Зарцын үйлчлэл

49 1 Эргийн орнууд аа, сонсогтун.
Алс холын хүмүүс ээ, анхаарагтун.
Хэвлийд байхаас минь
Намайг ЭЗЭН дуудсан.
Эхийнхээ умайд байхаас л
Нэрийг минь Тэр дурдсан.*
2 Амыг минь хурц илд мэт болгож,
Намайг мутрынхаа нөмөрт далдалсан
Намайг шилмэл сум мэт болгон,
Саадаг дотроо Тэрээр нуусан.
3 Тэрээр надад
“Израил аа. Чи Миний зарц.
Чиний дотор Би Өөрийгөө алдаршуулна” гэсэн.
4 Харин би “Дэмий хөдөлмөрлөж,
Хүчээ хоосон юманд би зарцуулжээ,
Гэвч үнэхээр шударга ёс минь ЭЗЭНтэй хамт,
Шагнал минь миний Бурхантай хамт юм” гэсэн.

5 Иаковыг Өөртөө буцаан авчирч,
Израилыг Өөртөө цуглуулахын тулд
Намайг эхийн хэвлийгээс зарцаа болгосон
ЭЗЭН одоо ингэж айлдаж байна.
(Би ЭЗЭНий мэлмийд алдар хүндтэй,
Надад Бурхан минь хүч болсон.)
6 Тэр “Иаковын овгуудыг босгон,
Израилын үлдэгсдийг сэргээхийн тулд
Чи зарц минь байх нь өчүүхэн хэрэг.
Авралыг минь газрын хязгаарт хүргэхийн тулд
Чамайг Би үндэстнүүдийн гэрэл болгоно” гэв.*

7 Хүн бүхэнд жигшигдсэн,
Үндэстнүүдэд басамжлагдсан,
Захирагчдын зарцад хандан
Израилыг Золигч, Ариун Нэгэн,
ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Чамайг сонгосон Израилын Ариун Нэгэн,
Итгэмжит ЭЗЭНээс болж
Хаад үзээд босно, ноёд ч сөгдөж мөргөнө.”

Сионы хүүхдүүд буцна

8 ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Тааламжтай цагт Би Чамд хариулж,
Авралын өдөр Би Чамд тусалсан.
Би Чамайг сахин хамгаалах бөгөөд
Газрыг дахин сэргээж,
Сүйтгэгдсэн өмчийг буцаан өвлүүлэхийн тулд
Чамайг ард түмний гэрээний төлөө өгнө.*
9 Тийнхүү хоригдогсдод «Гарч ирэгтүн»,
Харанхуйд суугчдад «Ил гарагтун» гэж хэлнэ.
Замын дагуу тэд идээшлэн,
Бүх өндөрлөг дээр бэлчээр нь байх болно.
10 Тэд өлсөхгүй, цангахгүй,
Аагим халуунд ч, наранд ч цохиулахгүй.
Учир нь Энэрэгч нь тэднийг удирдах ба
Усны ундаргуудын хажуугаар дагуулна.*
11 Би бүх уулаа зам болгож,
Замууд минь өргөгдөнө.
12 «Үзэгтүн, тэдгээр нь алс холоос,
Зарим нь умардаас бас өрнөдөөс
Синимийнa газраас зарим нь ирнэ.»”

13 ЭЗЭН ард түмнээ тайвшруулсан бөгөөд
Зовсон хүмүүсээ энэрэх учир
Тэнгэр ээ, баярлан орилогтун.
Газар аа, баясагтун.
Уулс аа, бахдан дуулагтун.
14 Гэвч Сион “ЭЗЭН намайг хаясан.
Эзэн намайг мартсан” гэв.

15 “Эх хүн хөхүүл хүүхдээ мартаж
Хэвлийнхээ хөвгүүнийг энэрэхгүй байх уу?
Хэдийгээр тэд мартаж болох ч
Би чамайг мартахгүй.
16 Үзэгтүн, Би алгандаа чамайг сийлсэн бөгөөд
Хана хэрмүүд чинь үргэлж Миний өмнө байна.
17 Чиний хөвгүүд яаран ирнэ,
Чамайг сүйтгэгч, цөлмөгчид чамаас сална.
18 Харцаа өргөн эргэн тойрноо харагтун.
Хамтдаа цуглан бүгд чам руу ирж байна»
«Би амьд!» хэмээн ЭЗЭН тунхаглаад,
«Чи тэднийг чимэглэл мэт зүүж,
Сүйт бүсгүй мэт тэднээр гоёх болно.
19 Учир нь балгас болон хоосорсон газрууд,
Сүйрсэн нутаг чинь оршин суугчдаа багтааж ядна.
Чамайг залгигчид холдоно.
20 Эндсэнээс хойших хүүхдүүд чинь чихэнд
«Энэ нутаг надад хэтэрхий давчуу тул
Надад амьдарч болох газар өгөөч» гэж хэлнэ.
21 Тэгэхэд чи зүрхэндээ
«Би хүүхдүүдээсээ хагацсан,
Хүүсэр, цөлөгдсөн, бас тэнүүлч болсон
Гэтэл хэн тэднийг надад төрүүлээ вэ?
Хэн тэднийг өсгөө вэ?
Үзэгтүн, би ганцаараа үлдсэн байсан.
Тэд хаанаас ирэв?» гэж хэлнэ.”

22 Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.
“Үзэгтүн, Би мутраа үндэстнүүд рүү өргөн
Ард түмнүүд рүү тугаа босгоно.
Тэд хөвгүүдийг чинь энгэртээ,
Охидыг чинь мөрөн дээрээ тээгээд авчирна.
23 Хаад чиний тэжээгчид,
Хатад нь чиний өрлөг эх болж,
Өмнө чинь нүүрээ газарт хүртэл мэхийн,
Хөлийн чинь тоосыг долооно.
Намайг ЭЗЭН гэдгийг чи мэдэх болно.
Надад итгэн найдагчид ичгүүрт орохгүй.”

24 Хүчтэнээс олзыг нь авч,
Харгислагчаас хоригдлуудыг аварч чадах уу?
25 Харин ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Хүчтэнээс хоригдлуудыг нь булаан авч,
Харгислагчаас олзыг нь аварна.
Учир нь чамтай тэрсэлдэгчтэй Би тэмцэлдэж,
Хөвгүүдийг чинь Би аврах болно.
26 Чамайг дарлагчдыг Би
Өөрсдийнх нь махаар хооллох бөгөөд
Тэд цусаа амтат дарс мэт ууж, согтоно.
ЭЗЭН Би чиний Аврагч, чамайг Золигч,
Иаковын Хүчит Нэгэн гэдгийг
Бүх махбод мэдэх болно.”


  • 49:1 Иер 1:5
  • 49:6 Иса 42:6; Лк 2:32; Үйл 13:47, 26:23
  • 49:8 2Ко 6:2
  • 49:10 Илч 7:16–17
  • a49:12 Синим: Египетийн өмнөдөд байдаг, еврейчүүд олноороо суурьшсан хот.