Үр жимсгүй усан үзмийн тариалан

5 1 Би одоо хайртдаа зориулж,
Усан үзмийн талбайнх нь тухай
Хайртынхаа дууг дуулъя.
Хайрт минь маш үржил шимтэй гүвээн дээр
Усан үзмийн талбайтай байлаа.*
2 Тэр эргэн тойрныг нь малтаж, чулуунуудыг нь зайлуулаад,
Шилмэл усан үзмийг суулгаж,
Талбайн голд цамхаг босгоод,
Дотор нь дарс шахуурга суулгаж гэнэ.
Тэр тэгээд сайхан усан үзэм гарна гэж хүлээж байтал
Гашуун усан үзэм ургажээ.

3 “Одоо тэгэхээр Йерусалимын оршин суугчид,
Иудагийн эрчүүд ээ!
Усан үзмийн минь талбай бидэн хоёрын хоорондохыг шүүгтүн!
4 Усан үзмийн талбайдаа миний хийгээгүй
Өөр юуг Би хийх ёстой байсан юм бэ?
Сайн усан үзэм гарна гэж хүлээж байхад
Гашуун үзэм яагаад гарав?

5 Одоо би усан үзмийнхээ талбайд юу хийх гэж байгаагаа
Та нарт өгүүлье.
Хайс шивээг нь авч хаяад, шатаана.
Ханыг нь нурааж талхлагдсан газар болгоно.
6 Би талбайг эзгүйрүүлэн хаяад,
Тайрч арчлахгүй, зээтүүдэхгүй.
Харин сундуу бут, өргөст бут ургана.
Түүн дээр бороо бүү оруул гэж
Би үүлэнд тушаана”.

7 Түг түмдийн ЭЗЭНий усан үзмийн талбай нь
Израилын гэр,
Таалан соёрхдог ургамал нь
Иудагийн эрчүүд юм.
Тэрээр шударга үнэнийг эрсэн боловч цус урсгахыг үзжээ.
Зөвийг эрсэн боловч зовлонт дууг сонсжээ.

Нийгмийн шударга бусыг буруутгах нь

8 Ямар ч зайгүй болтол нь байшин дээр байшин нэмж,
Талбайг талбайтай нь нийлүүлэгчид хөөрхий еэ!
Та нар газрын дунд ганцаараа амьдрах гэж ингэжээ.
9 Чихэнд минь түг түмдийн ЭЗЭН
“Үнэхээр, олон байшингууд хоосорч,
Том сайхан нь хүртэл эзэнгүй болно.
10 Усан үзмийн арван акр газар нэг бат дарс гаргаж,
Нэг омер үр нь нэг ефа тариа ургуулна” гэж тангараглав.
11 Сархдад согтуурахаар хойноос нь хөөцөлдөн өглөө эрт босож,
Дарсанд цохиултлаа үдэш орой болтол байгчид хөөрхий еэ!
12 Тэдний найр нь лир, босоо ятга, хэнгэрэг, лимбэ, дарсаар хөгжинө.
Гэвч тэд ЭЗЭНий үйлсийг үл анхаарч,
Мутрынх нь ажлыг эс тунгаадаг.

13 Мэдлэг дутсанаас болж Миний ард түмэн цөлөгдөн
Хүндэт хүмүүс нь өлсөж,
Олон түмэн нь цангаж зовно.
14 Тиймээс Үхэгсдийн орон хоолойгоо өргөсгөн
Амаа хязгааргүй ангайлгана.
Йерусалимын сүр жавхлан, олон түмэн, дуу чимээ,
Хөгжил, баясалтайгаа тийшээ бууна.
15 Хүн номхотгогдож, хүн басамжлагдана.
Бардам хүний нүд ч басамжлагдана.
16 Гэвч түг түмдийн ЭЗЭН шүүхээр өргөмжлөгдөж,
Ариун Бурхан үнэн зөв дотор ариунаа үзүүлнэ.
17 Хурганууд өөрийн бэлчээрт байгаа мэт идээшилж,
Баячуудын орхисон газарт харийнхан хооллоно.

18 Худал хуурмагийн аргамжаар хилэнцийг хөтөлж,
Тэрэгний татлагаар нүглийг татагчид хөөрхий еэ.
19 Тэд “Тэр түргэлж, ажил үйлсээ яаравчлаг.
Тэгвэл бид үзэх болно.
Израилын Ариун Нэгэний төлөвлөгөө ойртож, биелэг.
Тэгвэл бид мэдэх болно” гэдэг.
20 Мууг сайн, сайныг муу гэж нэрлэгчид,
Харанхуйг гэрэл, гэрлийг харанхуйгаар солигчид,
Гашууныг амттай, амттайг гашуунаар орлуулагчид хөөрхий еэ!
21 Өөрийнхөө нүдэнд мэргэн бологсод,
Өөрийнхөө бодолд ухаалаг байгчид хөөрхий еэ!
22 Дарс уухдаа баатар,
Сархад найруулахдаа зоригтой байгчид хөөрхий еэ!
23 Хахуулиас болж буруутыг зөвтгөж,
Шударга хүмүүсээс эрхийг нь хагацаагчид хөөрхий еэ!

Харийн түрэмгийлэл ирнэ

24 Тиймээс галын хэл сүрлийг түймэрдэн
Галын дөлд хуурай өвс хуйхлагдахын адил,
Үндэс нь өмхөрсөн мэт болж,
Цэцэг нь тоос шиг хийснэ.
Учир нь тэд түг түмдийн ЭЗЭНий хуулийг үл тоож,
Израилын Ариун Нэгэний үгийг үл тоомсорлосон.
25 Үүний улмаас ЭЗЭНий уур хилэн ард түмнийхээ эсрэг шатаж,
Тэдний эсрэг мутраа сунгаж,
Тэднийг цохиж унагав.
Уулс доргиж, гудамжнуудын голд
Хүмүүсийн цогцос хог мэт хөглөрөв.
Ингэлээ гээд Түүний хилэн эргэсэнгүй
Иймээс Тэрээр мутар юугаа сунгасан хэвээр байна.
26 Тэр бас алс холын үндэстэн рүү туг өргөж,
Газрын мухраас тэдэн рүү исгэрнэ.
Харагтун, тэд үтэр түргэн ирнэ.
27 Дотроос нь хэн ч ядарч бүдрэхгүй,
Нэг ч хүн дугхийхгүй, унтахгүй.
Бүсэлхий дэх бүснүүд нь ч тайлагдахгүй.
Нэг ч хүний гутлын үдээс тасрахгүй.
28 Сум нь хурц,
Нум нь хөвчилсөн,
Морьдын туурай нь цахиур мэт,
Тэрэгний мөөр нь хуй салхи мэт ажээ.
29 Тэдний хүрхрэх нь эрслэн мэт,
Тэд залуу арслангууд шиг архирч,
Олзоо шүүрэн авахдаа архирна.
Тэд олзоо аваад явахад,
Түүнийг нь хэн ч чөлөөлөхгүй.
30 Тэр өдөр далайн түрхрэлт мэт
Тэд ард түмэн рүү хүрхэрнэ.
Хэрэв нэгэн хүн газар луу харвал
Тэнд харанхуй, уй гашуу байна.
Гэрэл нь хүртэл үүлээр харанхуйлагдсан харагдана.


  • 5:1–2 Мт 21:33; Мк 12:1; Лк 20:9