Хезекиа Исаиатай зөвлөлдөв

37 1 Хезекиа хаан үүнийг сонсмогц, хувцсаа урж, таар нөмрөн ЭЗЭНий өргөөнд оров. 2 Тэрээр ордны даамал Елиаким, гүүш Шебнаг тахилч нарын ахмадуудын хамт, таар нөмөргөн Амозын хүү эш үзүүлэгч Исаиад илгээв. 3 Тэд Исаиад
—Хезекиа ингэж хэлэв. “Энэ өдөр зовлон шаналан, зэмлэл, гутамшгийн өдөр юм. Учир нь төрж буй хүүхэд умайн амсарт ирсэн боловч төрүүлэх чадал алга. 4 Амьд Бурханыг доромжлохоор, өөрийн эзэн Ассирийн хаанаас илгээгдсэн Рабшакегийн үгийг таны Бурхан ЭЗЭН сонссон биз. Таны Бурхан ЭЗЭН сонссон үгийнхээ төлөө түүнийг зэмлэнэ биз ээ. Тиймээс үлдсэн хүмүүсийн төлөө залбирлаа өргөөч” гэжээ. 5 Ингээд Хезекиа хааны зарц нар Исаиа дээр ирэв. 6 Исаиа тэдэнд
—Та нар эзэндээ ингэж хэлэгтүн. “ЭЗЭН айлдлаа. «Намайг доромжилсон Ассирийн хааны боолуудын үгс буюу чамд сонсогдсон тэр үгсээс бүү айгтун! 7 Үзэгтүн, Би түүний дотор нэг сүнс тавихад, тэр нэг мэдээ сонсоод, нутагтаа буцна. Би түүнийг нутагт нь илдээр унагана»” гэв.
8 Тэгтэл Рабшаке буцаж яваад, Лахишийг Ассирийн хаан орхисныг сонсов. Тэгээд түүнийг Либнагийн эсрэг дайтаж байгааг нь мэджээ. 9 Гэтэл Кушийн хаан Тирхакагийн талаар “Тэр чиний эсрэг дайтахаар хөдөлсөн” гэх үгийг Ассирийн хаан сонслоо. Гэвч тэрээр Хезекиад элч нарыг илгээж
10 Та нар Иудагийн хаан Хезекиад ингэж хэл. “Чиний итгэдэг Бурхан «Йерусалим Ассирийн хааны гарт орохгүй» гэж чамайг бүү мэхлэг! 11 Үзэгтүн, Ассирийн хаад бүх газрыг бүрэн устгаж, юу хийснийг чи сонссон билээ. Тэгэхээр чи аврагдана гэж үү? 12 Гозан, Харан, Резеф болон Телассарт байсан Едений хөвгүүдийг миний эцэг өвгөд устгах үед тэдгээр үндэстнүүдийн бурхад тэднийг аварсан уу? 13 Хаматын хаан, Арпадын хаан, Сефарваимын хотын хаан болон Хена, Иввагийн хаад хаана байна?” гэв.

Хезекиагийн залбирал

14 Ингээд Хезекиа элч нарын гараас захидлыг авч уншаад, ЭЗЭНий өргөө рүү явж, уг захидлыг ЭЗЭНий өмнө дэлгэв. 15 ЭЗЭНд Хезекиа залбиран 16 “Херүбүүдийн дээр залрагч Израилын Бурхан, түг түмдийн ЭЗЭН, Та дэлхий дээрх бүх хаанчлалын ганц Бурхан мөн. Та тэнгэр, газрыг бүтээсэн.* 17 ЭЗЭН, чих тавин сонсооч. ЭЗЭН, мэлмийгээ нээн хараач. Амьд Бурханыг доромжлохоор Сеннахерибын илгээсэн бүх үгийг сонсооч. 18 ЭЗЭН, Ассирийн хаад үнэхээр бүх үндэстнүүдийг болон газар нутгийг нь сүйтгээд, 19 бурхдыг нь галд хаясан. Учир нь тэдгээр нь бурхад бус, харин хүний гарын бүтээл, мод чулуу байв. Тиймээс тэд устсан билээ. 20 Бидний Бурхан ЭЗЭН минь ээ, биднийг түүний гараас авраач гэж би гуйж байна. Тэгвэл газар дэлхийн бүх хаанчлалууд Таныг ганцаараа ЭЗЭН гэдгийг мэдэх болно” гэв.
21 Тэгтэл Амозын хүү Исаиа Хезекиад үг илгээн
—Израилын Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Ассирийн хаан Сеннахерибын талаар чи Надад залбирсан учраас 22 түүний эсрэг ЭЗЭН үгээ ийнхүү айлдав.

Онгон охин Сион нь чамайг басамжлан элэглэнэ.
Йерусалим охин араас чинь толгойгоо сэгсэрнэ.

23 Хэнийг чи басамжлан доромжлов?
Хэний эсрэг чи дуугаа өндөрсгөн
Ихэмсгээр нүдээ өргөв?
Израилын Ариун Нэгэний эсрэг!
24 Чи зарц нараараа дамжуулан
Эзэнийг доромжилж,
«Би тэрэгнийхээ олноор уулсын өндөрлөгүүдэд,
Ливаны хамгийн алслагдсан хэсгүүдэд хүрлээ.
Би тэндхийн өндөр хуш,
Шилмэл майлс моддыг тас цавчлаа.
Би хамгийн өндөр оргил,
Хамгийн өтгөн ойд нь хүрч очлоо.
25 Би ухаж малтаад, ус ууж,
Улаараа Египетийн бүх голыг хатаалаа» гэсэн.

26 Чи сонсоогүй юм уу?
Өнө эртнээс Би үүнийг төлөвлөж,
Эрт цагт үүнийг хийсэн юм.
Эдүгээ үүнийг биелэл болгож,
Бэхлэгдсэн хотуудыг чамаар
Нуранги балгас болголоо.
27 Иймээс тэдний оршин суугчид хүчин мөхөсдөж,
Айн түгшиж, ичгүүрт орсон билээ.
Тэд хээр талын өвс, ургамал ногоо шиг,
Дээвэр дээр ургаад нахиалалгүй хатдаг өвс мэт болов.

28 Харин Би чиний суух болон гарах орохыг
Миний өөдөөс шазруун байгааг чинь ч мэднэ.
29 Чи Миний эсрэг уурлаж,
Чиний маадгар зан чихэнд минь хүрсэн тул
Би хамарт чинь дөр юугаа зүүж,
Амыг чинь хазаарлаж,
Ирсэн замаар чинь чамайг буцаана.

30 Харин чамд ийм тэмдэг байна. Энэ жил чи юу ургасныг нь идэж, хоёр дахь жилд мөн түүнээс юу гарсныг нь идэж, харин гурав дахь жил нь тарьж хураана. Усан үзэм тариалж, түүнийхээ үр жимсийг иднэ. 31 Иудагийн гэрийн амьд үлдэгсэд дахин доогуураа үндэслэн дээгүүрээ үр жимс гаргах болно. 32 Учир нь Йерусалимаас үлдэгсэд, Сион уулаас аврагдагсад гарч ирнэ. Түг түмдийн ЭЗЭНий зүтгэл үүнийг гүйцэлдүүлнэ” гэлээ.
33 Түүнчлэн Ассирийн хааны тухайд ЭЗЭН ингэж айлдаж байна. «Тэр энэ хотод ирэхгүй, нум сумаар ч харвахгүй. Хотын өмнө тэрээр бамбайтай ирэхгүй, бүслэлт овоо ч босгохгүй. 34 Тэр ирсэн замаараа буцах бөгөөд энэ хотод орж ирэхгүй гэж ЭЗЭН Би айлдаж байна. 35 Учир нь Би Өөрийнхөө төлөө болон зарц Давидынхаа төлөө энэ хотыг авран хамгаалах болно» гэв.

Сеннахерибын ялагдал ба үхэл

36 Тэгтэл ЭЗЭНий тэнгэрэлч гарч ирээд, ассиричуудын хуаранд зуун наян таван мянган хүнийг цохив. Хүмүүс өглөө эрт босоод харахад, тэд бүгд үхдэл болсон байжээ. 37 Тэгээд Ассирийн хаан Сеннахериб хөдлөн буцаж, Ниневед амьдрав. 38 Түүнийг Нисрох бурхныхаа дуганд мөргөл үйлдэж байхад нь хүү Адраммелех, Шарезер нар нь түүнийг илдээр алаад, өөрсдөө Арарат нутаг руу зугтлаа. Түүний оронд хүү Есархаддон нь хаан болжээ.


  • 37:16 Гэт 25:22