Итгэлгүй Израил
3 1 “Хэрэв нөхөр нь эхнэрээсээ салж,
Эхнэр нь түүнээс явж, өөр хүнийх болбол
Нөхөр нь түүн дээр буцаж ирэх үү?
Тэгвэл нутаг нь бүрмөсөн бохирдох бус уу?
Гэтэл чи олон амрагтай янхан атлаа
Над руу буцаж ирдэг” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
2 Зэлүүд өндөрлөгүүд рүү нүдээ өргөн хар даа.
Чи хаана хүчирхийлүүлээгүй вэ?
Цөлд сууж буй Араб шиг чи
Тэднийг хүлээн замын хажуугаар сууж,
Энэ нутгийг садарлал, ба хилэнцэт явдлаараа бузартуулсан.
3 Тиймээс аадар бороо саатаж, хаврын бороо ч орсонгүй.
Гэлээ ч чи янхны духтай бөгөөд ичих нүүргүй болжээ.
4 Чи дөнгөж сая Над руу хандахдаа
«Эцэг минь, Та миний залуугийн найз»
5 «Тэр үүрд уурлан хилэгнэх үү?
Тэр эцэс хүртэл унтууцах уу?» гэсэн атлаа
Үзэгтүн, чи муу зүйлсийг ярьж үйлдсээр
Өөрийнхөө замаар явжээ.”
Гэмшлийн дуудлага
6 Тэгтэл Иосиа хааны үед ЭЗЭН надад “Итгэлгүй Израил юу хийснийг чи харав уу? Тэрээр өндөр толгод бүр дээр гарч, ногоон мод бүрийн доор очиж, тэндээ завхайрав.* 7 Энэ бүхнийг үйлдсэнийхээ дараа тэр Над руу буцаж ирнэ гэж Би бодсон боловч тэр буцаж ирсэнгүй. Харин итгэл эвдэгч эгч Иуда нь үүнийг харжээ. 8 Итгэлгүй Израилын бүхий л садар самууныг хараад Би түүнийг явуулж, салсны гэрчилгээ өгсөн боловч итгэл эвдэгч эгч Иуда нь эмээсэнгүй. Харин тэр явж, бас янхан болов. 9 Садарлалаа их зүйлд тооцоогүй тул газар нутгийг бузарлаж, чулуу, модтой завхайрчээ. 10 Энэ бүгдээс гадна итгэл эвдэгч эгч Иуда нь бүх зүрхээрээ Над руу буцаж ирсэнгүй, харин хуурамчаар ирэв” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 11 ЭЗЭН айлдахдаа “Ингэснээр итгэлгүй Израил өөрийгөө итгэл эвдэгч Иудагаас арай зөвт болохоо батлав. 12 Явж, эдгээр үгсийг хойд зүгт тунхаглан хэл.
«Итгэлгүй Израил аа, буцаж ирэгтүн» гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
«Би чам руу уурлан харахгүй.
Учир нь Би энэрэл журамтай» гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
«Би үүрд уурлахгүй.
13 Гагцхүү ЭЗЭН Бурханыхаа эсрэг хилэнц үйлдэж,
Ногоон мод бүрийн дор харийнханд тааллаа өгч,
Чи үг дууг минь дагаагүй гэм буруугаа улай» гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
14 «Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн» гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
«Учир нь Би та нарт ЭЗЭН бөгөөд Би та нараас,
Хотоос нэгийг, ургаас хоёрыг авч, Сион ууланд авчирна.
15 Тэгээд зүрхийг минь дагадаг бөгөөд та нарыг мэдлэг ухаарлаар тэжээх хоньчдыг Би та нарт өгнө. 16 Энэ нь та нар газар нутагт үржиж, олон болсон үед биелнэ. ЭЗЭН тунхаглаж байна. Тэд дахин ‘ЭЗЭНий гэрээний авдар’ гэж хэлэхгүй. Тэр нь санаанд ч орохгүй, түүнийг тэд бодох ч үгүй, үгүйлэх ч үгүй мөн тэр нь дахиад хийгдэхгүй. 17 Тэр үед тэд Йерусалимыг ‘ЭЗЭНий Сэнтий’ гэж дуудаж, бүх үндэстэн тийшээ цугларч, ЭЗЭНий нэрийн төлөө Йерусалимд цугларна. Тэд зүрхнийхээ зөрүүд муу занг дахин дагахгүй. 18 Тэр өдрүүдэд Иудагийн гэр Израилын гэртэй хамт алхаж, тэд хамтдаа хойд зүгийн нутгаас та нарын эцэг өвгөдөд өв болгон Миний өгсөн нутагт ирэх болно.
19 Тэгэхэд Би
‘Та нарыг хүүхдүүдийнхээ дунд байлган
Үндэстнүүдийн хамгийн үзэсгэлэнтэй өв,
Тааламжит нутгийг Би та нарт өгнө.
Чи Надаас эргэж буцахгүй
Намайг Эцэг минь гэж дуудна’ гэсэн юм.
20 Гэтэл амрагийнхаа итгэлийг эвдсэн эмийн адил,
Израилын гэр ээ, чи итгэлийг минь эвдсэн» гэж
ЭЗЭН тунхаглаж байна” гэв.
21 Нүцгэн өндөрлөгүүдээс дуу хоолой нь,
Израилын хөвгүүдийн гуйх ба уйлах нь сонсогдож байна.
Учир нь тэд замаасаа гажиж, ЭЗЭН Бурханаа мартсан.
22 “Итгэлгүй хүүхдүүд ээ, буцаж ирэгтүн.
Би та нарын итгэлгүй байдлыг эдгээх болно” гэв.
Харагтун, Та бидний Бурхан ЭЗЭН тул
Тан руу бид очдог.
23 Уул толгод дээрх үймээн хоосон юм.
Үнэндээ Израилын аврал нь
ЭЗЭН Бурханы маань дотор билээ.
24 Гэвч эцэг өвгөдийн маань хүч хөдөлмөр болох үхэр, хонин сүрэг бас тэдний хөвгүүд охидыг бидний залуу үеэс ичгүүрт зүйл залгижээ. 25 Цөмөөрөө ичгүүр дотроо хэвтэцгээе. Доромжлол маань биднийг бүрхэг. Учир нь бид бас эцэг өвгөд маань залуугаасаа өнөөдрийг хүртэл ЭЗЭН Бурханыхаа эсрэг нүгэл үйлдсэн билээ. Бид ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг ч дагаагүй билээ.
- 3:6 2Ха 22:1—23:30; 2Шс 34:1—35:27