Эс нүүхийг үлдэгсдэд зөвлөв

42 1 Дараа нь цэргийн бүх дарга нар, Кареагийн хүү Иоханан, Хошаиагийн хүү Азариа ба их, бага бүх хүн ойртон ирээд, 2 эш үзүүлэгч Иеремиад
—Бидний гуйлтыг өмнөө авч, бидний төлөө буюу энэ бүх үлдэгсдийн төлөө ЭЗЭН Бурхандаа залбираач. Таны нүдээрээ үзэж байгаачлан бид олон хүнээс цөөхүүлээ үлдлээ. 3 Таны Бурхан ЭЗЭН алхах замыг маань болон хийх зүйлийг маань бидэнд мэдүүлж өгөх болтугай гэж хэлэв. 4 Тэгэхэд эш үзүүлэгч Иеремиа тэдэнд
—Би сонслоо. Үзэгтүн, би та нарын хэлсний дагуу ЭЗЭН Бурханд чинь залбирах гэж байна. Та нарт ЭЗЭНий хариулах бүхий л үгсийг би та нарт хэлнэ. Би та нараас нэг ч үг нуухгүй гэв. 5 Тэд Иеремиад
—Таны Бурхан ЭЗЭНээс танаар дамжин бидэнд илгээх бүхий л үгсийн дагуу бид үйлдэхгүй бол бидний эсрэг ЭЗЭН үнэн итгэлтэй гэрч байг. 6 Таныг Түүнд илгээж буй бид бүхэн ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сайн ч бай муу ч бай дагах болно. Энэ нь ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг дагаж, сайн сайхан нь бидэнд байхын тулд юм гэжээ.
7 Арван өдрийн эцэст ЭЗЭНий үг Иеремиад ирэв. 8 Тэгээд тэрээр Кареагийн хүү Иоханан, түүнтэй хамт буй цэргийн бүх дарга нарыг их, бага бүх хүний хамт дуудаж, 9 тэдэнд
—Гуйлтаа өмнө нь тавихын тулд та нар намайг Израилын Бурхан ЭЗЭН рүү илгээсэн. Тэрээр ингэж айлдаж байна. 10 “Та нар энэ нутагт эргээд амьдрах аваас, Би та нарыг нураах бус босгох бөгөөд та нарыг тастаж сугалах биш, тарьж суулгах болно. Та нарт учруулсан гай гамшгийн талаар Би харамсаж байна. 11 Өөрсдийн айж байгаа Вавилоны хаанаас бүү ай. Түүнээс бүү эмээ” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Та нарыг түүний гараас аварч, чөлөөлөхийн тулд Би та нартай хамт байна. 12 Би та нарт өршөөл үзүүлэх тул тэр ч та нарт өршөөл үзүүлж, нутаг газарт чинь та нарыг буцаана. 13 Харин та нар ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсохгүйгээр «Бид энэ нутагт амьдрахгүй» гэж хэлсээр байх юм бол, 14 улмаар «Үгүй, харин бид Египетийн нутаг руу явна. Тэнд бид дайныг харахгүй, бүрээн дуу сонсохгүй, талхаар ч өлсөхгүй бөгөөд тэнд бид амьдрах болно» гэх юм бол 15 Иудагийн үлдэгсэд ээ, тэгвэл ЭЗЭНий үгийг сонсоцгоо. Түг түмдийн ЭЗЭН, Израилын Бурхан ингэж айлдаж байна. «Хэрэв та нар үнэхээр Египет рүү орж, тэнд цагаачлахаар шийдвэл, 16 та нарын айж буй илд та нарыг тэнд Египет нутагт гүйцэж хүрнэ. Та нарын санаа зовж байгаа өлсгөлөн тэнд, Египетэд та нарын араас ойрхон дагах бөгөөд та нар тэнд үхнэ. 17 Египет рүү явж, тэнд цагаачлахаар шийдсэн бүх хүн илд, өлсгөлөн ба тахлаар үхнэ. Миний тэдэн дээр авчрах гэж байгаа гай гамшгаас амьд үлдэх, дүрвэх хүн тэдэнд үлдэхгүй.»
18 Учир нь түг түмдийн ЭЗЭН, Израилын Бурхан ингэж айлдаж байна. «Йерусалимын оршин суугчид дээр уур хилэн минь асгарсан шиг та нарыг Египетэд орох үед Миний хилэн та нар дээр асгарах болно. Та нар хараал, аймшиг, зүхэл, зэвүүцэл болно. Харин энэ газрыг та нар дахиад харахгүй»” гэв.
19 Иудагийн үлдэгсэд ээ, ЭЗЭН та нарт “Египет рүү бүү яв!” гэж айлдсан. Өнөөдөр би та нарт анхааруулсан гэдгийг мэдэгтүн. 20 Та нар сэтгэлдээa алдаж буруутлаа. “Бидний төлөө Бурхан ЭЗЭНд маань залбираач. ЭЗЭН Бурхан маань юу ч хэлсэн бидэнд түүнийг нь хэл, бид үйлдье” гээд та нар л намайг ЭЗЭН Бурхан руугаа илгээсэн шүү дээ. 21 Ингээд би та нарт өнөөдөр мэдүүллээ. Гэвч та нарт хэл хэмээн намайг илгээсэн Түүнийг та нар сонссонгүй, юун дээр ч ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг дагасангүй. 22 Тиймээс очиж, цагаачлахыг хүсэж буй тэр газартаа та нар илд, өлсгөлөн тахлаар үхнэ гэдгээ одоо тодорхой ойлгогтун гэв.


  • a42:20 эсвэл амийнхаа үнээр