Иеремиаг нөөцлүүрт хаяв
38 1 Маттаны хүү Шефатиа, Пашхурын хүү Гедалиа, Шелемиагийн хүү Иукал болон Малхиагийн хүү Пашхур нар Иеремиагийн бүх ард түмэнд хэлсэн үгсийг сонсов. Тэрээр 2 “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ хотод үлдэгч нь илд, өлсгөлөн ба тахлаар үхнэ. Харин халдеичууд руу гарч явагч нь амьд гарч, амиа олз болгож, амьд үлдэнэ.» 3 ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ хот Вавилоны хааны цэргийн гарт лавтайяа тушаагдаж, тэр үүнийг олзолно»” гэжээ. 4 Тэгээд түшмэд хаанд
—Энэ хотод үлдсэн дайчин эрс ба бүх ард түмэнд ийм үгсийг хэлж гарыг нь сулруулж байгаа тул энэ хүнийг алагтун. Энэ хүн энэ ард түмний сайн сайхныг бус, харин ч хор хөнөөлийг эрэлхийлж байна гэцгээв. 5 Ингээд Зедекиа хаан
—Үзэгтүн, тэр гарт чинь байна. Та нарын эсрэг хаан юу ч хийж чадахгүй гэв. 6 Тэгээд тэд Иеремиаг аваад, харуулын хашаанд байсан хааны хүү Малхийагийн нөөцлүүрт хаяв. Тэд Иеремиаг олсоор доошоо буулгажээ. Нөөцлүүрт ус байгаагүй зөвхөн шавар шавхай байсан бөгөөд Иеремиа шаварт шигдэв.
Ебед-Мелех Иеремиаг аврав
7 Тэгтэл Иеремиаг тэд нөөцлүүрт хийснийг хааны өргөөнд байсан тайган, этиоп хүн Ебед-Мелех сонсжээ. Хаан, Бениамины гулдан хаалган дээр сууж байв. 8 Ебед-Мелех хааны өргөөнөөс гарч, хаантай ярин
— 9 Хаан эзэн минь, нөөцлүүрт хаясан эш үзүүлэгч Иеремиад үйлдсэн бүхэндээ энэ хүмүүс хорон мууг хийв. Хотод ямар ч талх байхгүй тул тэрээр байгаа газартаа өлсгөлөнгөөр үхнэ гэж айлтгав. 10 Тэгтэл хаан, этиоп хүн Ебед-Мелехт тушааж
—Эндээс гучин хүн аваад, эш үзүүлэгч Иеремиаг үхэхээс нь өмнө нөөцлүүрээс гаргаж авчир гэжээ. 11 Ингээд Ебед-Мелех хүмүүсийг аваад, хааны өргөөний агуулахын доошоо очиж, тэндээс хуучирч элэгдсэн хувцас болон даавууны өөдсүүд авч, нөөцлүүр лүү, Иеремиа руу олсоор буулгав. 12 Тэгээд этиоп хүн Ебед-Мелех Иеремиад
—Эдгээр хуучирч элэгдсэн хувцас болон даавууны өөдсүүдийг олсны доогуур суганыхаа доороо хий гэхэд Иеремиа түүнчлэн үйлдэв. 13 Ингээд тэд Иеремиаг олсоор татан гаргаж, нөөцлүүрээс дээш гаргахад, Иеремиа харуулын хашаанд үлдэв.
Иеремиатай Зедекиа дахин ярилцав
14 Дараа нь Зедекиа хаан ЭЗЭНий өргөөн дэх гурав дахь үүд рүү эш үзүүлэгч Иеремиаг авчруулахаар илгээв. Хаан, Иеремиад
—Би чамаас юм асуух гэж байна. Надаас юу ч битгий нуу гэж хэлэв. 15 Тэгэхэд Иеремиа, Зедекиад
—Хэрэв би танд мэдүүлбэл, та намайг лавтайяа алахгүй гэж үү? Би танд зөвлөгөө өглөө ч та намайг сонсохгүй гэв. 16 Тиймээс Зедекиа хаан, Иеремиад нууцаар тангараглан
—Бидэнд энэ амийг бүтээгч ЭЗЭН амьд! Би чамайг үнэхээр алахгүй, амийг чинь хайгч энэ хүмүүсийн гарт өгөхгүй гэж хэлэв. 17 Тэгэхэд Иеремиа, Зедекиад
—Түг түмдийн ЭЗЭН Бурхан, Израилын Бурхан ингэж айлдаж байна. “Хэрэв чи Вавилоны хааны цэргийн ахмадууд руу өөрөө гарч очвол, чи амьд гарч, энэ хот галдан шатаагдахгүй бөгөөд чи болон гэрийнхэн чинь амьд үлдэнэ. 18 Харин чи Вавилоны хааны ахмадууд руу гарч очихгүй аваас энэ хот халдеичуудын гарт тушаагдах болно. Тэд түүнийг галдан шатааж, чи өөрөө ч гараас нь зугтахгүй” гэв. 19 Тэгэхэд Зедекиа хаан, Иеремиад
—Би халдеичуудад урвасан иудейчүүдээс айж байна. Тэд намайг тэдний гарт өгч, намайг доромжлох вий гэв. 20 Гэвч Иеремиа
—Тэд таныг өгөхгүй. Миний танд хэлж байгаа зүйлээр ЭЗЭНий дуу хоолойг дагаач. Ингэх нь таны хувьд сайн болж, та амьд гарна. 21 Харин та явахаас татгалзсаар байвал, ЭЗЭНий надад харуулсан үг энэ байна. 22 “Үзэгтүн, Иудагийн хааны өргөөнд үлдсэн бүх эмэгтэй Вавилоны хааны цэргийн ахмадуудад аваачигдах бөгөөд тэд
«Дотнын найзууд чинь чамайг
Уруу татаж, дийлэв.
Хөл чинь шаварт шигдсэн үед тэд
Нуруугаа харуулан чамаас эргэжээ»
гэцгээх болно. 23 Тэд мөн бүх эхнэр, хөвгүүдийг чинь халдеичуудад гаргаж өгөх бөгөөд чи тэдний гараас зугтахгүй, харин Вавилоны хааны гарт баригдана. Энэ хот ч галдан шатаагдах болно” гэжээ. 24 Тэгэхэд Зедекиа, Иеремиад
—Хэн ч энэ үгсийн талаар бүү мэдэг, тэгвэл чи үхэхгүй. 25 Харин түшмэд намайг чамтай ярьсныг сонсоод, чам дээр ирж, чамд “Чи хаанд юу хэлснээ болон хааны чамд юу хэлснийг бидэнд одоо мэдүүл. Биднээс бүү нуу, тэгвэл бид чамайг алахгүй” гэж хэлбэл 26 чи тэдэнд “Намайг Ионатаны гэрт, тэнд үхүүлэхээр бүү буцаагаач гэсэн гуйлтаа би хааны өмнө тавьж байсан юм” гэж хэлэх ёстой гэв. 27 Дараа нь бүх түшмэл Иеремиа дээр ирж, түүнийг байцаав. Хааны тушаасан эдгээр бүх үгийн дагуу тэрээр тэдэнд мэдүүлжээ. Мөнөөх яриа нь мэдэгдээгүй тул тэд түүнийг байцаахаа болив. 28 Ингээд Иеремиа, Йерусалимыг эзлэгдэх өдрийг хүртэл харуулын хашаанд үлдэв. Тэгээд Йерусалим эзлэгджээ.*
- 38:28 Езк 33:21