Сэргэлт хамгаалалтыг амлав
43 1 Харин Иаков аа, чамайг Бүтээгч ЭЗЭН,
Израил аа, чамайг бий болгогч ЭЗЭН
Одоо ингэж айлдаж байна.
“Бүү ай.
Би чамайг зольсон
Чамайг Би нэрээр чинь дуудсан.
Чи Минийх.
2 Чамайг ус гатлахад
Би чамтай хамт байна.
Голоор туулахдаа чи живэхгүй.
Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй,
Дөл нь ч чамайг шатаахгүй.
3 Учир нь Би чиний Бурхан ЭЗЭН,
Израилын Ариун Нэгэн, чиний Аврагч.
Би Египетийг чиний төлөөсөнд,
Куш ба Себаг чиний оронд өгсөн.
4 Чи Миний нүдэнд үнэтэй, хүндтэй,
Би чамд хайртай.
Тиймээс Би чиний оронд хүмүүсийг,
Амийн чинь оронд үндэстнүүдийг өгнө.
5 Бүү ай.
Би чамтай хамт байна
Үр удмыг чинь дорно зүгээс авчирна.
Чамайг өрнө зүгээс цуглуулна.
6 Би умардад «Тэднийг гаргаж өг» гээд,
Өмнө зүгт «Бүү саатуул» гэнэ.
«Хөвгүүдийг минь алс холоос,
Охидыг минь газрын хязгаараас,
7 Миний нэрээр дуудагдсан хүн бүрийг авчир.
Алдрынхаа төлөө Би түүнийг бүтээсэн.
Би түүнийг бий болгож, хэлбэржүүлсэн» гэнэ.”
8 Нүдтэй боловч сохор,
Чихтэй боловч дүлий хүмүүсийг авчир.
9 Ард түмнүүд хуран чуулж
Бүх үндэстэн хамт цуглажээ.
Тэдний дундаас хэн үүнийг мэдүүлж,
Урьдын юмсыг бидэнд сонсгох вэ?
Зөв гэдгээ батлах гэрч нараа авчраг.
Тэд сонсоод “Энэ үнэн байна” гэж хэлэг.
10 “Та нар миний гэрч нар” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
“Намайг танин мэдэж, Надад итгэн,
Намайг Тэр мөн гэж ойлгог гэсэндээ
Би та нарыг сонгосон бөгөөд
Та нар Миний зарц нар юм.
Надаас өмнө Бурхан байгаагүй,
Миний дараа ч гэж байхгүй.
11 Би, зөвхөн Би ЭЗЭН,
Надаас өөр Аврагч үгүй.
12 Та нарын дунд харь юм үгүй байхад
Би мэдүүлж, Би аварч, Би тунхагласан юм.
Иймээс та нар гэрчүүд минь мөн гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
“Би Бурхан.
13 Өнө эртнээс Би бол Тэр Нэгэн юм.
Мутраас минь аварч чадах хэн ч байхгүй.
Би үйлдвэл хэн буцааж чадах вэ?”
14 Израилын Ариун Нэгэн,
Та нарыг Золигч, ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Та нарын тусын тулд Би Вавилон руу илгээн
Тэднийг бүгдийг нь оргодлууд болгоно.
Онгоцон дотроо баясаж байсан халдеичууд ч зугтана.
15 Би ЭЗЭН,
Та нарын Ариун Нэгэн,
Израилын Бүтээгч, танай Хаан.”
16 Тэнгис дундуур зам,
Хүчит усан дундуур харгуй гаргагч
ЭЗЭН ийнхүү айлдаж байна.
17 Тэрээр тэрэг ба морьд,
Их цэрэг ба хүчийг гаргаж ирдэг.
(Тэд хамтдаа хэвтээд, дахин босохгүй.
Тэд бөхсөн зул мэт унтарч замхарна.)
18 Урьдын юмыг бүү дурсагтун.
Эртний юмыг бүү бодогтун.
19 Үзэгтүн, Би шинэ зүйл хийх бөгөөд
Тэр нь одоо соёолж гарна.
Та нар үүнийг мэдэхгүй гэж үү?
Би зэлүүд газар зам тавьж, цөлд гол урсгана.
20 Сонгосон ард түмнээ ундаалахын тулд
Зэлүүд нутагт Би усыг соёрхож,
Цөлөөр гол урсгах учраас
Хээрийн араатнууд, цөөвөр чоно,
Тэмээн хяруулууд ч Намайг алдаршуулна.
21 Өөртөө бий болгосон ард түмэн минь
Миний алдар магтаалыг тунхаглана.
22 Харин Иаков аа, чи Намайг дуудсангүй.
Израил аа, чи Надаас залхжээ.
23 Чи шатаалт тахилынхаа бог малыг Надад авчраагүй,
Тахилуудаараа Намайг хүндэтгээгүй.
Би чамайг идээн өргөлөөр дарамтлаагүй,
Утлагаар зүдрээгээгүй.
24 Чи Надад амтат чихрийн нишингэ мөнгөөр худалдан аваагүй,
Тахилынхаа өөхөөр ч Намайг цатгаагүй,
Харин чи нүглээрээ Намайг дарамталж,
Хилэнцээрээ Намайг туйлдуулсан.
25 Би, зөвхөн Би л Өөрийнхөө төлөө
Гэмт үйлдлийг чинь арилган
Нүглийг чинь дурсахгүй.
26 Надад сануулагтун.
Хэргээ хамтран шүүцгээе.
Өчгөө хэлээд зөвөө батал.
27 Анхны эцэг чинь нүгэл үйлдэж,a Зуучлагч нар чинь Миний эсрэг тэрсэлсэн.
28 Тиймээс Би ариун газрын тэргүүлэгчдийг бузарлаж,
Иаковыг зүхэлд,
Израилыг доромжлолд өгсөн.”
- a43:27 Анхны эцэг: Иаков эсвэл Абрахам эсвэл бүр Адамд хамаарч болох юм.