Амар тайвны мөнхийн гэрээ

54 1 Хүүхэд тээгээгүй, хүүсэр чи,
Баярлан хашхирагтун.
Төрөх зовлон үзээгүй чи,
Бахдан дуулж, хашхирагтун.
Учир нь орхигдсон эмэгтэйн хөвгүүд нь
Гэрлэсэн эмэгтэйн хөвгүүдээс олон болно” гэж
ЭЗЭН айлдаж байна.*
2 “Майхныхаа талбайг өргөтгөн
Сууцныхаа хөшгийг дэлгэ, бүү хураа,
Аргамжаагаа уртасгаж, гадсаа бөхлөгтүн.
3 Учир нь чи өрнө ба дорно зүгт тэлж,
Үр удам чинь үндэстнүүдийг эзлэн
Эзгүйрсэн хотуудад нь суурьшина.

4 Бүү ай, чи ичгүүрт унахгүй,
Гутамшиг болохгүй.
Шившиг ч болохгүй.
Харин чи залуу насныхаа ичгүүрийг мартаж,
Бэлэвсэрч доромжлуулснаа цаашид дурсахгүй.

5 Учир нь чамайг Бүтээгч нь чиний нөхөр,
Түүний нэр нь түг түмдийн ЭЗЭН.
Чамайг Золигч нь Израилын Ариун Нэгэн
Бүх дэлхийн Бурхан хэмээн нэрлэгдэгч юм.
6 Чамайг хаягдсан, сэтгэлээр гашуудсан эхнэр мэт,
Залуудаа гэрлэсэн боловч гологдсон эхнэр мэт байхад
ЭЗЭН дуудсан” гэж
Бурхан чинь айлдаж байна.
7 “Эгшин зуурт Би чамайг орхисон боловч
Энгүй өршөөл энэрлээрээ чамайг цуглуулна.
8 Дүрэлзсэн уурандаа Би түр зуур чамаас нүүрээ нуусан боловч
Мөнхийн энэрэл хайраар чамайг энэрнэ” гэж
Чамайг Золигч ЭЗЭН айлдаж байна.

9 “Энэ нь Надад Ноагийн үер мэт байна
Ноагийн ус дэлхийг дахин нөмрөхгүй гэж
Тэгэхэд Би тангарагласан шигээ.
Чамд уурлахгүй, чамайг зэмлэхгүй гэж
Би тангараглаж байна.*
10 Уулс ганхаж, толгод доргивч,
Энэрэл хайр минь чамаас салахгүй,
Энхийн гэрээ минь хөндөгдөхгүй” гэж
Энэрэгч ЭЗЭН чинь айлдаж байна.

11 “Салхи шуурганд туугдсан,
Тайвширшгүй, дорд нэгэн ээ.
Үзэгтүн. Би чамайг оюугаар барьж,
Чиний суурийг индранилаар тавина.*
12 Би цонхнуудыг чинь бадмааргаар,
Хаалгуудыг чинь болроор хийж,
Хана чинь бүхэлдээ үнэт чулуу болно.
13 Хамаг хөвгүүн чинь ЭЗЭНээр сургагдана,
Хөвгүүдийн чинь амар тайван нь агуу их болно.*
14 Зөвт байдал дотор чи байгуулагдан,
Дарлал зовлонгоос хол айдасгүй байна
Аюул чамд ойртохгүй учраас
Сүйрэл хүчирхийллээс чи хол байна.
15 Тэд хутган үймүүлэхээр цугларах боловч,
Тэр нь Надаас биш юм.
Чиний эсрэг цугларах хэн нь ч
Чамаас болж унана.
16 Үзэгтүн, нүүрсний галыг хөөрөгдөн
Ажлынхаа зэвсгийг хийдэг дархныг Би бүтээсэн.
Хөнөөх сүйтгэгчийг ч Би бүтээсэн.
17 Чиний эсрэг бүтээгдсэн нэг ч зэвсэг амжилт олохгүй.
Шүүх дээр чиний эсрэг боссон хэл бүрийг чи яллана.
Энэ бол ЭЗЭНий зарц нарын өв бөгөөд
Тэдэнд Надаас зөвтгөл ирнэ” гэж
ЭЗЭН зарлиг болов.


  •  54:1 Гал 4:27
  • 54:9 Эх 9:8–17
  • 54:11–12 Илч 21:18–21
  • 54:13 Иох 6:45