Дуулгавартай бүхэнд хамаарах гэрээ
56 1 ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Шударга ёсыг сахин зөвийг үйлдэгтүн.
Учир нь аврал минь ирэхэд,
Зөвт байдал минь илэрхийлэгдэхэд ойр байна.
2 Үүнийг үйлдэгч хүн,
Үүнээс зуурагч нэгэн,
Амралтын өдрийг бузарлалгүй сахигч,
Аливаа мууг үйлдэхээс гараа татагч нь ерөөлтэй!”
3 ЭЗЭНтэй нэгдсэн гаднынхан
“ЭЗЭН намайг ард түмнээсээ салгана” гэж бүү хэлэг.
Тайган хүн ч “Хар, би хувхайрсан мод” гэж бүү хэлэг.
4 Учир нь ЭЗЭН үүнийг айлдав.
“Амралтын өдрийг минь сахин
Надад тааламжтайг сонгож,
Гэрээг минь чанд мөрдөгч тайган хүмүүст
5 Би гэрийнхээ дотор ханануудынхаа дунд
Сайн дурсгал ба нэрийг өгөх нь
Хөвгүүд охидтой байхаас ч илүү юм.
Би тэдэнд усташгүй, мөнхийн нэр өгнө.
6 ЭЗЭНд үйлчилж,
ЭЗЭНий нэрийг хайрлан
Зарц нь болохын тулд
Түүнтэй нэгдсэн гаднынхныг,
Амралтын өдрийг бузарлалгүй сахин
Гэрээг минь чандлах хүн бүрийг
7 Би ариун ууландаа аваачин
Залбирлын гэртээ тэднийг баяр хөөртэй болгоно.
Миний гэр бүх ард түмний
Залбирлын гэр гэж нэрлэгдэх учраас
Тэдний шатаалт тахил ба бусад тахилууд нь
Тахилын ширээн дээр минь тавигдана.”*
8 Тарж бутарсан израилчуудыг цуглуулагч
Эзэн БУРХАН тунхаглаж байна.
“Цуглуулсан дээрээ Би нэмж цуглуулна.”
Израилын удирдагчдын завхрал
9 Хээрийн бүх араатнууд аа,
Ойн бүх амьтад аа,
Ирээд идэцгээ.
10 Израилын харуулууд нь сохор,
Тэд бүгд юу ч мэдэхгүй.
Тэд бүгд унтаж хэвтдэг,
Зүүрмэглэх дуртай, хуцах чадваргүй, хэлгүй ноход.
11 Тэд цадахаа мэддэггүй, шуналтай ноход.
Тэд ухаангүй хоньчид.
Тэд бүгд өөр өөрсдийн мөрөө хөөн
Хүн бүр шударга бус олз, ашгийг эрдэг.
12 “Нааш ир, би дарс авчирна,
Согттолоо сархад ууцгаая.
Маргааш ч өнөөдөр шиг,
Бүр ч элбэг байх болно” гэж тэд хэлдэг.
- 56:7 Мт 21:13; Мк 11:17; Лк 19:46