Бурханы ард түмний тайтгарал

40 1 “Тайвшруул, ард түмнийг минь тайвшруул”
Танай Бурхан ингэж айлдаж байна.
2 Йерусалимын зүрхэнд ярь.
Хүнд хүчир үүрэг нь дууссан.
Гэм буруугаас хэлтэрсэн.
Хамаг нүглийнхээ улмаас тэрээр
Хоёр дахин илүүг ЭЗЭНий мутраас хүртсэн.

3 Хашхирагч нэгний дуу
“Зэлүүд талд ЭЗЭНий замыг бэлтгэцгээ.
Цөлд Бурханд маань
Их замыг шулуун болгогтун.* *
4 Хотгор бүр өргөгдөж,
Уул толгод бүр намсаж,
Тахир нь шулуун болж,
Энхэл донхол газар нь тэгш тал бологтун.
5 Ингээд ЭЗЭНий цог жавхлан илэрч,
Махбодтой бүхэн үүнийг хамтдаа үзнэ.
Ингэж ЭЗЭНий ам айлдлаа” гэв.

6 Нэгэн дуу “Тунхаглагтун” гэсэнд
Би “Би юуг тунхаглах вэ?” гэв.
Махтай бодтой бүхэн нь өвс мэт,
Гоо үзэсгэлэн нь хээрийн цэцэг мэт юм.*
7 ЭЗЭНий амьсгал дээрээс нь үлээвээс
Өвс хатдаг, цэцэг ганддаг.
Өргөн түмэн гэгч өвс мэт юм.
8 Өвс хатдаг, цэцэг ганддаг.
Бидний Бурханы үг мөнхөд тогтоно.

9 Сайнмэдээчин Сион оо!
Өндөр уулан дээр гарагтун.
Сайнмэдээчин Йерусалим аа!
Дуугаа хүчтэйхэн өргөгтүн.
Өргөгтүн! Бүү зүрхшээ.
“Бурхан тань энэ байна” гэж
Иудагийн хотуудад хэлэгтүн.
10 Үзэгтүн, Эзэн БУРХАН сүр хүчээр ирж,
Мутраараа Өөрийнхөө төлөө захирна.
Үзэгтүн, шагнал нь Түүнтэй хамт,
Хариу нь Түүний өмнө байна.
11 Тэр хоньчны ёсоор сүргээ хариулж,
Мутартаа хургануудаа цуглуулан энгэртээ тэврээд,
Хөхүүлийг нь зөөлөн хөтөлнө.*

12 Далайг хэн алгандаа хэмжиж,
Тэнгэрийг төөлж тооцоолсон бэ?
Газрын тоосыг хэн хэмжүүрт багтааж,
Уулсыг жинлүүрээр, толгодыг хос дэнсээр жинлэсэн бэ?
13 ЭЗЭНий Сүнсийг хэн удирдаж
Эсвэл зөвлөх нь болж Түүнийг сургасан юм бэ?*
14 Тэр хэнтэй зөвлөлдөв?
Түүнд хэн ухаарлыг өгөв?
Хэн шударга ёсны замыг Түүнд заав?
Хэн мэдлэгийг сургаж, ухаарлын замыг мэдүүлэв?
15 Харагтун, үндэстнүүд хувин доторх дусал мэт,
Дэнсэн дээрх ширхэг тоос мэт тооцогддог.
Үзэгтүн, арлуудыг Тэрээр нарийн тоос мэт өргөнө.
16 Түлээнд Ливан ч хангалтгүй,
Тахилд араатан амьтад нь ч хангалтгүй.
17 Түүний өмнө бүх үндэстэн юу ч биш,
Тэд цөмөөрөө дэмий, хоосонд тооцогдоно.

18 Тэгвэл та нар Бурханыг хэнтэй адилтгах юм бэ?
Түүнийг ямар дүртэй зүйрлэх вэ?*
19 Шүтээний хувьд, дархан хүн цутгаж,
Алтны дархан алтаар бүрж,
Мөнгөний дархан мөнгөн оосрыг нь хийдэг.
20 Өргөх чадалгүй хэтэрхий ядуу нь
Өмхөрдөггүй модыг сонгоод,
Хөдөлдөггүй шүтээнийг өөртөө хийлгэхээр
Уран дархныг хайдаг.

21 Та нар мэдэхгүй гэж үү?
Та нар сонсоогүй гэж үү?
Эхнээсээ та нарт үүнийг мэдүүлээгүй гэж үү?
Дэлхийн сууриас та нар ойлгоогүй юм уу?
22 Царцаанууд шиг оршин суугчтай
Дэлхийн тойрог дээр Тэр л залардаг,
Тэнгэрийг хөшиг мэт татаж,
Майхан мэт дэлгэн оршдог нь Тэр юм.
23 Захирагчдыг Тэрээр юу ч биш болгон
Газрын шүүгчдийг хэн ч биш болгодог.

24 Тэд дөнгөж таригдаад, дөнгөж үрслээд,
Газарт дөнгөж үндэслэмэгц
Тэр тэдэн рүү үлээдэг бөгөөд
Тэд хатаж, сүрэл мэт хуй салхинд хийсдэг.

25 “Тэгвэл та нар Намайг
Хэнтэй адилтгаж, хэнтэй харьцуулах вэ?” гэж
Ариун Нэгэн айлдаж байна.
26 Хараагаа өндөрт өргөн
Тэдгээрийг хэн бүтээснийг харагтун.
Түг түмдийг тоо ёсоор нь гаргаж,
Тэрээр бүгдийг нь нэрээр дууддаг юм.
Агуу их хүч, сүр жавхлангийнх нь улмаас
Тэдгээрээс нэг нь ч алдагдахгүй.

27 “Зам минь ЭЗЭНээс далдлагдаж,
Үйлсийг минь миний Бурхан эс хайхарчээ” гэж
Чи юунд хэлнэ вэ, Иаков аа?
Чи юунд ярина вэ, Израил аа?
28 Чи мэдэхгүй гэж үү?
Чи сонсоогүй юм уу?
Мөнхийн Бурхан, ЭЗЭН,
Дэлхийн хязгаарыг Бүтээгч нь
Эцэшгүй, цуцашгүй, энгүй ухаан нь хязгааргүй.
29 Эцэж ядарсанд нь Тэрээр тэнхээ өгч,
Чадал барагдсанд нь хүч нэмдэг.
30 Ид залуу хүн ч эцэж туйлддаг
Идэр залуус ч унаж бүдэрдэг.
31 ЭЗЭНд найдагчид харин хүчээ сэлбэж,
Бүргэд мэт жигүүр дээрээ элин халина.
Гүйхдээ үл ядарна.
Алхахдаа эс цуцна.


  • 40:3 Мт 3:3; Мк 1:3; Иох 1:23
  • 40:3–5 Лк 3:4–6
  • 40:6–8 Иак 1:10–11; 1Пт 1:24–25
  • 40:11 Езк 34:15; Иох 10:11
  • 40:13 Ром 11:34; 1Ко 2:16
  • 40:18–19 Үйл 17:29