Иудагийн ялалтын дуу

26 1 Тэр өдөр Иудагийн нутагт энэ дуу дуулагдана.
“Бидэнд хүчирхэг хот байна.
Тэрээр авралаар хэрэм, бэхлэлт босгожээ.
2 Үүд хаалгаа нээн итгэмжит байдлыг сахигч,
Зөвт үндэстнийг оруул!
3 Танд итгэдэг учраас бодол санаа нь бат хүнийг
Амар тайван дотор Та хамгаална.
4 ЭЗЭНд үүрд итгэгтүн!
Учир нь ЭЗЭН БУРХАН л
Мөнхийн хад юм.
5 Өндөрт залрагчдыг Тэрээр номхотгож,
Халдашгүй хотыг доройтуулан
Газарт унаган шороонд шиднэ.
6 Тэгээд зүдрэгсэд, ядуусын хөлд дэвслүүлнэ.”

7 Зөв шударгын зам нь чигч шулуун ажээ.
Аяа Зөвт Нэгэн Та зөвтийн замыг тэгшилдэг.
8 ЭЗЭН минь, Таны шударга замаар алхахдаа
Таныг хүсэн хүлээнэ.
Таны нэр, Таныг дурсан магтах нь
Сэтгэлийн маань хүсэл болой.
9 Шөнөөр сэтгэл минь Таныг хүсэмжилнэ
Сүнс минь Таныг шаргуу эрэлхийлнэ.
Дэлхий Таны шүүлтийг эдлэх үед
Ертөнцөд суугчид зөв явдалд суралцана.
10 Буруу муу хүн энэрэл хайрыг ававч
Зөв явдлыг сурдаггүй.
Зөв шударгын газарт бурууг тэрээр үйлдэн
ЭЗЭНий цог жавхланг эс олж харна.
11 ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч тэд үл үзнэ.
Гэвч хүмүүсийн төлөөх зүтгэлийг тань хараад
Тэд ичих болно.
Таны дайснуудыг гал залгина.*
12 ЭЗЭН, Та бидний төлөө бүх үйлсийг минь бүтээсэн учраас
Та бидэнд энхийг тогтооно.
13 Аяа ЭЗЭН Бурхан,
Танаас өөр эзэд биднийг захирсан боловч
Зөвхөн Таны нэрийг бид дурдах болно.
14 Үхдэл нь амьдрахгүй, сүүдрүүд босохгүй.
Тиймээс Та тэднийг шийтгэн устгаж,
Тэдний аливаа дурсамжийг арилгасан.
15 ЭЗЭН минь, Та энэ үндэстнийг олшруулж,
Энэ үндэстнийг өсгөж, Та алдаршлаа.
Энэ нутгийн бүх хязгаарыг Та тэллээ.

16 ЭЗЭН минь, тэд шаналахдаа
Таныг эрсэн.
Таны гэсгээлт дээр нь байхад
Шивнэсэн залбирал л гарна.
17 Жирэмсэн эмэгтэй төрөхдөө зовон,
Өвдөх шаналлаасаа болж орилдог шиг
ЭЗЭН минь бид чинь Таны өмнө ийм л байсан.
18 Бид жирэмслэн өвдсөн боловч
Салхи төрүүлж байгаа мэт болжээ.
Бид газар дээр авралыг гүйцэтгэж чадсангүй.a
Ертөнцөд суугчдыг ч төрүүлсэнгүй.
19 Таны үхэгсэд амилж, цогцос нь босно.
Шороонд хэвтэгчид ээ!
Бос, баярлан хашхирагтун.
Таны шүүдэр нь гэрлийн шүүдэр учраас
Газар нь үхэгсдийг гаргана.*

20 Ард түмэн минь, ирцгээ,
Өрөөндөө ороод хаалгаа хаагтун!
Уур хилэн өнгөртөл,
Түр зуур нуугдагтун!
21 Учир нь ЭЗЭН дэлхийн оршин суугчдыг
Хилэнцийнх нь төлөө шийтгэхээр
Өөрийнхөө газраас ирэх гэж байна.
Газар асгарсан цусыг илчилнэ.
Алагдсан хүмүүсийг дахин далдлахгүй.


  • 26:11 Евр 10:27
  • a26:18 ЭЗО: Бид ялалт байгуулсангүй.
  • 26:19 Дан 12:2