Гэсгээлт гарцаагүй
15 1 Тэгээд ЭЗЭН, надад айлдахдаа “Мосе Самуел нар Миний өмнө зогслоо ч зүрх минь энэ хүмүүстэй хамт байхгүй. Тэднийг оршихуйгаас минь зайлуулан явуул!* 2 Тэд чамд «Бид хаашаа явах юм бэ?» гэх үед чи тэдэнд
«Үхэх нь үхэл рүү,
Илдэнд унах нь илд рүү,
Өлсөж үхэх нь өлсгөлөн рүү,
Олзлогдох нь олзлогдол руу яв
ЭЗЭН ингэж айлдсан» хэмээн хэл.*
3 Би тэдний дээр дөрвөн төрлийн гамшгийг буулгана. ЭЗЭН тунхаглаж байна. Тэр нь хяргах илд, тасчих ноход, залгиж, сүйтгэх тэнгэрийн шувууд болон газрын араатан юм. 4 Хезекиагийн хүү Иудагийн хаан Манассегаас болж, Йерусалимд үйлдсэн зүйлсийнх нь төлөө дэлхийн бүх хаанчлалын дунд Би тэднийг аймшиг болгоно.*
5 Йерусалим аа, үнэндээ хэн чамайг өрөвдөх юм бэ?
Хэн чиний төлөө гашуудах вэ?
Эсвэл сайн сайхны чинь талаар асуух гэж хэн эргэх вэ?” гэж
6 ЭЗЭН тунхаглаж байна.
“Намайг орхисон чи арагшаа явсаар л байна.
Тиймээс Би чам руу гар далайж, чамайг устгана.
Би зөөлөн хандсаар байгаад залхлаа.
7 Би тэднийг газар нутгийн үүд хаалганы дэргэд
Шигшигч савраар шигшинэ.
Би хүүхдүүдээс нь хагацааж,
Ард түмнээ Би устгана.
8 Тэдний бэлэвсрэгсэд нь Миний өмнө
Далайн эргийн элснээс ч илүү олон болно.
Бид тэдний эсрэг буюу залуу хүний эхийн эсрэг
Үд дунд сүйтгэгчийг авчирна.
Би түүн дээр айдас, зовлонг гэнэт авчирна.
9 Долоон хөвгүүн төрүүлсэн эх бэтгэрчээ.
Амьсгалах нь ч хүндрэлтэй.
Хэдийгээр өдөр байвч нар нь жаргажээ.
Тэрээр ичгүүр болж, басамжлагдлаа.
Тиймээс Би тэдний амьд үлдэгсдийг
Дайснуудынх нь өмнө илдэнд тушаана” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
Иеремиагийн гомдол, тайтгарал
10 Ээж минь, та намайг бүх газар нутагт хэрүүл маргааны хүн болгож төрүүлжээ. Би золгүй еэ! Би зээлдүүлээгүй, хүнээс мөнгө зээлээгүй. Гэтэл хүн бүр намайг хараах юм. 11 ЭЗЭН айлдахдаа
“Би сайн сайхны төлөө чамайг лавтайяа чөлөөлнө.
Гай гамшиг, зовлон шаналангийн үед
Би дайснаар чинь чамайг хангуулах болно.
12 Хэн нэг нь төмрийг,
Хойд зүгээс ирэх төмөр ба хүрлийг
Хуга цохиж чадах уу?” гэв.
13 “Эд баялаг, эрдэнэсийг чинь
Би үнэгүйгээр олзонд өгнө.
Бүх нүглийн чинь учир
Бүх нутаг даяар чинь ингэх болно.
14 Тэгээд Би дайснуудаар чинь чамайг
Мэдэхгүй нутагт чинь авчруулна.
Уур хилэнд минь гал ноцсон бөгөөд
Тэр нь чиний дээр шатах болно” гэв.
15 Та мэддэг билээ, ЭЗЭН,
Намайг санан над дээр ирээч,
Хавчигчдаас өшөөг минь миний өмнөөс аваач.
Тэвчээр дотроо багтааж,
Намайг бүү зайлуулаач.
Таны төлөө гэсэндээ би
Зэвүүцлийг тэсвэрлэдгийг мэдээч.
16 Үгс тань олдоход би тэднийг идсэн билээ.
Таны үгс надад баяр хөөр болон
Зүрх сэтгэлийн минь таашаал болсон.
Учир нь түг түмдийн Бурхан ЭЗЭН,
Таны нэрээр би дуудагдсан билээ.
17 Наргин баясагчдын чуулалд би суугаагүй, цэнгээ ч үгүй.
Таны мутрын улмаас би ганцаараа суусан.
Учир нь Та намайг эгдүүцлээр дүүргэсэн.
18 Яагаад миний шаналал дуусашгүй,
Шарх минь эмчлэгдэшгүй бас эдгэршгүй байна вэ?
Та миний хувьд найдваргүй устай
Хуурамч горхи адил байх юм гэж үү?
19 Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Хэрэв чи буцаж ирвэл,
Би чамайг сэргээх болно.
Чи Миний өмнө зогсох болно.
Хэрэв чи үнэгүйгээс үнэтэйг гаргаж авбал,
Чи Миний төлөө яригч болно.
Тэд чам руу эргэж магадгүй,
Харин чиний хувьд
Чи тэдэн рүү эргэж болохгүй.
20 Тэгээд Би чамайг энэ ард түмэнд
Бэхлэгдсэн хүрэл хэрэм болгоно.
Тэд чиний эсрэг хэчнээн тулалдавч,
Чамайг дийлэхгүй.
Учир нь чамайг аварч чөлөөлөхөөр
Би чамтай хамт байна” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
21 “Тиймээс Би чамайг хорон муугийн гараас чөлөөлж,
Хүчирхийлэгчийн атганаас золино.”
- 15:1 Гэт 32:11–14; Тоо 14:13–19; 1См 7:5–9
- 15:2: Илч 13:10
- 15:4 2Ха 21:1–16; 2Шс 33:1–9