Бурханы ирээдүйн өргөө

2 1 Иуда, Йерусалимын талаар үзсэн Амозын хүү Исаиагийн үг.

2 Эцсийн өдрүүдэд
ЭЗЭНий өргөөний уул нь
Уулсын тэргүүн болж,
Толгодын дээгүүр өргөгдөнө.
Бүх үндэстэн түүн рүү цутгана.*
3 Олон ард түмэн ирээд
“Ирцгээ, ЭЗЭНий уул,
Иаковын Бурханы өргөө рүү явцгаая.
Тэрээр бидэнд замаа зааж,
Бид жимээр нь алхах юм” гэцгээнэ.
Учир нь хууль Сионоос гарч,
ЭЗЭНий үг Йерусалимаас гарна.
4 Үндэстнүүдийн хоорондохыг Тэр шүүж,
Олон ард түмэнд шийдвэр гаргах болно.
Тэд илдээ анжисны хошуу,
Жадаа хадуур болгон давтана.
Үндэстэн үндэстнийхээ эсрэг илд далайхгүй,
Дахин хэзээ ч дайтахад суралцахгүй.*

Ихэрхэлд ногдох шүүлт

5 Иаковын гэр ээ, ирцгээ.
ЭЗЭНий гэрэлд цөмөөрөө алхацгаая.
6 Өө Иаковын гэр ээ,
Чи зам мөрөө алджээ.
Үнэхээр тэд филистчүүд шиг
Дорнын мэргэчид, төлгөчдөөр дүүрч,
Гаднынхантай гар барилцаж байна.
7 Тэдний нутаг мөн алт мөнгөөр бялхаж,
Эрдэнэсийн санд нь эцэс төгсгөл гэж алга.
Нутаг нь морьдоор дүүрч,
Тэрэгнүүдэд нь эцэс төгсгөл гэж алга.
8 Тэдний нутаг мөн шүтээнүүдээр дүүрэн,
Тэд гарынхаа бүтээлд,
Хуруугаараа хийсэн юмандаа мөргөцгөөдөг.
9 Тиймээс хүн номхотгогдож,
Тийнхүү хүмүүс басамжлагддаг.
Тэднийг бүү уучил.
10 ЭЗЭНий аймшиг, жавхлант сүр хүчнээс нь зугтаж,
Хавцалд шургаж, шороонд нуугдаг.*
11 Харин тэр өдөр хүний бардам харц басамжлагдаж,
Хүний ихэмсэг зан номхотгогдож,
ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.

12 Бардам ба ихэмсэг, өргөгдсөн хүн бүрийг
Басамжлах өдөр түг түмдийн ЭЗЭНд бий.
13 Энэ нь Ливаны ихэмсэг өргөгдсөн бүх хуш,
Башаны бүх царс,
14 Бүх ихэмсэг уул,
Байдгаараа өргөмжлөгдсөн хамаг толгод,
15 Аливаа өндөр цамхаг,
Аливаа бэхлэгдсэн хэрэм,
16 Таршишийн бүх усан онгоц,
Бүх үзэсгэлэнт гар урлалын эсрэг байх юм.
17 Тэр өдөр хүний бардамнал номхотгогдож,
Хүмүүсийн ихэмсэг зан нь басамжлагдаж,
ЭЗЭН ганцаараа өргөмжлөгдөнө.
18 Шүтээнүүд оргүй алга болно.
19 ЭЗЭН газрыг донсолгохоор босоход
Түүний жавхлант сүр хүч, аймшгийн өмнө
Хүмүүс хадны агуй, газрын ангал руу орно.

20 Тэр өдөр хүмүүс мөргөх гэж өөрсдөдөө бүтээсэн
Мөнгөн шүтээнүүд ба алтан шүтээнүүдээ
Сохор номин, сарьсан багваахайнууд руу шидэлцгээнэ.
21 ЭЗЭН газрыг донсолгохоор босоход
Түүний жавхлант сүр хүч, аймшгийн өмнө
Хүмүүс хадны агуй,
Хавцлын ан цав руу орох болно.
22 Хамартаа амьсгал нь байдаг
Хүмүүнд хандахаа боль.
Хүмүүнийг бишрээд яах юм бэ?


  • 2:2–5 Мик 4:1–5
  • 2:4 Иое 3:10
  • 2:10 Илч 6:15; 2Тс 1:9