Иудагийн нүгэл ба шийтгэл

17 1 “Иудагийн нүгэл төмөр үзгээр бичигджээ.
Тэр нь очир алмаасны үзүүрээр
Тэдний зүрхний самбар болон тахилын ширээний эвэр дээр сийлэгджээ.
2 Тэд хүүхдүүдээ дурсан санахдаа
Өндөр толгод дээр ногоон моддын дэргэдэх тахилын ширээнүүдээ,
Ашерагийн модон шонгоо мөн дурсан санадаг.
3 Хөдөө тал дахь уул минь ээ,
Чиний хязгаар нутаг дахь нүглийн улмаас
Мөргөлийн өндөрлөгүүдийн чинь хамт
Эд баялаг болон бүх эрдэнийг чинь
Би олзонд хаяж өгнө.
4 Мөн чи өөрөө ч Миний чамд өгсөн өвийг гээнэ.
Би чамайг чиний мэддэггүй нутагт дайснуудад чинь үйлчлүүлнэ.
Учир нь чи уур хилэнд минь үүрд шатах галыг ноцоов.”

5 ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Аяа, хүнд итгэлээ тавьдаг,
Хүч чадал нь бие махбодод байдаг
Зүрх сэтгэл нь ЭЗЭНээс эргэсэн хүн хараалтай яа.
6 Тэрээр цөл дэх бут мэт,
Хөгжил цэцэглэл ирэхэд харахгүй,
Харин оршин суугчгүй давст нутагт
Зэлүүд нутагт, чулуурхаг газарт амьдарна.

7 Харин ЭЗЭНд итгэдэг,
ЭЗЭН итгэл найдвар нь байдаг хүн ерөөлтэй еэ!
8 Учир нь тэрээр усны дэргэд таригдсан мод мэт
Усан урсгалаар үндсээ өргөсгөж,
Халуун шатахад айхгүй
Харин навчис нь ногоон байна.
Ган гачгийн жилд тэр түгшихгүй,
Үр жимс гаргахаа ч зогсоохгүй. *

9 Зүрх гэдэг бүхнээс илүү хуурамч, эдгэршгүй өвчтэй.
Хэн үүнийг ойлгож чадах билээ?
10 ЭЗЭН Би зүрхийг эрэлхийлж,
Цээж дотрыг шалгадаг нь
Хүн бүрд замуудынх нь дагуу,
Үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм.*

11 Шударга бусаар эд хөрөнгөтэй бологч нь
Гаргаагүй байж өндөг дардаг ятуутай адил.
Хижээл насанд нь энэ нь түүнийг орхиж,
Эцэст нь тэр мунхаг болно” гэв.

12 Эхнээсээ өндөрт өргөгдсөн
Сүр жавхлант сэнтий!
Ариун газраас маань гэрэлтээч.
13 Израилын найдвар ЭЗЭН,
Таныг орхигч бүгд ичгүүрт унах болно.
ЭЗЭН гэдэг амьд усны ундаргыг орхисон тул
Эргэж буцагч хүмүүс газарт бичигдэх болно.

Иеремиагийн залбирал

14 Намайг эдгээгээч, ЭЗЭН!
Тэгвэл би эдгэрнэ.
Намайг авраач,
Тэгвэл би аврагдана.
Учир нь Та миний магтаал.
15 Хараач, тэд надад
“ЭЗЭНий үг хаана байна?
Тэр нь одоо ирэг!” гэсээр байна.
16 Харин миний хувьд,
Хойноос чинь хоньчин болохоос би зугтаагүй,
Гаслант өдрийг ч би хүсэн хүлээгээгүй.
Уруулаас минь гарсан зүйл Таны өмнө байсныг
Өөрөө Та мэдэх билээ.
17 Надад айдас бүү болооч.
Зовлонгийн өдөр Та миний хоргодох газар юм.
18 Намайг хавчигч хүмүүсийг шившиг болгооч.
Харин миний тухайд намайг бүү шившиг болгооч.
Тэднийг айлгаач, харин намайг бүү айлгаач.
Тэдэн дээр зовлонгийн өдрийг авчирч,
Тэднийг хоёр дахин сүйрлээр бяцлаач.

Амралтын өдрийг сахь

19 ЭЗЭН надад ингэж айлдав.
—Явж, Иудагийн хаадын орж, гардаг нийтийн гулдан хаалган дээр мөн Йерусалимын бүх гулдан хаалган дээр зогс. 20 Тэдэнд “Иудагийн хаад болон эдгээр хаалгаар орж ирэгч бүх Иуда, Йерусалимын бүх оршин суугчид аа, ЭЗЭНий үгийг сонсоцгоо. 21 ЭЗЭН ингэж айлдаж байна. «Амралтын өдөр ямар нэгэн ачаа үүрэхээс эсвэл Йерусалимын гулдан хаалгаар ямар нэгэн зүйл авчрахаас өөрсдөө болгоомжил.* 22 Та нар Амралтын өдөр гэрээсээ ямар нэгэн ачаа бүү зөөж гарга, ямар нэгэн ажил ч бүү хий. Би эцэг өвгөдөд чинь тушаасны дагуу Амралтын өдрийг ариунаар сахь» гэсэн.* 23 Харин тэд сонсоогүй, чих ч тавиагүй бөгөөд сонсохгүй, хүлээн авахгүйн тулд хөшүүн хүзүүлсэн” гэж хэл. 24 Түүнчлэн “ЭЗЭН тунхаглаж байна. «Хэрэв Амралтын өдөр энэ хотын гулдан хаалгаар ямар ч ачаа зөөж оруулалгүй харин энэ өдөр ямар ч ажил хийлгүйгээр Амралтын өдрийг ариунаар сахиж, Намайг та нар анхааралтай сонсох юм бол 25 энэ хотын гулдан хаалгаар Давидын сэнтийд суусан хаад, морьд унасан ба тэрэг хөлөглөсөн ноёд, Иудагийн хүмүүс болон Йерусалимын оршин суугчид орж ирж, энэ хот үүрд оршин суугчидтай болно. 26 Тэд шатаалт тахил, тахил, идээн өргөл болон утлага мөн ЭЗЭНий өргөөнд талархлын тахилуудыг авчран Иудагийн хотуудаас, Йерусалимын эргэн тойрноос, Бениамин нутгаас, нам дор газраас, уулархаг газраас мөн Негевээс ирэх болно. 27 Харин Амралтын өдөр ачаа үүрч, Йерусалимын хаалгаар орж ирэн, Амралтын өдрийг ариунаар сахихгүй, Намайг сонсохгүй бол Би хаалган дээр нь гал ноцоох бөгөөд тэр нь Йерусалимын орднуудыг залгиж, эс унтарна»” гэв.


  • 17:8 Дуу 1:3
  • 17:10 Дуу 62:12; Илч 2:23
  • 17:21 Нех 13:15–22
  • 17:22 Гэт 20:8–10; Дх 5:12–14