Хагарсан ваар
19 1 ЭЗЭН ингэж айлдав.
—Явж, ваарчны шавар ваар савыг худалдан ав. Ард түмний ахмадуудаас заримыг, ахлах тахилч нараас заримыг авч яв. 2 Тэгээд Ваарын хэлтэрхийт гулдан хаалганы үүдний дэргэдэх Бен-Хинномын хөндийд очиж, Миний чамд хэлдэг үгсийг тэнд тунхагла.* 3 “Иудагийн хаад болон Йерусалимын оршин суугчид аа, ЭЗЭНий үгийг сонс. Израилын Бурхан, түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Үзэгтүн, сонссон хүн бүрийн чих чичрэхээр тийм гамшгийг Би энэ газар дээр авчрах гэж байна. 4 Учир нь тэд Намайг орхиж, үүнийг харь газар болгож, өөрсдөө ч, эцэг өвгөдийнхөө ч, Иудагийн хаадын ч мэдээгүй өөр бурхдад энэ газар тахилуудыг шатаасан бөгөөд гэмгүй хүмүүсийн цусаар энэ газрыг дүүргэж, 5 Баалд шатаалт тахил болгон хөвгүүдээ галд шатаахын тулд Баалын мөргөлийн өндөрлөгүүдийг барьсан. Энэ нь Миний хэзээ ч тушаагаагүй, яриагүй, санаанд минь ч ороогүй зүйл юм.* 6 Тиймээс, үзэгтүн, энэ газар Тофет буюу Бен-Хинномын хөндий гэж дахин нэрлэгдэхээ больж, харин Хядлагын хөндий гэж нэрлэгдэх өдрүүд ирж байна» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 7 «Би Иуда болон Йерусалимын зөвлөгөөг энэ газарт хоосон болгож, Би тэднийг дайснуудынх нь өмнө бас өөрсдийнх нь амийг эрэгчдийн гарт унагаах болно. Би тэдний хүүрийг тэнгэрийн шувууд ба газрын араатан амьтдад хоол болгон өгнө. 8 Би мөн энэ хотыг балгас, харууслын шалтгаан болгоно. Хажуугаар нь өнгөрөгч хүн бүр гайхаж, гай гамшгуудынх нь төлөө харуусах болно. 9 Би тэднээр хөвгүүд, охидынх нь махыг идүүлж, тэд дайснууд ба голыг нь тэмтрэгсдийн шахамдуулсан бүслэлт шахалт дор бие биеийнхээ махыг идэх болно» гэж хэл.
10 Тэгээд чамайг дагалдан явах хүмүүсийн нүдэн дээр чи ваарыг хагалж, 11 тэдэнд «Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. ‘Ваарчны савыг дахин засал авахгүй болтол нь хагалахтай адил Би энэ хүмүүс болон энэ хотыг хагална. Оршуулах газар байхгүй тул тэд Тофетод оршуулна. 12 Энэ газарт болон оршин суугчдад нь Би ингэж хандах нь энэ хотыг Тофет шиг болгохын тулд юм. ЭЗЭН тунхаглаж байна. 13 Дээвэр дээрээ тэнгэрийн бүх эрхэст тахил өргөж, өөр бурхдад ундаан өргөлийг цутгасан бүх гэрээс болж Йерусалимын болон Иудагийн хаадын гэрүүд Тофет газар шиг бузарлагдана’» гэж хэл” гэв.
14 ЭЗЭНий илгээсэн ёсоор Тофетод эш үзүүлээд буцаж ирснийхээ дараа Иеремиа, ЭЗЭНий өргөөний хашаан дотор зогсож, бүх ард түмэнд хандан 15 “Израилын Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, үгийг минь сонсохгүй гэж тэд хөшүүн хүзүүлсэн тул Би тэдний эсрэг тунхагласан бүхий л гамшгийг энэ хот болон суурингууд дээр нь авчрах гэж байна»” гэж хэлжээ.
- 19:2 2Ха 23:10; Иер 7:30–32, 32:34–35
- 19:5 Лев 18:21