Амар амгалан хаанчлал
11 1 Иессийн хожуулаас нэгэн нахиа гарч,
Үндэснээс нь нэгэн мөчир жимсэлнэ.*
2 ЭЗЭНий Сүнс,
Мэргэн ухааны ба ухаарлын сүнс,
Зөвлөгөөний ба хүч чадлын сүнс,
Мэдлэгийн хийгээд ЭЗЭНээс эмээхүйн сүнс
Түүн дээр оршино.
3 ЭЗЭНээс эмээхүй нь Түүний баяр хөөр.
Тэр нүдэндээ үзэгдсэнээр шүүхгүй,
Чихэндээ сонсогдсоноор шийдэхгүй.
4 Үгээгүйчүүдийг үнэн зөвөөр шүүж,
Хорвоогийн зовогсдод шударга шийдвэр гарган,
Амныхаа саваагаар газрыг дэлдэж,
Уруулынхаа амьсгалаар гэм буруутыг хөнөөнө.*
5 Зөвт байдал Түүний бүсэлхийний бүс
Итгэмжит чанар Түүний бэлхүүсний бүс.*
6 Чоно хургатай хамт амьдран,
Ирвэс ишигтэй хамт хэвтэж,
Тугал, арслан, тарган мал хамтдаа байж
Бяцхан хүү тэднийг удирдана.*
7 Үнээ баавгайтай цуг бэлчиж,
Үр зулзагууд нь хамт хэвтэж,
Арслан нь үхэр шиг л сүрэл иднэ.
8 Нялх хүүхдүүд наж могойн нүхний дэргэд тоглоно
Балчир хүүхэд хорт могойн үүрэнд гараа хийнэ.
9 Ариун уул даяар минь тэд хор учруулахгүй, устгахгүй.
Учир нь далай усаар бялхдаг шиг
Дэлхий ЭЗЭНий мэдлэгээр дүүрнэ.*
Израил, Иудагийн үлдэгсэд эргэн ирэх нь
10 Тэр өдөр Иессийн үндэс ард түмний туг болон мандаж,
Үүнийг тойрон үндэстнүүд цуглаж,
Түүний амрах газар нь алдар суутай болно.*
11 Тэр өдөр Эзэн мутраа хоёр дахь удаагаа дахин сунгаж,
Ассири, Египет, Патрос, Куш, Елам, Шинар, Хамат болон далайн арлуудаас
Ард түмнээсээ үлдсэн үлдэгсдийг буцааж авна.
12 Тэр үндэстнүүдийн зүг тугийг өргөн
Газрын дөрвөн хаяанаас Израилын цөлөгдөгсдийг,
Иудагийн бутрагсдыг цуглуулна.
13 Ефраимын атаархал арилан
Иудагийн дайсагнал устана.
Ефраим Иудад атаархахгүй,
Иуда нь ч Ефраимд дайсагнахгүй.
14 Тэд баруун зүг дэх Филистийн нам газрыг довтлон,
Хамтдаа дорнын хөвгүүдийг дээрэмдэж,
Едом ба Моаб дээр гараа тавина.
Аммоны хөвгүүд тэдний эрхшээлд орно.
15 ЭЗЭН, Египетийн тэнгисийн хоолойг бүрэн хатааж,
Евфрат мөрний дээгүүр мутраа даллан,
Халуун салхиараа үлээлгэж,
Хүмүүс шаахайтай гатлах болтол нь
Түүнийг долоон хэсэгт хуваана.*
16 Израилчууд Египет нутгаас гарсан өдрийнхтэй адил
Түүний ард түмнээс үлдсэн хүмүүст
Ассириас буцах их зам бий болно.
- 11:1 Илч 5:5, 22:16
- 11:4 2Тс 2:8
- 11:5 Еф 61:14
- 11:6–9 Иса 65:25
- 11:9 Хаб 2:14
- 11:10 Ром 15:12
- 11:15 Илч 16:12