16 1 Селагаас цөлийн замаар Сион охины уул руу
Нутгийн захирагч руу хурга илгээгтүн!
2 Үүрнээсээ бутран зугтах шувууд шиг л
Моабын охид Арноны гарам дээр байх болно.

3 “Зөвлөгөө өгч, шийдвэр гаргаач!
Жин үдээр шөнө мэт сүүдэрлээч.
Дүрвэсэн хүмүүсийг нууж,
Оргодлуудыг бүү барьж өгөөч!
4 Моабын цөлөгдөгсдийг өөр дээрээ байлгаач!
Тэдэнд сүйтгэгчээс нуугдах газар нь болооч!”
Дарангуйлагчид эцэслэж, сүйрэл зогсож,
Түрэмгийлэгчид газраас алга болно.
5 Энэрэл хайраар нэгэн сэнтий босгогдож,
Давидын майханд шударгаар шүүгч сууна.
Тэр шударга үнэнийг хайж,
Зөв явдалд эс алгуурлана.

6 Бид Моабын бардам, хэт бардам,
Ихэмсэг догшин зангийн тухай сонссон билээ.
Хоосон сайрхал нь дэмий боллоо.
7 Тиймээс Моаб өөрийнхөө төлөө орилов.
Хүн бүр нь орилов.
Кир-Харасетын үзмийн боовны төлөө
Бүрмөсөн цочирдон гашуудав.

8 Учир нь Хешбоны талбай, Сибмагийн усан үзэм хатав.
Иазер хүрч, цөл хүртэл тархсан нахиа нь сунаж,
Далайг давж ургасан усан үзмийн шилмэл мөчрийг
Үндэстнүүдийн эзэд дэвсэлжээ.
9 Тиймээс би Иазерын уйлахтай адилаар,
Сибмагийн усан үзмийн төлөө гашуудан уйлна.
Өө, Хешбон, Өө, Елеале!
Зуны жимсний чинь дээр,
Хөсөр унасан ургацын чинь дээр хадах уухайн төлөө
Би нулимсаараа та нарыг услах болно.
10 Уухайг нь зогсоосон учир
Үржил шимт газраас баяр хөөр, наргиан нь арилжээ.
Усан үзмийн тариалангийн дотор ч
Баяр хөөртэй дуу чимээ, хашхирах шуугиангүй болж,
Дарсны шахуургад усан үзэм гишгэхээ болив.
11 Тиймээс дотроосоо би Моабын төлөө,
Сэтгэлийнхээ гүнээс Кир-Хересийн төлөө
Босоо ятга мэт хангинана.

12 Мөргөлийн өндөрлөгтөө Моаб гарлаа ч
Шүтээний газраа залбирахаар очлоо ч
Өөрийгөө зүдрээхээс өөр нэмэргүй.

13 Моабын талаар ЭЗЭН энэ үгийг урьд өмнө айлдсан юм. 14 Гэвч одоо ЭЗЭН
—Хөлсний ажилчны жилүүд адил гурван жилийн дотор Моабын сүр жавхлантай цуг олон ардууд нь бүгд доройтно. Үлдэгсэд нь өчүүхэн агаад сул дорой болно хэмээн айлдаж байна.