Сион баясаг
52 1 Сэрэгтүн, сэрэгтүн. Сион оо,
Хүч чадлаар хувцаслагтун.
Ариун хот Йерусалим аа,
Үзэсгэлэнт хувцсаа өмс.
Хозлуулаагүй, бузар нь ахиж чам руу ирэхгүй.*
2 Шороогоо гөвөөд бос, Йерусалим аа.
Хүзүүн дэх гинжээ мултал,
Олзлогдсон охин Сион минь!
3 ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үнэгүйгээр та нар худалдагдсан, тэгвэл мөнгөгүйгээр золигдоно.” 4 Эзэн БУРХАН ингэж айлдаж байна. “Эхэнд нь ард түмэн минь Египет рүү цагаачлахаар одсон. Эцэст нь ассиричууд тэднийг учир шалтгаангүйгээр дарласан. 5 Ард түмнийг минь тэд шалтгаангүйгээр аваад явжээ. Одоо Би энд юу хийх вэ?” гэж ЭЗЭН айлдаж байна. “Тэднийг захирагчид улилдан, өдөр бүр нэрийг минь үргэлж доромжилж байна” хэмээн ЭЗЭН айлдаж байна.* 6 “Тиймээс ард түмэн минь Миний нэрийг мэдэх болно. Тиймээс тэр өдөр «Тэр бол Би» гэж айлдагч нь Намайг гэдгийг тэд мэдэх юм.”
7 Амар тайвныг сонордуулж,
Сайн сайхныг мэдээлж
Авралыг сонсгож, Сионд хандан
“Чиний Бурхан хаанчлах нь ээ” гэж хэлэх
Сайнмэдээ авчрагчийн хөл
Уулсын дээр юутай үзэсгэлэнтэй вэ?*
8 Харуулууд чинь дуугаа өргөн
Хамтдаа баяр хөөртэйгөөр уухайлна.
ЭЗЭНийг Сионд эргэж ирэхэд
Түүнийг тэд нүдээр үзнэ.
9 Йерусалимын балгасууд аа,
ЭЗЭН ард түмнээ тайвшруулж,
Йерусалимыг зольж авсан тул
Баярлалдан хамт дуулцгаа.
10 ЭЗЭН ариун мутраа
Хамаг үндэстний нүдэн дээр ил гаргана.
Газрын бүх хязгаар Бурханы маань авралыг үзнэ.
11 Яв, яв. Тэндээс гар!
Бузар юманд бүү хүр.
Тэндээс гараад, цэвэр бай
ЭЗЭНий сав суулгыг тээгчид ээ! *
12 Харин та нар яарч гарахгүй, дүрвэж зугтахгүй.
Учир нь ЭЗЭН өмнө чинь явна.
Израилын Бурхан ар талыг чинь хамгаална.
Зовж шаналагч Зарц
13 Үзэгтүн,
Зарц минь ухаалгаар үйлдэнэ.
Тэр өндөрт байна, өргөмжлөгдөж, хүндлэгдэнэ.
14 Төрх нь аливаа хүнийхээс,
Хэлбэр нь хүний үрсээс илүүгээр зэрэмдэглүүлсэн тул
Олон хүн Түүнээс болж хиртхийв.
15 Ийнхүү Тэрээр олон үндэстнийг цочооно
Түүнээс болж хаад амаа хамхина.
Учир нь, мэдээгүй тэд харах болно
Сонсоогүй тэд ухварлах болно.*
- 52:1 Илч 21:2,27
- 52:5 Ром 2:24
- 52:7 Нах 1:15; Ром 10:15; Еф 6:15
- 52:11 2Ко 6:17
- 52:15 Ром 15:21