Тирийн тухай зөн
23 1 Тирийн тухай зөн.
Таршишийн хөлөг онгоц оо, уйлагтун!
Тир устаж, орон байр, орогнох газаргүй болов.*
Үүнийг Кипр орноос тэдэнд мэдэгдэв.
2 Эргийн оршин суугчид болон Сидоны наймаачид аа,
Чимээгүй байгтун!
Танай элч нар тэнгисийг гатлан
3 Их усан дээр байсан.
Тирийн орлого нь Шихорын үр тариа, Нилийн ургац,
Тэр өөрөө үндэстнүүдийн зах зээлийн газар байв.
4 Ичигтүн Сидон оо гэж
Чиний цайз болсон далай хэлэв.
“Би хүүхэд төрүүлэх гэж өвдөөгүй.
Би хөвгүүдийг өсгөж, охидыг хүмүүжүүлээгүй” гэв.
5 Египетэд мэдээ хүрмэгц, тэд Тирийн сургаас болж, ихэд шанална.
6 Таршишийн хажуугаар өнгөрөгтүн!
Эргийн суугчид аа, уйлагтун!
7 Хаа хол газраас суурьшихаар
Хөл дээрээ тэдний дүүрч ирсэн,
Эртний өдрүүдээс эхтэй,
Энэ та нарын наргиант хот уу?
8 Наймаачид нь ноёд,
Худалдаачид нь дэлхийд хүндлэгдсэн,
Титмийн соёрхолт Тирийн эсрэг
Хэн үүнийг төлөвлөсөн бэ?
9 Бүх гоо үзэсгэлэнгийн бардамналыг гутаан
Дэлхийд хүндлэгдсэн бүгдийг доромжлохын тулд
Түг түмдийн ЭЗЭН үүнийг төлөвлөжээ.
10 Таршишийн охид оо,
Нутгаараа Нил мөрөн мэт дайран өнгөр!
Тэнд ямар ч боомт алга.
11 Тэрээр мутраа далайн дээгүүр сунгаж,
Хаанчлалуудыг донсолгосон.
ЭЗЭН, Канааны цайзуудыг
Эвдэх тушаал буулгасан.
12 Тэр “Дарлагдсан онгон охин Сидон минь.
Дахин цаашид чи хөөрөн баясахгүй.
Бос, Киприйг дайран өнгөр.
Тэнд ч чи амралт олохгүй” гэж айлдсан юм.
13 Халдеичуудын нутгийг харагтун. Энэ ард түмэн үгүй болжээ. Ассири түүнийг цөлийн амьтдын байр болгов. Тэд бүслэлтийн цамхгууд босгож, тэндхийн орд харшуудыг дээрэмдэж, балгас болгосон.
14 Таршишийн хөлөг онгоцнууд аа, уйл!
Танай бэхлэлт устагдсан.
15 Тэр өдөр ирэхэд, нэг л хааны өдрүүд мэт далан жилийн туршид Тир мартагдана. Далан жилийн эцэст янхны дуунд гардаг шиг зүйл Тирт тохиолдоно.
16 “Мартагдсан янхан аа.
Өөрийгөө сануулахын тулд босоо ятгаа аваад,
Хотоор явж, сайхан тоглож, олон дуу дуулаач!”
17 Далан жилийн эцэст ЭЗЭН Тирт айлчилна. Тэгэхэд Тир янхан болж, биеэ үнэлсний хөлсийг дахин авч, газрын гадарга дээрх дэлхийн бүх хаанчлалтай садарлах болно. 18 Түүний ашиг, биеэ үнэлсний хөлс нь нөөцлөгдөхгүй, хадгалагдахгүй, харин тусгаарлагдаж, ЭЗЭНд ариун болно. ЭЗЭНий өмнө амьдрах хүмүүсийн сайн хоол, сайхан хувцсанд зориулагдана.
- 23:1–18 Езк 26:1—28:19; Иое 3:4–8; Амо 1:9–10; Зех 9:1–4; Мт 11:21–22; Лк 10:13–14