4 1 “Израил аа, чи эргэх бол
Над руу буцаж ир” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
“Жигшүүрт зүйлсээ оршихуйгаас минь зайлуулаад
Эргэлзэж гуйвахгүй байвал,
2 Хэрэв чи үнэн, шударга, зөвт байдалдаа
«ЭЗЭН амьд!» хэмээн тангараглах аваас,
Түүн дотор үндэстнүүд өөрсдийгөө ерөөж,
Түүн дотор тэд сайрхах болно.”

3 Иудагийн хүмүүст болон Йерусалимд
ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Боловсруулаагүй газраа хагалагтун,
Өргөст ургамлын дунд бүү тариал.*
4 Иудагийн хүмүүс, Йерусалимын оршин суугчид аа,
ЭЗЭНий төлөө өөрсдийгөө хозол,
Зүрхээ хозлуулагтун.
Эс тэгвэл та нарын үйлсийн муугаас болж
Уур хилэн минь гал мэт шатна
Унтрааж чадах хэн ч үгүй.”

Иудад нүүрлэх халдлага, эзгүйрэл

5 Иудад зарлан Йерусалимд тунхаглаж, ингэж хэлэгтүн.
“Нутагт бүрээ үлээ.
Чангаар хашхирч,
«Цуглар, бэхлэгдсэн хотууд руу явцгаая» гэж хэл.
6 Сион тийш тугаа босго!
Хоргодох газар хай, бүү зогс.
Учир нь Би хойд зүгээс
Гай гамшиг ба аймшигт сүйрлийг авчирч байна.
7 Арслан ой шугуйгаасаа гарлаа.
Үндэстнүүдийг устгагч хөдөллөө.
Газар нутгийг чинь цөлмөхөөр
Өөрийнхөө газраас гарлаа.
Хотуудыг чинь оршин суугчгүй балгас болгоно.
8 Үүний төлөө таар өмсөж, гашуудан уйл.
Учир нь ЭЗЭНий ширүүн уур хилэн
Биднээс эргэж буцаагүй.”

9 Тэр өдөр хаан ба ноёд зүрх алдаж, тахилч нар айн сүрдэж, эш үзүүлэгчид гайхах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна гэв. 10 Тэгэхэд нь би
—Аяа, Эзэн БУРХАН! “Та нарт амар амгалан байх болно” гэж Та энэ ард түмнийг болон Йерусалимыг үнэхээр хуурчээ. Гэтэл хоолойд илд тулсан байна гэж хэлсэн юм.
11 Тэр үед энэ ард түмэнд болон Йерусалимд ийнхүү хэлнэ. “Цөлийн нүцгэн дов толгодоос ард түмнийг минь чиглэн халуун салхи ирнэ. Энэ нь шигшин цэвэрлэх салхи мэт бус, 12 харин хэт их хүчтэй салхи бөгөөд тушаалаар минь ирнэ. Эдүгээ Би тэдний эсрэг шийтгэлүүдийг бас зарлах болно.”

13 Үзэгтүн, Тэрээр үүл мэт дээш гарчээ.
Тэрэгнүүд нь хуй салхи мэт,
Морьд нь бүргэдээс илүү хурдан.
Золгүй еэ! Бид сүйрчээ.
14 Йерусалим аа, аврагдахын тулд
Булай муугаас зүрхээ угаа.
Хэдий болтол чи ёс бусыг бодох юм бэ?
15 Учир нь нэгэн дуу хоолой Данаас зарлан мэдүүлж,
Ефраим уулаас золгүй явдлыг тунхаглаж байна.
16 Одоо үндэстнүүдэд мэдээл!
Йерусалимын дээр тунхагла.
“Бүслэгчид алс холын орноос ирж,
Иудагийн хотуудын эсрэг дуу хоолойгоо өндөрсгөж байна.
17 Талбайн харуул мэт тэд
Эргэн тойронд түүний эсрэг байна.
Учир нь тэр Миний эсрэг тэрсэлсэн” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.

18 Чиний зам болон үйлс чинь
Эдгээр зүйлсийг чам дээр авчрав.
Энэ нь чиний зовлон болов.
Үнэхээр гашуун юм аа,
Өр зүрхэнд чинь хүрчээ!

Иудагийн төлөөх шаналан

19 Сэтгэл минь, сэтгэл минь!
Би зовж байна.
Зүрх минь, зүрх минь
Миний дотор савлаж байна.
Би чимээгүй байж чадахгүй.
Учир нь сэтгэл минь чи,
Бүрээн дуу, дайны түгшүүрийг сонссон.
20 Гамшиг дээр гамшиг тунхаглагдаж,
Газар нутаг бүхэлдээ үгүйрэн хоосорч,
Гэнэтхэн майхнууд минь,
Агшин зуур хөшигнүүд минь хоосорчээ.
21 Би хэдий болтол туг харж,
Бүрээн дуу сонсох ёстой юм бэ?

22 “Учир нь хүмүүс минь мунхаг.
Тэд Намайг мэддэггүй.
Тэнэг бөгөөд ухаангүй хүүхдүүд юм.
Муу муухайг үйлдэхдээ сүрхий,
Зөв сайныг үйлдэхийг мэддэггүй”.

23 Би дэлхийг хартал,
Үзэгтүн, энэ нь хэлбэр эзгүй хоосон болжээ.
Тэнгэрсийг хартал, тэд ямар ч гэрэлгүй байлаа.
24 Уулсыг би хартал,
Үзэгтүн, тэд доргиж байв.
Дов толгод бүгд хойшоо урагшаа хөдөлж байв.
25 Намайг харахад, үзэгтүн, тэнд ямар ч хүн байсангүй.
Тэнгэрийн бүх шувуу нисчихсэн байв.
26 Намайг харахад, үзэгтүн,
Арвин жимстэй газар нь цөл болж,
Бүх хот нь ЭЗЭНий өмнө,
Ширүүн уур хилэнгийнх нь өмнө нураагдсан байв.

27 ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Бүхэл газар нутаг хоосрох боловч
Би бүрмөсөн устгахгүй.
28 Үүний төлөө дэлхий гашуудаж,
Дээр буй тэнгэрс харанхуй болно.
Учир нь Би айлдсан,
Би төлөвлөсөн бөгөөд
Бодлоо өөрчлөхгүй, эргэж буцах ч үгүй.

29 Морьтон ба харваачийн дуугаар хот бүр зугтана.
Тэд ой шугуй руу орж, хадаар авирна.
Хот бүр орхигдож,
Хүн тэнд эс амьдарна.
30 Зэлүүд болсон чи юу хийх вэ?
Чи хэчнээн час улаанаар хувцаслан
Алтан чимэглэлээр чимэн нүдээ будаж томруулавч
Өөрийгөө дэмий л үзэсгэлэнтэй болгож байна.
Амрагууд чинь чамайг жигшинэ.
Амийг чинь тэд эрнэ.
31 Би төрөх гэж өвдөж буй эмэгтэйнх шиг хашхирах дууг,
Анхны хүүхдээ төрүүлж буй эмэгтэйнх шиг ёолох дууг,
Амьсгаа нь давчдаж буй Сион охины дууг сонсов.”
Тэрээр гараа сунгаад, “Ээ, би золгүй еэ!
Алуурчинд би амиа алдав” гэж хэлэв.


  • 4:3 Хос 10:12