Шүтээн дагасан Израилын доройтол
57 1 Зөвт хүн мөхөж байхад
Үүнийг хэн ч зүрхэндээ авдаггүй.
Энэрэлт хүмүүсийг авч явахад
Үүнийг хэн ч ойлгодоггүй аж.
Учир нь зөвт хүнийг муугаас холдуулж,
2 Амар тайванд тэрээр орно.
Зөв замаар явагч бүхэн
Ор дэвсгэр дээрээ амарна.
3 Харин илбэчин эмийн хөвгүүд,
Завхайрагч садар самуун эмийн үр удам аа,
Нааш ирэгтүн.
4 Та нар хэнийг шоолж байна вэ?
Хэний эсрэг амаа томоор ангайлгаж,
Хэлээ гаргана вэ?
Та нар гэмт үйлдлийн хүүхдүүд,
Худал хуурмагийн үр удам бөгөөд
5 Царс моддын дунд,
Ногоон мод бүрийн доор тачаалдаж,
Гуу жалганд, хавцлын ан цавд
Үр хүүхдүүдээ алдаг биш үү?
6 Гуу жалгын гөлгөр чулуунуудын дундах нь чиний хувь юм.
Тэд, зөвхөн тэд л чиний ноогдол юм.
Чи тэдэнд л ундаан өргөл асгаж,
Идээн өргөл өргөсөн биш үү?
Ингэж байхад Би зүгээр байх юм уу?
7 Өндөр, сүрлэг уулан дээр чи ороо засаж,
Тахил өргөхөөр тийшээ гарсан.
8 Хаалга хатавчнуудын ард чи тэмдгүүдээ тавиад
Харин Надаас эргэн чи биеэ нүцгэлж
Дээш гарч, ороо өргөсгөн тэдэнтэй тохирч,
Чи тэдний нүцгэнийг харсан.
9 Чи Молээх руу тостой очиж,
Үнэртнээ нэмэгдүүлсэн.
Чи элчингүүдээ алс хол газар илгээсэн.
Үхэгсдийн орон руу ч буулгасан.
10 Замын уртад чи туйлдсан ч
“За найдвар алга” гэж хэлээгүй.
Хүчээ олсоор байгаа учраас
Чи доройтоогүй.
11 Хэнээс чи зовниж, хэнээс чи эмээсэндээ
Намайг саналгүй, дотроо бодох ч үгүй худал хэлнэ вэ?
Эртнээс хойш чимээгүй байсны минь улмаас
Эмээхгүй болоо юу чи Надаас?
12 Зөвт байдал, үйлсийг чинь Би тунхаглая л даа,
Чамд нэмэр болчих юм тэдгээрт чинь байна уу?
13 Тиймээс орилж байхад чинь
Бүлэглэл чинь чамайг авраг!
Салхи тэд бүгдийг чинь хийсгэх болно
Амьсгал тэднийг авч одно.
Харин Надад хоргодогч нь газрыг өвлөж
Ариун уулыг минь эзэмшинэ.
Тусламж, эдгэрлийн амлалт
14 “Баригтун, баригтун, зам бэлтгэгтүн.
Ард түмний минь замаас саадыг зайлуул” гэж хэлэгдэнэ.
15 Ариун хэмээх нэртэй, мөнх амьдрагч,
Өндөрт өргөмжлөгдсөн Нэгэн ийн айлдав.
“Би өндөрт, ариун газарт оршдог ч
Даруу сүнстэй хүнийг сэргээхийн тулд
Зүрхнээсээ гэмшсэн хүнийг сэргээхийн тулд
Гэмшсэн бас даруу сүнстэй хүнтэй
Би хамт байдаг
16 Би мөнхөд заргалдахгүй,
Үргэлж ууртай байхгүй.
Эс тэгвэл сүнс бүхэн,
Миний бүтээсэн амьсгалууд ч
Өмнө минь сульдах болно.
17 Шунал хэмээх хилэнцээс нь болж
Би уурлаад түүнийг цохисон юм.
Өөрийгөө нууж, уурлаж байхад минь хүртэл
Өөрсдийнхөө замаар, тэд төөрөлдөж одсон юм.
18 Би замыг нь үзсэн хэдий ч түүнийг эдгээнэ.
Би түүнийг удирдаж, гашуудагсдыг нь тайвшруулан сэргээж,
19 Уруулын үр жимсийг бүтээнэ.
Амар тайван, амар тайван
Хол ойрынхонд байх болтугай.
Би түүнийг эдгээнэ” гэж
ЭЗЭН айлдаж байна.*
20 Буруутууд тайван байж эс чадах нь
Доторх хог шавраа гаргаж шидлэх
Догшин далай мэт
21 “Буруутуудад амар тайван үгүй” гэж
Бурхан минь айлдаж байна.*
- 57:19 Еф 2:17
- 57:21 Иса 48:22