Египеттэй сүлбэлдээд нэмэргүй
31 1 Израилын Ариун Нэгэн рүү хардаггүй,
ЭЗЭНийг хайдаггүй атлаа
Морьдод нь найдан Египетээс тус эрж явдаг,
Тэрэгнийх нь олон, морьтнуудынх нь маш олонд
Итгэж найддаг хүмүүс хөөрхий еэ!
2 Гэвч Тэрээр мэргэн тул
Аюул гамшгийг авчирч чадна.
Үгээ Тэрээр буцаахгүй тул
Олиггүйг үйлдэгчдийн гэрийн эсрэг байна.
Ёс бусыг үйлдэгчдэд туслагчдын эсрэг байна.
3 Египетчүүд нь Бурхан биш, хүмүүс билээ.
Морьд нь сүнс биш, махбод билээ.
Тиймээс ЭЗЭН мутраа сунгахад,
Тусалдаг нь бүдэрч, туслуулдаг нь унаж,
Тэд хамтдаа дуусна.
4 Учир нь ЭЗЭН надад
“Олон хоньчид нийлэн хашхирч, гууглавч
Дуу чимээг нь үл хайхран, айлгүйгээр
Олзон дээрээ архирагч арслан, залуу арслан шиг
Түг түмдийн ЭЗЭН дайн хийхээр
Сион уул болон толгодынх нь дээр бууж ирнэ.
5 Элин халих шувууд мэт түг түмдийн ЭЗЭН
Йерусалимыг хамгаална.
Тэр хамгаална, чөлөөлнө.
Алгасуулна, аварна” гэж айлдав.
6 Израилын хөвгүүд ээ,
Та нар урван тэрсэлсэн ч
Түүн рүүгээ одоо буцагтун!
7 Өөрийнхөө гараар өөрсдөдөө зориулан,
Гэм нүгэл болгон үйлдсэн
Мөнгөн шүтээнүүд, алтан шүтээнүүдээ
Тэр өдөр хүн бүр хаяна.
8 “Хүмүүний бус сэлмээр ассиричууд унаж,
Хүмүүний бус илд тэднийг залгина.
Тэд илднээс зугтах бөгөөд
Залуус нь албадлагын ажиллагсад болно.
9 Түгшүүрээс болж хад нь алга болж,
Туг хараад ноёд нь айдаст автана” гэж ЭЗЭН тунхаглав.
Түүний гал нь Сионд, зуух нь Йерусалимд бий.