Бурханы тусламж Израилд
41 1 “Эргийн орнууд аа.
Миний өмнө чимээгүй бай.
Ард түмнүүд хүчээ шинэчлээд, ирж ярилц.
Алив шүүхэд цөмөөрөө хамт орцгооё.
2 Хэн дорно зүгээс зөвт нэгнийгa өсгөн
Хөл дээр нь босгохоор дуудсан бэ?
Тэрээр түүнд үндэстнүүдийг тушаан өгч,
Түүгээр хаадыг захируулсан.
Тиймд өнөөх нь илдээрээ тэднийг тоос мэт,
Нумаараа салхинд хийссэн хагд өвс мэт болгосон.
3 Тэр тэднийг мөшгөхдөө,
Хөл тавиагүй замаар амар тайван өнгөрдөг.
4 Эхнээс нь үеийнхнийг дуудан
Хэн үүнийг хийж гүйцэтгэсэн бэ?
ЭЗЭН Би бол эхэн ба эцэс.
Би бол Тэр юм.”
5 Эргийн орнууд үзээд айж,
Дэлхийн хязгаарууд цочирдсоор ирлээ.
6 Хүн бүр хөршдөө туслан
Ах дүүдээ “Зоригтой бай” гэж хэлнэ.
7 Ийнхүү дархан нь алт хайлуулагчийг зоригжуулж,
Лантуугаар тэнийлгэгч нь дөшчингөө зоригжуулна.
Гагнаасны талаар “Сайн байна” гээд
Ганхуулахгүйн тулд түүнийг хадаасаар бөхөлдөг.
8 “Харин миний зарц Израил аа!
Миний сонгосон Иаков аа!
Миний найз Абрахамын үр удам аа!*
9 Би чамайг дэлхийн хязгаараас авч,
Өнцөг булан бүрээс дуудаж, чамд хэлэхдээ
«Чи Миний зарц.
Би чамайг сонгосон бөгөөд
Чамайг голоогүй.
10 Битгий ай, Би чамтай хамт!
Битгий эмээ, Би чиний Бурхан!
Чамайг Би тэнхрүүлнэ
Чамд үнэхээр тусална
Зөвтийн баруун мутраараа
Заавал чамайг дэмнэнэ» гэсэн.
11 Үзэгтүн, чамд хилэгнэсэн бүхэн ичиж, гутамшиг болно.
Чамтай маргалдагчид юу ч биш болж, сөнөнө.
12 Чамтай тэмцэгсдийг чи эрэвч эс олно.
Чамтай дайтагчид юу ч биш болж үл тогтоно.
13 Учир нь баруун гараас чинь атгах
Би чиний Бурхан ЭЗЭН билээ.
Би чамд «Бүү ай. Би чамд тусална» гэж хэлье.
14 Бүү айгтун, өт Иаков, Израилын эрчүүд ээ!
Би чамд тусална
Чиний Золигч, Израилын Ариун Нэгэн,
ЭЗЭН тунхаглаж байна.
15 Үзэгтүн, Би чамайг шүдтэй,
Шинэ, хурц бутлагч зэвсэг болгоно.
Чи уулсыг бутлан нунтаглаж,
Толгодыг сүрэл мэт болгоно.
16 Чи тэднийг цацахад салхи хийсгэнэ
Хуй салхи тэднийг тараан хаяна.
Харин чи ЭЗЭНд баярлаж,
Израилын Ариун Нэгэнээр бахархана.
17 Ядуус ба үгээгүйчүүд ус эрэх боловч байхгүй.
Цангаснаас болж хэл нь хатаж байна.
ЭЗЭН Би Өөрөө тэдэнд хариулна.
Израилын Бурхан Би тэднийг мартахгүй.
18 Би өндөрлөгүүд дээр гол урсгаж,
Хөндийн дунд булаг ундраана.
Би зэлүүд газрыг усан цөөрөм,
Хатсан газрыг усны ундарга болгоно.
19 Би зэлүүд газарт хуш, хуайс,
Гавирт мод, чидун моддыг тавьж,
Цөлд майлс, жодоо, нягт шар модыг суулгана.
20 Үүнийг ЭЗЭНий мутар хийж,
Израилын Ариун Нэгэн бүтээсэн гэдгийг
Тэд харна, мэднэ, тунгаана, ухаарна.
Шүтээний нэмэргүй нь
21 “Хэргээ танилцуул” гэж ЭЗЭН айлдаж,
“Нотолгоогоо авчрагтун” гэж
Иаковын Хаан айлдаж байна.
22 Шүтээнүүдийгb нааш аваад ир
Юу болохыг бидэнд хэлж өгөг.
Юу хэлсэн нь биелснийг бидэнд таниулаг.
Тэгвэл түүнийг нь тунгаан үзэж,
Үр дүнг нь мэдье.
Юу айсуйг бидэнд сонордуулаг.
23 Дараагаар болох юмсыг мэдүүлэгтүн.
Тэгвэл бид та нарыг бурхад гэж мэдэх болно.
Сайн эсвэл мууг үйлдчих.
Тэгвэл бид эмээн гайхаж, хамтдаа айя.
24 Харагтун, та нар юу ч биш,
Үйл хэрэг чинь хоосон.
Та нарыг сонгогч нь гутамшигтай.
25 Би умард зүгээс босгоход,
Тэр нэгэнc ирнэ.
Наран ургах зүгээс тэр нэрээр минь дуудна.
Ваарчин шаврыг гишгэдэг шиг
Захирагчдыг тэрээр шавхай мэт доороо дэвсэлнэ.
26 Бидэнд мэдүүлэхээр
Хэн эхнээсээ тунхагласан бэ?
“Зөв” гэж бид хэлэхээр
Хэн эрт үеэс зарлав?
Хэн ч тунхаглаагүй, хэн ч зарлаагүй,
Үгийг чинь хэн ч сонсоогүй.
27 Анхнаасаа Сионд
“Үзэгтүн эднийг үзэгтүн” гэсэн бөгөөд
Сайхан мэдээ хүргэгчийг Би Йерусалимд өгнө.
28 Гэвч Намайг харахад хэн ч байсангүй.
Намайг асуухад хариу өгч чадах
Зөвлөгч тэдний дунд байгаагүй.
29 Үзэгтүн, шүтээнүүд бүгд төөрөгдөл,
Үйлс нь утгагүй, хөргүүд нь дэмий.
- a41:2 дорно зүгийн зөвт нэгэн: Персийн Кореш хааныг хэлж байна. (45:1 үз.)
- 41:8 2Шс 20:7; Иак 2:23
- b41:22 евр. тэдгээрийг
- c41:25 41:2 үз.