10 1 Ёс бус тогтоол гаргаж,
Зөв бус шийдвэр бичигсэд хөөрхий еэ!
2 Ингэснээрээ тэд ядуусыг шударга шүүлтээс зайлуулж,
Ард түмний минь доторх үгээгүйчүүдийг
Үнэн зөвөөс холдуулдаг.
Ингэж тэд бэлэвснийг олз болгож,
Өнчин хүүхдүүдийг дээрэмддэг.
3 Алсаас ирэх сүйрэл ба шийтгэлийн өдөр
Та нар юу хийх юм бэ?
Та нар хэн рүү тусламж гуйн зугтах вэ?
Мөн өөрсдийнхөө алдрыг хаана орхих вэ?
4 Олзлогдогсдын дунд бөхийн,
Алагдсан хүмүүсийн дунд унахаас өөр гарцгүй.
Энэ бүхний дараа ч
Түүний уур хилэн эргэхгүй,
Тэрээр мутраа сунгасан хэвээр байна.
Ассири дээр буух шүүлт
5 Уур хилэнгийн таяг минь болох Ассири хөөрхий еэ!
Миний зэвүүцлийн шийдэм түүний гарт байна.*
6 Би түүнийг сүсэг бишрэлгүй үндэстний эсрэг,
Уур хилэнг минь хөдөлгөсөн ард түмний эсрэг явуулж,
Дээрэм хийлгэж, олз олзлуулж,
Тэднийг гудамжны шавхай шалбааг мэт гишгүүлэхээр
Ассирт Би тушаал өгсөн.
7 Хэдийгээр тэр ингэж сэтгээгүй,
Зүрхэндээ ингэж төлөвлөөгүй боловч
Олон үндэстнийг алж устгах нь
Түүний зүрхний зорилго юм.
8 Учир нь тэр ингэж хэлж байна.
“Жанжид минь бүгдээрээ хаад бус уу?
9 Кално нь Кархемиш шиг
Хамат нь Арпад шиг
Самари нь Дамаск шиг болсон биш үү?
10 Шүтээнтэй хаант улсуудыг,
Йерусалим, Самарт байдгаас ч илүү сийлмэл хөргүүдтэй улсуудыг
Би гартаа оруулсан юм.
11 Би Самари болоод шүтээнүүдэд нь хэрхэн хандсан шигээ
Йерусалим болон хөргүүдэд нь тийнхүү хандах бус уу?” гэсэн.
12 Сион уул болон Йерусалимд Эзэн бүх ажлаа дуусгамагц “Ассирийн хааны омог бардам зүрхнийх нь үр жимсийг болон ихэмсэг байдлынх нь сүр жавхааг Би шийтгэнэ.” 13 Учир нь тэр
“Би гарынхаа хүч, мэргэн ухаанаараа үүнийг хийлээ.
Яагаад гэвэл би ухаантай.
Би ард түмний хил хязгаарыг шилжүүлэн,
Эд баялгийг нь дээрэмдэн,
Сэнтийд залрагч хүчтэнүүдийг нь түлхэн унагав.
14 Шувууны үүр мэт ард түмний эд баялагт гар минь хүрлээ.
Орхигдсон өндгийг цуглуулах адил
Би бүх газрыг цуглуулан авлаа.
Тэнд жигүүрээ дэвж, хошуугаа нээн жиргэх хэн ч алга” гэлээ.
15 Сүх нь цавчигч хүндээ сайрхах уу?
Хөрөө нь хөрөөдөгчдөө өөрийгөө өргөмжлөх үү?
Шийдэм нь далайгчийгаа эзэмших мэт
Шилбүүр нь мод биш юм шиг
Өөрийгөө өргөмжлөх мэт болов.
16 Тиймээс түг түмдийн БУРХАН Эзэн
Зоригт дайчид руу нь доройтуулах өвчнийг явуулж,
Сүр жавхлангийнх нь дор
Дүрэлзэх дөл мэт галыг ноцооно.
17 Израилын гэрэл нь гал,
Ариун Нэгэн нь дөл болж,
Өргөст бут сундуу бутыг нь ганцхан өдөрт шатаана.
18 Шигүү ой, шимтэй талбайнуудыг нь
Тэрээр бүрэн дуусгана
Өвчтэй хүн доройтох адил болгоно.
19 Үлдсэн ойн модод нь өчүүхэн
Хүүхэд тоолмоор цөөхөн болно.
Израилын үлдэгсэд гэмшинэ
20 Тэр өдөр Израилын үлдэгсэд, Иаковын гэрийнхний амь хэлтрэгсэд өөрсдийг нь цохисон нэгнийг түшихээ болиод, харин ЭЗЭНд, Израилын Ариун Нэгэнд үнэнээсээ найдна.
21 Үлдэгсэд, Иаковын үлдэгсэд хүчит Бурхан өөдөө эргэнэ.
22 Израил аа, чиний ард түмэн хэдийгээр
Далайн элс мэт байсан ч
Тэднээс үлдэгсэд нь л буцна.
Сүйрэл нь тогтоогдсон бөгөөд
Зөвөөр дүүрэн байна.*
23 Учир нь түг түмдийн БУРХАН Эзэн тогтоосон сүйрлийг бүх газрын дунд хэрэгжүүлнэ. 24 Иймд түг түмдийн БУРХАН Эзэн айлдаж байна.
—Сионд оршдог ард түмэн минь! Египетийн адилаар та нарыг таягаар цохиж, та нар луу саваа далайж байгаа Ассириас бүү айгтун. 25 Тун удахгүй та нарын эсрэг хандсан зэвүүцэл минь дуусгавар болж, уур хилэн минь тэдний сүйрэл рүү чиглэнэ. 26 Түг түмдийн ЭЗЭН, Оребын хаданд Мидианыг цохисон шиг тэднийг ташуурдана. Тэрээр Египетэд үйлдсэн шигээ Өөрийн таягийг далайн дээгүүр сунгана. 27 Тэр өдөр тэдний дарамтыг мөрнөөс чинь, буулгыг нь хүзүүн дээрээс чинь зайлуулна. Таргалснаас болж буулга нь эвдэрнэ.a
28 Ассир нь Аиатадb ирж,
Мигроноор дамжин Михмашт нөөцөө хадгалав.
29 Тэд давааг даваад Гебад буудаллах болов.
Рама цочирдож, Саулын Гибеа зугтав.
30 Галлимын охид оо.
Хоолой мэдэн чанга хашхирцгаа!
Анхаарагтун Лаиша.
Хөөрхий еэ, Анатот оо!
31 Мадмена зугтаж,
Гебимийн оршин суугчид хоргодох газар хайв.
32 Тэр өдөр тэд Нобт буудаллан
Сион охины уул,
Йерусалимын толгод руу нударга далайна.
33 Харагтун,
Түг түмдийн БУРХАН Эзэн
Аюумшигт хүчээр түүний мөчрийг тас цавчина.
Өндөр нь цавчигдана,
Ихэмсэг нь дорд болно.
34 Тэрээр төмөр сүхээр ширэнгэ ойг цавчихад
Хүчин Нэгэнээрc Ливан унана.
- 10:5–34 Иса 14:24–27; Нах 1:1—3:19; Зеф 2:13–15
- 10:22–23 Ром 9:27
- a10:27 Энэ эшлэлд байдаг гурван еврей үгийн утга тодорхойгүй.
- b10:28 Аиат: Энэ болон 28–32-р эшлэлд дурдагдаж байгаа газрууд нь Йерусалимын ойролцоо байсан бөгөөд хойд зүгээс эдгээр газраар дамжин довтолгоо ирдэг байжээ.
- c10:34 эсвэл гайхамшигт мододтойгоо