Израилын сэргэлт

14 1 ЭЗЭН, Иаковыг өрөвдөн Израилыг дахин сонгож, тэднийг төрөлх нутагт нь суурьшуулна. Дараа нь харийн хүмүүс тэдэнтэй нийлж, Иаковын гэрт нэгдэнэ. 2 Ард түмэн тэднийг авч, өөрсдийнх нь нутагт авчирна. Улмаар Израилын гэр тэднийг ЭЗЭНий нутаг дээр зарц шивэгчингүүд болгон эзэмшинэ. Өөрсдийг нь олзлогсдыг тэд олзлон авч, өөрсдийг нь дарлагчдыг тэд захирах болно.

Вавилоны хааны уналт

3 Тэр өдөр ЭЗЭН туйлдал зүдрэл, үймээн түйвээн, боолчлолын хүнд хүчир албанаас чамайг чөлөөлөн амраахад 4 чи Вавилоны хаанд энэ ёгт үгийг өргөнө.

Дарангуйлагч хэрхэн болив,
Эрээ цээргүй байдал нь хэрхэн эцэслэв!
5 ЭЗЭН буруутын таягийг,
Захирагчдын очирт таягийг хугалжээ.
6 Тасралтгүй цохих уураараа
Тэрээр ард түмнүүдийг цохиж,
Зогсолтгүй мөшгөх хилэнгээрээ
Тэрээр үндэстнүүдийг дарлаж байсан.
7 Бүх газар амарч, чимээгүй болж,
Баярын уухай хадааж байна.
8 Майлснууд ч, Ливаны хуш модод ч чамаас болж баярлан
“Чи унаснаас хойш биднийг цавчихаар хэн ч ирэхгүй” гэнэ.
9 Доор Үхэгсдийн орон
Чамайг ирэх үед чинь уулзах гэж хөөрнө.
Тэр чамд зориулан үхэгсдийн сүнснүүдийг,
Газрын бүх л дээдсийг сэрээн
Үндэстнүүдийн бүх хаадыг сэнтийнээс нь босгоно.
10 Тэд бүгд чамд хариулан
“Чи ч бидэн шиг дорой болсон.
Чи бидэнтэй адил болсон.
11 Чиний бүх жавхлан, босоо ятгын чинь дуу
Үхэгсдийн оронд доош буулгагдав.
Доор чинь өт тархаж,
Хорхойнууд бүтээлэг чинь болжээ” гэнэ.

12 Аяа, Үүрийн хүү, гялбаат цолмон.
Чи яаж тэнгэрээс унав аа?
Үндэстнүүдийг дордуулагч
Чи хөсөр хаягдлаа!*
13 Учир нь чи зүрхэндээ
“Би тэнгэрт гарна.
Би Бурханы оддын дээр сэнтийгээ босгоно.
Би умардын хамгийн чанадад
Чуулганы уулан дээр заларна.*
14 Би үүлсийн орой дээр гарна.
Би өөрийгөө Хамгийн Дээд Нэгэн мэт болгоно” гэсэн.
15 Гэвч чи Үхэгсдийн орон руу,
Хамгийн гүн нүхэнд хаягдлаа.
16 Чамайг харсан хүн бүр гайхан мэлэрч
“Дэлхийг донсолгон,
Хаанчлалуудыг чичрүүлсэн хүн энэ мөн үү?
17 Ертөнцийг цөл мэт болгон,
Хотуудыг нь бусниулсан,
Хоригдлуудаа гэрт нь буцаадаггүй хүн энэ үү?” гэцгээнэ.
18 Үндэстнүүдийн хаад бүгд алдар дотор
Өөрсдийнхөө булшинд хэвтэж байна.
19 Харин чи жигшигдсэн гишүү мэт булшгүй хаягджээ.
Хөлд гишгэгдэх хүүр мэт болж
Илдэнд хатгуулсан цогцсоор хучуулж,
Чулуутай нүхэнд хаягдав.
20 Чи газар нутгаа сүйтгэж,
Ард түмнээ алсан учир
Хаадтай хамт булшинд нэгдэхгүй.
Хорон мууг үйлдэгчдийн удам дахиж дурсагдахгүй.
21 Эцгүүдийнх нь хилэнцээс болж
Хөвгүүдэд нь цаазын тавцан бэлтгэгтүн!
Тэд босож, газрыг эзэмшихгүй,
Ертөнцийн гадаргыг хотуудаар дүүргэх ёсгүй.

22 “Би тэдний эсрэг босно” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна. “Мөн Вавилоноос нэрийг нь болон амьд үлдэгсэд, үр удам ба хойч үеийг нь устгана” гэж ЭЗЭН тунхаглаж байна. 23 “Би түүнийг зарааны эзэмшил, устай намаг болгож, устгагч шүүрээр цэвэрлэнэ” гэж түг түмдийн ЭЗЭН тунхаглаж байна.

Ассирийн тухай зөн

24 Түг түмдийн ЭЗЭН тангараглан “Үнэхээр бодсон хэрэг минь биелж, төлөвлөсөн минь бүтнэ.* 25 Би Ассирийг нутагтаа устган, уулан дээрээ гишгэнэ. Тохсон буулгыг нь хүмүүсээс авч, дарамтыг нь мөрнөөс нь зайлуулна. 26 Энэ нь бүх дэлхийн талаар тогтоогдсон шийдвэр. Энэ нь бүх үндэстний дээгүүр сунгагдсан мутар юм. 27 Учир нь түг түмдийн ЭЗЭН шийдсэн. Хэн түүнийг өөрчилж чадах вэ? Тэр мутраа далайсан. Хэн үүнийг буцааж чадах вэ?” гэв.

Филистийн тухай зөн

28 Ахаз хааны өөд болсон жил ийм зөн ирлээ.*

29 “Бүх филистчүүд ээ.
Та нар жанчигчийн ташуур хугарлаа гэж бүү баярлагтун!
Учир нь могойн үндэснээс хорт могой гарч ирэх агаад
Үр жимс нь нисдэг галт могой болой.*
30 Үгээгүй гуйлгачингууд идэж,
Ядуус аюулгүй амгалан хэвтэнэ.
Үндсийг чинь Би өлсгөлөнгөөр үхүүлнэ,
Үлдэгсдийг чинь хөнөөнө.
31 Үүд хаалга аа, уйлагтун!
Хот оо, цурхиран уйл!
Хамаг филистчүүд ээ, та нар
Сарниж алга болцгоо!
Юу гэвэл умардаас утаа ирж байна.
Түүний эгнээнээс нэг нь ч хоцрохгүй байна.”

32 Тэгвэл тэр харийн элч нарт юу хариулах вэ?
“Сионы суурийг ЭЗЭН тавьсан.
Түүний ард түмнээс зүдэрсэн нь
Хоргодох байр олно.”


  • 14:12 Илч 8:10, 9:1
  • 14:13–15 Мт 11:23; Лк 10:15
  • 14:24–27 Иса 10:5–34; Нах 1:1—3:19; Зеф 2:13–15
  • 14:28: 2Ха 16:20; 2Шс 28:27
  • 14:29–31 Иер 47:1–7; Езк 25:15–17; Иое 3:4–8; Амо 1:6–8; Зеф 2:4–7; Зех 9:5–7