Дамаскийн тухай зөгнөл
17 1 Дамаскийн тухай зөн.
Үзэгтүн, Дамаск хот байхаа больж,
Эвдэрсэн нуранги болно.*
2 Ароерын хотууд орхигдож,
Мал сүргийн хэвтэр болно.
Тэнд хэн ч тэднийг цочирдуулахгүй.
3 Ефраимын бэхлэгдсэн хот,
Дамаскийн хэмжээлшгүй эрх мэдэл арилж,
Арамын үлдэгсдийн нэр хүнд нь
Израилын хөвгүүдийнхтэй адил болно гэж
Түг түмдийн ЭЗЭН тунхаглав.
4 Тэр өдөр, Иаковын цог жавхлан ч буурч,
Тарган бие нь туранхай болно.
5 Тэрээр тариачин тариаг хураах мэт,
Тариан түрүүг гараар түүх мэт,
Рефаимын хөндийгөөс тариан түрүү хураах мэт болно.
6 Тэрээр чидун жимсний модыг цохиход
Орой дээрх мөчирт хоёр гурван чидун,
Жимсний модны салаанд дөрөв, тав үлдэхтэй адил болно гэж
Израилын Бурхан, ЭЗЭН зарлиг болов.
7 Тэр өдөр хүн Бүтээгч өөдөө хандаж, нүд нь Израилын Ариун Нэгэн өөд харна. 8 Хүн өөрийн гарын бүтээл болох тахилын ширээнүүдээ эс ойшооно. Хуруугаараа үйлдсэн юмсаа ч, Ашерагийн модон шон, утлагын тавиурыг ч үл харна. 9 Тэр өдөр Израилын хөвгүүдээс болж хүчирхэг хотууд нь ойн дундах мартагдсан газар мэт, хаягдсан мөчир мэт болно. Тэнд зэлүүд болно.
10 Учир нь чи авралынхаа Бурханыг умартан,
Хоргодох газрынхаа хадыг эс санав.
Түүнчлэн чи дур булаам ургамлууд тарьж,
Харийн усан үзмийн нахиаг суулгажээ.
11 Тарьсан өдөртөө ургуулж,
Үр цацсан өглөөдөө соёолуулсан ч
Гашуудлын гаслант өдөр
Хураах ургац чинь замхарна.
12 Хөөрхий еэ, олон хүний хөл үймээн
Далайн хүрхрэн шуугих дуу мэт ширүүсэж,
Үндэстнүүдийн дуу чимээ их усны шуугиан мэт нүргэлж байна.
13 Үндэстнүүдийн дуу их усны шуугиан мэт нүргэлэвч,
Харин Тэр тэднийг зэмлэхэд л
Тэд алс хол зугтаж,
Салхинд хийссэн уулан дахь хивэг,
Шуурганд хуйлрах хамхуул адил туугдана.
14 Харагтун, үдшийн цагт аллага хядлага болж,
Өглөө болохоос өмнө тэд алга болно.
Энэ нь дээрэмдэгчдийн хувь,
Биднийг тоногчдын ноогдол юм.
- 17:1–3 Иер 49:23–27; Амо 1:3–5; Зех 9:1