3 1 Харагтун,
Түг түмдийн БУРХАН Эзэн,
Өөрийн хангамж, туслалцааг
Йерусалим болон Иудагаас зайлуулах гэж байна.
Талхны бүх хангамж,
Усны бүх хангамж,
2 Хүчит эрс болон дайчид,
Шүүгчид ба эш үзүүлэгч,
Төлгөч ба ахлагч,
3 Тавьтын ахлагч ба хүндэт хүн,
Зөвлөгч ба уран зураач,
Чадварлаг илбэчдийг ч зайлуулна.
4 Би нялх хөвгүүдийг тэдний ноёд болгоно.
Эрх хүүхдүүд тэднийг захирна.
5 Ард олон дарлагдаж,
Хүн бүр нөгөөгөө, хөршөө дарлаж,
Залуус нь өвгөд рүүгээ,
Захирагдагсад нь хүндэт хүмүүс рүүгээ дайрна.
6 Нэг хүн эцгийнхээ гэрт ахыгаа барьж авч,
“Чамд нөмрөг бий.
Чи удирдагч маань бол.
Эдгээр балгас чиний мэдэлд орно” гэж хэлэхэд
7 Өнөөх нь тэр өдөр дуугаа өндөрсгөн
“Би эмч болохгүй.
Манай гэрт талх байхгүй,
Нөмрөг ч байхгүй.
Тиймээс намайг ард түмний удирдагчаар томилох ёсгүй” гэнэ.
8 Юу гэвэл, Йерусалим бүдэрч,
Иуда уналаа.
Үг хэл болон үйлс нь
ЭЗЭНий эсрэг байж,
Сүр жавхлант оршихуйнх нь эсрэг тэд тэрсэлжээ.
9 Тэдний царайны хувирал
Өөрсдийнх нь эсрэг гэрчилдэг.
Тэд Содомын адилаар нүглээ дэлгэн үзүүлдэг.
Өөрсдийнхөө дээр ёр мууг авчирсан тэд золгүй еэ!
10 Сайн сайхан түүнтэй хамт байна гэдгийг
Зөв хүмүүст хэлэгтүн.
Учир нь тэд үйлдлийнхээ
Үр жимсийг идэх болно.
11 Гэм буруутнууд золгүй еэ!
Муу муухай нь түүнтэй хамт байх болно.
Учир нь тэрээр хүртэх ёстойгоо хүртэх болно.
12 Ард түмнийг минь хүүхдүүд дарлаж,
Хүүхнүүд захирдаг.
Ард түмэн минь ээ
Дагуулагчид чинь та нарыг төөрүүлж,
Зам жимийг чинь будилуулж байна.
13 ЭЗЭН зарга мэдүүлэхээр босож,
Хүмүүсийг шүүхээр зогслоо.
14 Ард түмнийхээ ахлагчид бас ноёдтой хамт
ЭЗЭН шүүхэд орж байна.
“Усан үзмийн талбайг та нар цөлмөсөн.
Ядуусаас дээрэмдсэн олз гэрт чинь бий.
15 Ард түмнийг минь та нар дарлаж,
Ядуусын нүүрэн дээр яагаад гишгэчиж байгаа юм?” гэж
Түг түмдийн БУРХАН Эзэн айлдаж байна.
16 ЭЗЭН ийнхүү айлдав.
“Сионы охид бардам учраас толгойгоо өргөөд
Өдсөн харцаар ширтэн алхаж,
Хөл дэх гархиа хүртэл жингэнүүлэн
Ихэмсгээр алхалж байна.
17 Ийм учраас Эзэн
Сионы охидын хуйхыг нь яршуулан зовооно.
ЭЗЭН магнайг нь нүцгэлнэ”.
18 Тэр өдөр Эзэн, хөл дэх гархи, толгойн зүүлт, саран хэлбэрт чимэглэл, 19 ээмэг, бугуйвч, гивлүүр, 20 малгай, хөлийн гинж, бүс, сүрчгийн хайрцаг, сахиус, 21 хурууны бөгж, хамрын гархи, 22 ёслолын хувцас, гадуур цамц, нөмрөг, мөнгөний түрийвч, 23 толь, дотуур хувцас, алчуур, гивлүүр зэргийг бүгдийг нь авч хаяна.
24 Анхилуун сүрчиг нь өмхий ус,
Бүс нь олс, гоёмсог зассан үс нь халцарсан хуйх,
Сайхан хувцас нь тааран өмсгөл болж
Үзэсгэлэн гоог ичгүүрийн тамга орлоно.
25 Танай эрчүүд илдэнд,
Танай хүчтэнүүд дайнд унана.
26 Хотын гулдан хаалганууд гашуудан уйлж,
Хоосорсон хот газар дээр сууна.