Шударга засаглалыг зөгнөв
32 1 Үзэгтүн, хаан нь үнэн зөвөөр хаанчлан
Ноёд нь шударгаар захирна.
2 Тэд салхинаас хоргодох газар,
Шуурганаас халхлах халхавч,
Хуурай газрын усны суваг,
Ангасан газар дахь өндөр хадны сүүдэр адил байна.
3 Хардаг хүмүүсийн нүд хаагдахгүй,
Сонсох чихтэй нь сонсох болно.
4 Адгуу хүний зүрх
Мэдлэгийг ялган таньж,
Хэлгий хүний хэл нь
Тод ярих гэж яарна.
5 Цаашид тэнэгийг сурвалжит хүн гэж дуудахгүй,
Зальт этгээдийг эрхэм гэхгүй.
6 Тэнэг хүн тэнэг юм ярьж,
Ёс бусыг зүрхэндээ сэддэг
ЭЗЭНий эсрэг ёрын юм ярьж,
Жигшүүрт явдлыг үйлддэг
Өлсгөлөн хүнийг хоосон орхиж,
Ундаасагчийг ундаар дутаадаг
7 Ядуу хүн шударгаар яривч
Адгийн этгээдийн арга нь хортой,
Үгээгүйчүүдийг худал үгээрээ хөнөөх гэж
Өөдгүй хорон санааг сэддэг.
8 Журамт хүмүүс харин журамт юмсыг бодож,
Журамт үйлсээрээ бат тогтдог.
Маадгар эмсэд сануулах нь
9 Маадгар эмс ээ.
Босож, дуу хоолойг минь сонс,
Ихэрхүү охид оо, үгэнд минь чих тавь!
10 Жил гаруйхны дотор
Ихэрхүү та нар зовох болно.
Учир нь усан үзмийн ургац хураалт төгсөж,
Жимс хураах цаг болохгүй.
11 Маадгар эмс ээ, цочирд,
Бардам охид оо, сандар!
Хувцсаа тайлан нүцгэлж,
Бэлхүүсээрээ таар ороо!
12 Үржилтэй талбай,
Шүүслэг усан үзмийн төлөө цээжээ дэлд!
13 Ард түмний минь газар нутагт,
Сундуу бут, өргөст бутаар дүүрсний төлөө,
Баясгалант хот, жаргалтай бүх гэрийн төлөө гашууд!
14 Учир нь орд харш хаягдан
Их шуугиант хот мартагдан
Хэрэм цамхгууд нь үүрд
Малын бэлчээр, хулангийн хороо болно.
15 Өндрөөс, дээрээс маань Сүнс цутгахад,
Зэлүүд газар нь үржил шимтэй талбай болж,
Үржил шимтэй талбай нь ой мод гэгдэнэ.
Бурханы хаанчлалын амар амгалан
16 Тэгээд шударга ёс нь цөлд оршиж,
Үнэн зөв нь үржилтэй талбайд байна.
17 Үнэн зөвийн үйлсээр амар тайван болж,
Үнэн зөвийн үйлсээр үргэлж амгалан, аюулгүй байна.
18 Ард түмэн минь амар тайван орчинд,
Аюулгүй гэрт, тайван газарт амьдарна.
19 Ойд мөндөр орж
Хот доош шигдэх болно.
20 Устай газар бүр үр суулгаж,
Үхэр, илжгээ чөлөөтэй идэшлүүлнэ.
Та нар юутай ивээлтэй байх бол!