Йерусалимын бүслэлт
29 1 Ариел аа, Ариел аа,
Нэгэн цагт Давидын хуарагнаж байсан хот оо, хөөрхий еэ!
Баяр ёслолууд чинь жилээс жилд болж байг.
2 Би Ариелд дарамт авчрах үед
Тэр халаглал, харууслын хот болно.
Надад тэрээр Ариел шиг болно.
3 Би чамайг хүрээлэх мэт байрлаж,
Чамайг бүслэн, чиний эсрэг бэхлэлт босгоно.
Би чиний эсрэг дайтах цамхаг босгоно.
4 Дараа нь чамайг доош буулгана.
Чи газраас ярьж, үг чинь шорооноос бувтнах мэт сонсогдон,
Дуу хоолой чинь газраас гарах
Сүнс сүгийн дуу мэт байж,
Яриа чинь шорооноос шивтнэх мэт сонсогдоно.
5 Гэвч гэнэт нэгэн агшинд л
Чиний үй түмэн дайсан
Нарийн тоос мэт болж,
Үй олон харгис хүн
Хийсэн одох хальс, сүрэл мэт болно.
6 Түг түмдийн ЭЗЭН
Чам руу аянга, газар хөдлөлт, их дуу чимээ,
Хуй салхи, шуурга, түймэрдэгч галын дөлөөр ирнэ.
7 Ариелыг болон бэхлэлтийг нь дайрагч
Бүх үндэстнээс цугласан үй олон хүн
Түүнийг дарамтлагсад бүгд зүүд мэт,
Шөнийн үзэгдэл мэт болох болно.
8 Өлссөн хүн идэж байна гэж зүүдлэвч,
Сэрэхэд сэтгэл нь өлөн хэвээр байдаг.
Цангасан хүн ууж байна гэж зүүдлэвч,
Сэрэхдээ тэр тамиргүй болж,
Цангасан хэвээрээ байдаг.
Үүн шиг Сион уулын эсрэг дайрагч
Бүх үндэстний олон түмэн тийм болно.
9 Саатагтун хүлээгтүн!
Өөрсдийгөө сохолж, хараагүй бол!
Тэд дарснаас биш атал согтон,
Сархдаас биш атал гуйвж байна.
10 Учир нь ЭЗЭН та нар дээр
Гүн нойрны сүнсийг цутгаж,
Эш үзүүлэгчид та нарын нүдийг хааж,
Үзмэрчид та нарын толгойг бүтээжээ.*
11 Энэ бүх үзэгдэл нь та нарт лацдуулсан номын үг мэт болно. Тэд үүнийг номч хүнд өгч, “Үүнийг уншиж хайрла” гэхэд тэр “Би чадахгүй. Яагаад гэвэл энэ нь лацдуулсан” гэж хэлнэ.
12 Дараа нь тэр номыг бичиг мэдэхгүй нэгэнд өгч, “Үүнийг уншиж хайрла” гэхэд тэр “Би уншиж мэдэхгүй” гэж хариулна.
13 Эзэн “Энэ ард түмэн амаараа Надад ойртон,
Уруулаараа л Намайг хүндлэвч,
Зүрх сэтгэл нь Надаас алс хол байдаг.
Хүний заасан тушаалыг дагаснаараа
Надаас эмээж байна гэж тэд боддог.*
14 Тиймээс үзэгтүн.
Би энэ ард түмний дотор ер бусын гайхамшиг,
Гайхалтай зүйлийг дахин бүтээнэ.
Мэргэдийн мэргэн ухаан мөхөж,
Ухаантнуудаас ялгах чадвар нь нууцлагдана” гэв.*
15 Өөрсдийн санаагаа ЭЗЭНээс ор тас нууцалж,
Үйлсээ харанхуй газарт хийж,
“Хэн биднийг харах юм бэ?
Хэн биднийг мэдэх вэ?” гэж хэлдэг хүмүүс хөөрхий еэ.
16 Та орвонгоор нь эргүүлжээ!
Ваарчныг шавартай адилтган үзэж болох уу?
Бүтээгдсэн зүйл нь бүтээгчдээ
“Тэр намайг хийгээгүй” гэх юм гэж үү?
Ваар нь ваарчиндаа хандан
“Тэр мулгуу хүн” гэж өгүүлэх үү?*
Ирээдүйн найдвар
17 Өчүүхэн хугацааны дараа
Ливан нь үржил шимтэй талбай болон хувирч,
Үржил шимтэй талбай нь
Ой шугуй хэмээн тооцогдоно.
18 Тэр өдөр дүлий нь номын үгсийг сонсож,
Сохруудын нүд нь бүрийд хардаг болно.
19 Даруу хүний баяр хөөр
ЭЗЭНий дотор өсөн нэмэгдэж,
Хүн төрөлхтний үгээгүйчүүд
Израилын Ариун Нэгэнд баярлана.
20 Учир нь харгислагчдын төгсгөл ирж,
Элэглэгчид алга болж,
Ёс бусыг үйлдэхийг санаархагч бүгд таслагдана.
21 Үгээр хүнийг буруутгагчид,
Үүд хаалган дээр шүүгчийг занганд оруулагчид,
Худал баримтаар зөвтнийг буруутан болгогчид хяргуулна.
22 Ийм учраас Абрахамыг зольсон ЭЗЭН,
Иаковын гэрийн тухай айлдахдаа
“Одоо Иаков ичихгүй, нүүр нь улайхгүй
23 Харин мутрын минь бүтээл болох хүүхдүүдээ
Өөрийнхөө дотор тэр олж харахдаа
Нэрийг минь тэд нандигнана.
Үнэхээр тэд Иаковын Ариун Нэгэнийг нандигнан
Израилын Бурханыг хүндэтгэн эмээнэ.
24 Сүнсээр төөрөгчид үнэнийг мэдэж,
Шүүмжлэгчид зааврыг хүлээн авна” гэв.
- 29:10 Ром 11:
- 29:13 Мт 15:8–9; Мк 7:6–7
- 29:14 1Ко 1:19
- 29:16 Иса 45:9; Ром 9:20