46 1 Бел бөхийн, Небо сунаж унана.
Шүтээнүүд нь амьтан, мал адгуус дээр ачигджээ.
Тээш тань ядарсан адгууснуудад
Үүрэх хүнд ачаа болжээ.
2 Тэд сунацгааж, хамтдаа бөхийгөөд
Ачаагаа ч аварч чадсангүй,
Харин өөрсдөө ч олзлогдов.
3 Иаковын гэр ээ,
Израилын гэрийн үлдэгсэд ээ,
Бүгд Намайг сонсогтун.
Та нарыг эхийн хэвлийд байхаас Би тээсэн.
Төрөхөөсөө та нар Надаар өргүүлсэн.
4 Та нарыг өндөр настай болсон ч
Би байсаар байна.
Үс буурал болсон ч
Би үүрч явах болно.
Би бий болгосон, Би тээнэ.
Би үүрнэ, аварна.
5 Намайг та нар хэнтэй адилтгаж,
Надтай хэнийг зэрэгцүүлэн зүйрлэж
Харьцуулж адилтгах гэсэн юм бэ?
6 Зарим нь түрийвчээсээ алтаа хайрлалгүй өгч,
Мөнгийг жинлүүрээр жинлэн,
Алтны дархныг хөлсөлдөг.
Дархан түүгээр нь бурхан хийдэг.
Тэгээд тэд түүндээ сунаж унан мөргөдөг.
7 Өөрсдөө мөрөн дээрээ тэгнэн зөөж, байранд нь залдаг.
Өнөөх нь байрнаасаа хөдлөхгүй зогсдог.
Түүн рүү нэг нь хашхирлаа гэхэд
Тэр хариулахгүй,
Дарамт зовлонгоос нь чөлөөлж чадахгүй.
8 Үүнийг санагтун, эрэлхэг байгтун.
Гэмтнүүд ээ, үүнийг зүрхэндээ оруулагтун.
9 Өнө урьдын, эртний зүйлсийг санагтун.
Учир нь Би Бурхан, өөр байхгүй.
Надтай ижил бурхан гэж байхгүй.
10 “Зорилго минь хэрэгжинэ.
Би тааламжит бүхнээ гүйцэтгэнэ” гэсэн.
Би эхлэлээс авхуулан төгсгөлийг,
Хийгдээгүй байгааг ч өнө эртнээс мэдүүлсэн.
11 Би дорно зүгээс махчин шувууг,
Алс холын орноос зорилгыг минь хийх хүнийг дуудсан.
Би айлдсан бөгөөд
Үүнийгээ Би гүйцэтгэнэ.
Төлөвлөсөн бөгөөд заавал хийнэ.a
12 Зөвт байдлаас алс байгч,
Гөжүүд зүрхтнүүд Намайг сонсогтун.
13 Би зөвт байдлаа ойртуулна.
Энэ нь хол биш байна.
Аврал минь удахгүй.
Би Сионд авралыг соёрхож,
Израилд алдраа өгнө.
- a46:11 41:2 үз.