магадгүй. 8 Нөгөө талаар, хэрэв Миний эсэргүүцэн ярьсан тэр үндэстэн бузар муугаасаа эргэвэл, тэдэн дээр буулгахаар төлөвлөж байсан гамшгийн тухайд Би зөөлөрнө. 9 Би үндэстнийг эсвэл хаанчлалыг барьж босгон тарьж ургуулах тухай нэгэнтээ ярьж магадгүй. 10 Нөгөө талаар, хэрэв тэр нь дуу хоолойг минь дагахгүй байснаар мэлмийд минь муу муухайг үйлдвэл, Би түүнийг ерөөхөөр амласан сайн сайхнаа эргүүлнэ.
11 Тиймээс одоо Иудагийн хүмүүст болон Йерусалимын оршин суугчдын эсрэг ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би та нарын эсрэг гай гамшиг бэлтгэж, төлөвлөгөө сэдэж байна. Та нарын хүн нэг бүр чинь муу замаасаа эргэж, зам ба үйлсээ шинэчил» гэж хэл.

Израилын зөрүүдлэл

12 Гэвч тэд «Найдах юм алга! Тиймээс бид төлөвлөгөөнүүдээ дагана, хүн нэг бүр маань хорон муу санааныхаа зоргоор гөжүүдэлнэ» гэж хэлнэ.

13 Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна.
«Одоо үндэстнүүдээс асуу,
Үүнтэй адил зүйлийг хэн сонссон бэ?
Онгон охин Израил хамгийн айдас төрүүлмээр зүйл үйлдэв.
14 Ливаны цас нь задгай нутгийн цохиог орхисон уу?
Уулын ус, ундаргат хүйтэн урсгалууд
Урсахаа зогсоосон уу?
15 Гэтэл Миний хүмүүс Намайг мартсан агаад
Тэд хоосон бурхдад утлага уугиулж,
Гол замаар бус жимээр явахын тулд
Тэд замуудаасаа, эртний замуудаас бүдэрсэн нь
16 Нутгаа эзгүйрэл буюу үргэлжийн харуусал болгохын тулд байлаа.
Үүний хажуугаар өнгөрдөг хүн бүр гайхаж,
Толгойгоо сэгсрэх болно.
17 Дорнын салхи мэт Би
Дайсных нь өмнө тэднийг тараана.
Тэдний гамшгийн өдөр Би
Нүүрээ бус, нуруугаа тэдэнд харуулна»” гэв.
Иеремиагийн эсрэг хуйвалдаан
18 Дараа нь тэд “Ирэгтүн, Иеремиагийн эсрэг төлөвлөгөө сэдэцгээе. Тахилчаас хууль, мэргэн хүнээс зөвлөгөө, эш үзүүлэгчээс үг үнэхээр тасрахгүй. Нааш ир, түүнийг үг хэлээр дайрч, ямар ч үгэнд нь анхаарлаа хандуулахгүй байя” гэж ярилцсан байв.

19 Аяа ЭЗЭН, намайг сонсож, миний дайснууд юу хэлж байгааг сонсооч!
20 Сайныг муугаар хариулах ёстой гэж үү?
Учир нь тэд надад нүх ухжээ.
Таны уур хилэнг тэднээс зайлуулахын тулд
Тэдний төлөө сайныг ярихаар
Таны өмнө би хэрхэн зогссоныг санаач.
21 Тиймээс тэдний хүүхдүүдийг өлсгөлөнд өгч,
Тэднийг илдний хүчинд тушаагаач.
Тэдний эхнэрүүдийг үр хүүхэдгүй, бэлэвсэн болгооч.
Тэдний эрчүүдийг үхтэл нь хядуулж,
Залуучуудыг нь тулалдаанд илдэнд өртүүлээч.
22 Та тэдний дээр дээрэмчдийг гэнэт авчрахад
Тэдний гэрүүдээс хашхираан сонсогдох болтугай.
Учир нь тэд намайг барихын тулд нүх ухаж,
Миний хөлд урхи тавьж нуусан билээ.
23 Гэсэн хэдий ч намайг үхүүлэх гэж
Тэд юу төлөвлөснийг ЭЗЭН Та мэднэ.
Тэдний хилэнцийг бүү уучлаач,
Тэдний нүглийг мэлмийнээсээ бүү зайлуулаач.
Харин тэд Таны өмнө хөмөрч унах болтугай.
Уур хилэнгийнхээ цагт тэдэнд хүрээч!