Бурханы шүүлт зөв шударга

65 1 Гуйгаагүй хүмүүст Би Өөрийгөө илчилж,
Хайгаагүйд нь Би олдов.
Нэрийг минь дуудаагүй үндэстэнд
«Би энд байна, Би энд байна» гэж хэлсэн.*
2 Бодлоо дагаж, сайн бус замаар явагч,
Тэрслүү ард түмэнд хандан
Би бүхэл өдөржин гараа сунгав.*
3 Нүүрэн дээр минь Намайг байнга доромжилж,
Цэцэрлэгт тахил өргөн тоосгон дээр үнэртнийг шатааж,
4 Булшнуудын дунд сууж,
Нууц газруудад шөнийг өнгөрөөн,
Гахайн мах идэж,
Савандаа бузар шөлийг нь хийдэг бөгөөд,
5 «Зогс. Над руу бүү ойртогтун.
Учир нь би чамаас илүү ариун» гэж хэлдэг.
Тэд хамарт минь үнэртэх утаа,
Бүх л өдөржин шатдаг гал юм.
6 Үзэгтүн, Миний өмнө бичигдсэн бөгөөд
Би дуугүй байхгүй, харин буцааж төлнө,
Би өвөрт нь төлнө.
7 Та нарын хилэнц, эцэг өвгөдийн чинь хилэнцийг
Хамтад нь төлүүлнэ гэж ЭЗЭН айлдаж байна.
“Тэд уулан дээр утлага уугиулж,
Толгод дээр Намайг доромжилдог.
Тиймээс Би урьдын үйлсийг нь
Өвөрт нь хэмжин буцаана” гэв.

8 ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Хонгорцог дотор шинэ дарс олдвол
«Түүнийг бүү устга. Ивээл байна» гэж хэлдэг шиг
Би зарц нарынхаа төлөө үйлдэж,
Тэднийг бүгдийг нь устгахгүй.
9 Би Иаковаас үр удмыг,
Иудагаас Миний уулсыг өвлөгчийг гарган авчирна.
Миний сонгосон хүмүүс үүнийг өвлөн
Зарц нар минь тэнд амьдарна.
10 Намайг хайгч ард түмний минь төлөө
Шарон нь хонины бэлчээр,
Ахорын хөндий үхэр сүргийн хэвтэр болно.*
11 Харин ЭЗЭНийг орхин
Ариун уулыг минь мартаж,
Аз завшаанд ширээ засаж,
Хувь тавилангийн төлөө
Хольсон дарсыг дүүргэгч хүмүүс ээ.
12 Би дуудсан боловч
Та нар хариулсангүй,
Би хэлсэн боловч
Та нар сонссонгүй,
Харин Миний өмнө мууг үйлдэн
Хүсээгүйг минь сонгосон учраас
Би та нарыг илдэнд зориулахад
Та нар бүгдээрээ аллагад бөхийнө.”

13 Тиймээс Эзэн БУРХАН ингэж айлдаж байна.
“Үзэгтүн, зарц нар минь идэх боловч
Та нар өлсөнө.
Үзэгтүн, зарц нар минь уух боловч
Та нар цангана.
Үзэгтүн, зарц нар минь баясах боловч
Та нар ичнэ.
14 Үзэгтүн, зарц нар минь зүрхэндээ баярлан дуулна,
Та нар зүрхэндээ шаналан уйлж,
Цөхөрсөн сэтгэлээр уйлна.
15 Миний сонгосон нэгэнд нэр чинь хараал болно
Эзэн БУРХАН та нарыг хөнөөнө,
Харин зарц нараа өөр нэрээр дуудна.
16 Урьдын зовлон шаналан мартагдаж,
Нүднээс минь нууцлагдсан учир
Энэ газарт өөрийгөө ерөөгч нь
Үнэний Бурханаар ерөөгдөнө.
Дэлхий дээр тангараглагч нь
Үнэний Бурханаар тангараглана.

Шинэ бүтээлийн алдар

17 Харагтун, Би шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээнэ.
Урьдын юмс санагдахгүй,
Бодол санаанд ч буухгүй.*
18 Харин Миний бүтээх зүйлд
Үүрд баярлан баясагтун.
Харагтун, Би баяр хөөрийн төлөө Йерусалимыг,
Баяслын төлөө ард түмнийг нь бүтээнэ.
19 Би Йерусалимд баярлана.
Ард түмэндээ баясна.
Тэгээд тэнд уйлах, орилох дуу цаашид сонсогдохгүй.*
20 Тэнд цөөн хоногтой нялхас ч,
Өдрүүдээ гүйцээгээгүй ахмад хүн ч байхгүй.
Зуу наслаад үхсэнийг нь
Залуугаараа гэж үзнэ
Зуу хүрээд үрэгдсэн нь
Нүгэлтэн гэж тооцогдоно.
21 Тэд гэр барьж, түүндээ сууна.
Тэд усан үзэм тариалж, үр жимсийг нь иднэ.
22 Бусдыг суулгах гэж тэд барихгүй.
Бусдад идүүлэх гэж тэд тарихгүй.
Харин ард түмний минь өдрүүд модны нас шиг болж,
Сонгосон хүмүүс минь
Гарынхаа бүтээлийг удаан эдэлнэ.
23 Тэд дэмий хоосон ажиллахгүй,
Зовлонгийн төлөө хүүхэд төрүүлэхгүй.
Учир нь тэд ба хойч үе нь
ЭЗЭНээр ерөөгдсөн хүмүүсийн үр удам билээ.

24 Тэднийг дуудахаас өмнө Би хариулж, тэднийг ярьж байхад нь Би сонсох цаг ирнэ. 25 Чоно хургатай хамт бэлчиж, арслан үхэр мэт сүрэл идэх бөгөөд шороо нь могойн хоол болно. Ариун уул даяар минь тэд ямар ч муу, хор хөнөөл үйлдэхгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.*


  • 65:1 Ром 10:20
  • 65:2 Ром 10:21
  • 65:10 Иош 7:24–26
  • 65:17 Иса 66:22; 2Пт 3:13; Илч 21:1
  • 65:19 Илч 21:4
  • 65:25 Иса 11:6–9